С.Баяр, Ж.Батзандан нар шүүх дээр хэзээ уулзах вэ?

С.Баяр, Ж.Батзандан нар шүүх дээр хэзээ уулзах вэ?
МАН-ын лидерүүдийн нэг, Ерөнхий сайд асан  С.Баяр, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар өнгөрсөн оны хоёрдугаар сард  бие биедээ ил захидал илгээж байв. Нэг хэсэгтэй л чимээгүй амьдарсан  С.Баяр тэрхүү захидлаар олон нийтэд  “би байгаа шүү” гэдгээ дахин зарласан гэхэд болно. УИХ-ын гишүүн Ж.Батзандан  тухайн үед “С.Баярын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьд баталгаа гаргаж өгсөн, С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барьж, хорих хэрэгтэй” гэж Төрийн ордонд мэдэгдэл  хийсэн. Энэхүү мэдэгдэл нь ёстой л С.Баярын зүрхэнд хүрсэн дээ. Аливаа дайралтыг өнгөрөөж, чимээгүйхэн байдаг тэр гэнэт  л  үзгээ авч, үгээ бичиж, бухимдлаа захидалд буулган нийгэмд тараасан.
С.БАЯРЫН ЗАХИДАЛД
“Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд асан С.Баяр миний нэр төрийг гутаасан, намайг илт гүтгэсэн агуулга бүхий мэдэгдэл та удаа дараа хийжээ. Эдгээр мэдэгдэл бүхий дүрс бичлэгийг би үзлээ. Ж.Батзандан гишүүн та хэлсэн үгэндээ  С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй. С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ. Дээрх мэдэгдлээс үзвэл, Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа. Энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Хуульч хүнийх нь хувьд танд анхааруулах нэгэн зүйл байна. Хуульч хүний эрхэмлэх ёстой зүйл бол хуулиа дээдлэх ёс.
Монгол Улсын Үндсэн хуулийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг та мэдэх учиртай. Та намайг бусадтай хамтарч хулгай хийсэн хэмээн улайм цайм мэдэгджээ. Хулгай бол эрүүгийн гэмт хэрэг. Энэ болон өөр бусад гэмт хэргийг би ганцаараа ч бай, бусадтай хамтраад ч бай үйлдсэн нь үнэн бол би хуулийн хариуцлага хүлээх ёстой.
Шударга ёсны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга ёсны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя. Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…” гэсэн байдаг.
Харин УИХ-ын гишүүн  Ж.Батзанданы мэдэгдэлд
“…С.Баяр гуай “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Стандарт банкнаас зээл авах хэрэгт С.Баяр оролцсон гэж хэлсний төлөө шүүхэд өгсөн юм байна. Санжийн Баяр гэдэг хүн 2007 оны арванхоёр дугаар сарын 22-ноос 2009 оны аравдугаар сарын  29-нийг хүртэл Ерөнхий сайдаар ажилласан. “Жаст” группийн “Стандарт” банктай байгуулсан гэрээ 2009 оны долдугаар сард С.Баярын Ерөнхий сайд байхад хийгдсэн.  Тухайн үеийн Эрдэнэтийн захирал н.Ганзориг бол С.Баярын шууд томилгооны хүн. “Хан ресурс”-ын асуудлаас болж Монгол 70 сая ам.доллар төлөх өрөнд унасан. Д.Сугар, “Жаст”-ын Батхүү нар С.Баярын ойрын хүмүүс. Эрүүгийн хуульд хүртэл доод албан тушаалтныхаа үүргийг мэдэхгүй бол хэрхэх талаар зохицуулалт нь байгаа шүү дээ. “Эрдэнэт”-ийн 49, 51 хувьтай холбоотой асуудалд Эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгах ёстой. Тэгсэн энэ хэрэг надад хамаагүй, би оролцоогүй, би мэдэхгүй гэж байна. “Эрдэнэт” үйлдвэрт Монгол Улсын хууль зөрчигдөж байхад “Би мэдээгүй” гэж хэлдэг Ерөнхий сайд байж болдог юм уу.  “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийг Ерөнхий сайд, Засгийн газартай зөвшилцөж томилдог юм. Гэтэл Ерөнхий сайд байсан хүн “Би мэдээгүй” гээд энэ хэргээс бултах юм гэнэ. Тийм юм гэж байдаггүй юм аа.  Нас маань дөч дөнгөж гарч байна. Дөрвөн хүүхэд маань нялх байна. Тантай хамт эрлэг рүү явах сонирхол алга. Та  яарч байгаа бол явж болно.
С.Баяр гэдэг хүний насыг хүндлээд шинийн 8-ны дотор хэрүүл хийхийг оролдсонгүй. С.Баяр, Ж.Батзандан бид хоёр хоёулаа Монгол Улсын иргэн. Би УИХ-ын гишүүний хувьд үүргээ биелүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудлаар хуулийн байгууллагыг ажлаа хийхийг сануулсан. Ингэлээ гээд тэр хүн хуулийн байгууллагаар явбал явна биз. Би ч бас холбогдох газарт нь хандана” гэсэн байдаг.
Ийнхүү энэ хоёр маань бие биедээ захидал шидэлцэж, эрлэгийн үүдэнд биш шүүхийн үүдэн уулзахаар болзсоноос хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Ерөнхий сайд С.Баярын зүгээс энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Иргэний хэргийн шүүхэд өгсөн юм байна. Харин шүүхээс гомдлыг буцаасан мэдээлэл бий.  Одоо дахин гомдол гаргах нь эрх нь  Ерөнхий сайд асан С.Баярт бий гэнэ. С.Баяр, Ж.Батзандан нар шүүх дээр хэзээ уулзах бол доо.

Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0