Пуужингийн гэрээ цуцлагдсан нь буюу зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ эриний эхлэл

Пуужингийн гэрээ цуцлагдсан нь буюу зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ эриний эхлэл
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Дунд ба ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс албан ёсоор гарч байгаагаа АНУ мэдэгдсэнээр тухайн өдрөөс эхлэн хуулийн хэллэгээр бол “гэрээний үйлчлэл” зогслоо.
Энэ оны 2 дугаар сард АНУ-ын эрх баригчид 6 сарын дараа гэрээнээс гарна гэдгээ Оросын талд мэдэгдсэнийхээ дагуу дээрх алхмыг хийжээ.  Ерөнхийлөгч Д.Трамп уг шийдвэрийг тайлбарлахдаа “ОХУ гэрээгээр хориглосон SSC-8 пуужинг /Оросын ангиллаар 9M729/ туршин байрлуулж байна” гэж буруутгасан байна.  Үүний хариуд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гэрээнд оролцохоо зогсоох шийдвэр гаргаж, холбогдох хуульд 7 дугаар сарын 3-нд гарын үсэг зуржээ.
Хүйтэн дайны үед хүн төрөлхтнийг цөмийн дайны аюулаас аварсан гэж уг гэрээг үнэлдэг бөгөөд түүнд тусгаснаар цөмийн зэвсгийн хамгийн их нөөцтэй улсууд болох АНУ, ЗХУ хоёр газарт байрлалтай, ердийн ба цөмийн цэнэгт хошуу бүхий дунд зайн буюу 1000-5500 км-ийн тусгалтай пуужингууд, ойрын зайн буюу 500-1000 км-ийн тусгалтай пуужингуудийг үйлдвэрлэх, ашиглах, хадгалахыг хориглох талаар тохиролцоонд хүрсэн билээ.
1983 онд АНУ-ын тал Европ дахь НАТО-гийн гишүүн орнуудын газар нутаг дээр Першинг - 2 гэдэг нэртэй 108 ширхэг дунд тусгалын пуужин байрлуулах шийдвэр гаргаснаас үүдэн “Хүйтэн дайн” улам хурцдаж, ЗХУ-АНУ-ын хооронд цөмийн дайн дэгдэх магадлал эрс нэмэгдсэн байна. Першинг пуужинг байрлуулахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Европ тив даяар өрнөж байгаа тухай мэдээнүүд тэр үеийн “Үнэн” сонины нүүрийг дүүргэж байсныг 50-иас дээш насныхан сайн санаж байгаа болов уу. Америкийн үйлдлийн хариуд Зөвлөлтийн тал  ОТР-23 «Ока» гэдэг пуужингуудаа Чехословак ба Зүүн Германд, РСД-10 «Пионер» /НАТО-гийн ангиллаар SS-20/ гэдэг 300 орчим пуужингаа баруун хил дээрээ байрлуулчихсан байв. 
Америкийн "Першинг-2" пуужин 
Өнөөгийн өндөрлөгөөс хараад дүгнэхэд, тухайн үед нөхцөл байдал маш түгшүүртэй болж, хүн төрөлхтөн цөмийн дайны ирмэг дээр ирчихсэн байжээ. Энэ үед 1987 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейган, ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Михаил Горбачев нар Вашингтон хотноо “Дунд ба ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай” гэрээнд гарын үсэг зурснаар дэлхий дахиныг халуунцөмийн дайны аюулаас аварсан гэж дүгнэвэл хэтрүүлсэн хэрэг болохгүй. Гарын үсэг зурах үед ЗХУ пуужингуудаа Чехословак болон БНАГУ-д, Америкийн тал Их Британи, Бельги, ХБНГУ ба Италид байрлуулаад байсан бол гэрээг байгуулснаар 1991 он гэхэд АНУ, ЗХУ хоёр нийтдээ 2692 нэгж пуужингаа устгасан байна.
Цөмийн их гүрнүүд болох ЗХУ, АНУ хоёр цөмийн зэвсгийн нөөцөө багасгах, зэвсгийн бүхэл бүтэн төрлөөс татгалзаж, бие биедээ харилцан хяналт тавих талаар түүхэнд анх удаа тохиролцсон нь энэ билээ. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээ бол зэвсэглэлд хяналт тогтоох тогцолцооны үндсийг тавьсан маш чухал 3 гэрээний нэг нь юм. Уг гэрээнээс гадна Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хязгаарлах тухай гэрээ, Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээ /СДЗХГ/ гэж бий. 1972 онд байгуулсан Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг  хязгаарлах тухай гэрээнээс АНУ 2001 онд дангаараа гарсан бол цөмийн цэнэг бүхий стратегийн зөөгч хэрэгслүүдийн тоог 1550 нэгж хүртэл бууруулахаар заасан СДЗХГ нь 2021 он хүртэл хүчинтэй үйлчилнэ. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлыг ажиглаваас, хүчинтэй үлдээд буй ганц гэрээний хугацааг сунгах эсэх нь эргэлзээтэй боллоо.
АНУ гэрээнээс гарах болсон шалтгаан буюу 9M729 пуужин 
Өнгөц шалтаг ба үндсэн шалтгаан
Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээтэй холбоотой маргаан анх 2014 оны 7 дугаар сард дэгджээ. Тухайн үед АНУ-ын зүгээс “Оросын тал 9М729 пуужинг үйлдвэрлэж байгаа нь гэрээг зөрчлөө” гэж буруутгаж байсан. Харин оросууд үүнийг няцаагаад, уг пуужинг зохион бүтээж үйлдвэрлэж байгаа нь үнэн боловч түүний тусгал нь 500 км-ээс хэтрэхгүй учраас гэрээний заалтыг зөрчөөгүй гэж мэдэгджээ.
Америкчууд Оросыг буруутгаж байгаа нь зөвхөн өнгөцхөн шалтаг бөгөөд гол шалтгаан нь өөр зүйлд байгаа бололтой.  Шинжээчдийн үзэж байгаагаар, АНУ гэрээнээс гарах болсон нь сүүлийн жилүүдэд Хятад улс цэргийн хүчин чадлаа бэхжүүлж, дунд ба ойрын тусгалтай пуужингууд зохион бүтээн үйлдвэрлэж байгаа явдал юм. Вашингтон дахь Стратегийн дүн шинжилгээний төвийн хийсэн дүгнэлтээр бол, АНУ-ын хувьд гэрээнээс гарсныхаа дараа пуужингийн ихээхэн нөөцтэй Хятадыг тогтоон барихын тулд Ази-Номхон далайн бүс нутагт хүчээ бэхжүүлэх шаардлагатай болох ажээ. Газарт байрлалтай пуужингийн цогцолбор нь далайд байрлалтай цогцолбороос хямд өртөгтэй учраас америкчууд Япон, Өмнөд Солонгос зэрэг холбоотон улсуудынхаа нутаг дэвсгэрт пуужингуудаа байрлуулахаар төлөвлөсөн бололтой.   
Хятад улс олон мянган пуужинтай болсон нь АНУ-ыг гэрээнээс гарахад хүргэсэн бөгөөд Америкийн тал Япон ба Өмнөд Солонгос дахь цэргийн хүчээ хамгаалахын тулд Ази тивд пуужингуудаа байрлуулна гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон, Батлан хамгаалахын сайд Марк Эспер нар мэдэгдлээ. Гэхдээ одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна.
Жон Болтон бол гэрээнээс АНУ-ыг гаргах нь зүйтэй гэсэн байр суурийг олон жилийн өмнөөс баримталж ирсэн хүн юм. Гэрээнд хоёрхон улс оролцож байгаа нь уг гэрээний хамгийн гол дутагдалтай тал гэдгийг тэрбээр онцлон дурддаг. Учир нь, гэрээнд оролцогч хоёр талын боломж хязгаарлагдаж байгаа бол Иран, Хятад зэрэг бусад улс пуужингийн зэвсэглэлээ нэмэгдүүлж байна гэж үзжээ. 
Пентагоны тэргүүн М.Эсперийн мэдэгдлийн хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Америкийн дунд тусгалын пуужингуудыг Ази-Номхон далайн бүс нутагт байрлуулах нь олон улсын ба бүс нутгийн аюулгүй байдалд маш ноцтойгоор нөлөөлнө” гэдгийг анхааруулаад “бид аюулгүй байдлын эрх ашгаа хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна” гэж анхааруулжээ. 
Дашрамд дурдахад, өнөөгийн байдлаар, ОХУ, АНУ хоёроос гадна газарт байрлалтай, цөмийн цэнэг бүхий дунд тусгалын пуужинтай 5 улс байгаа нь Хятад, Энэтхэг, Пакистан, Израиль, БНАСАУ юм. Харин Франц, Английн пуужингууд тэнгист байрлалтай аж. Хятад улс газарт байрлалтай 1000 гаруй нэгж дунд тусгалын пуужинтай гэсэн мэдээлэл бий. Пакистан улс 2016 онд 2750 км хүртэлх тусгалтай “Шахин-III” пуужинг туршиж зэвсэглэлд нийлүүлсэн бол Энэтхэгийн “Агни-III” пуужингийн ажиллагааны тусгал нь 5000 км. Умард Солонгосын “Хвасон-1” пуужин 1500-2000 км, “Хвасон-2” пуужин 4000-8000 км-ийн тусгалтай байгаа нь гэрээгээр заасан хоригт багтаж байгаа ажээ.
Үр дагавар
Гэрээнээс гарсан америкчууд дунд ба ойрын зайн тусгалтай пуужингуудаа Европт байрлуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд хуучин ЗХУ-ын холбоотон байсан Дорнод Европын орнуудыг сонгох магадлал өндөр бөгөөд үүний хариуд Орос улс Калининградад пуужингуудаа байрлуулна гэж Оросын шинжээч Андрей Бакцлицкий үзэж байна. Гэхдээ Европт бус Ази тивд америкчууд пуужингуудаа байрлуулах магадлал өндөр байгааг дээр дурдсан билээ.
Гэрээний үйлчлэл дуусгавар болж байгаа нь дэлхийн энхтайван, аюулгүй байдалд эрсдэл учруулах нь тодорхой. Зэвсэглэлээр хөөцөлдөх явдал дахин сэргэж, зэвсэглэлд хяналт тавих бүхэл бүтэн тогтолцоо нуран унах эхлэл тавигдах ба ингэснээр Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээ ч хүчингүй болох магадлал бий. 
Гэрээг байгуулж байсан 1980-аад оны дунд үе ба өнөө үеийг хооронд нь харьцуулваас, пуужингийн цэц маш ихээр сайжирсан байна. Орчин үеийн пуужингууд байлдааны ажиллагааны явцад эсрэг талд асар их хохирол учруулж чадахаар хөнөөлт зэвсэг болон хувирчээ. Энэ үед Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээний үйлчлэл зогссоноор зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ эрин үе эхэлнэ гэж шинжээчид үзэж байна.  

Б.Адъяахүү
Эх сурвалж: montsame.mn
скачать dle 12.0