“APPLE”, “INTEL”-ийн аль алинд нь АШИГТАЙ НАЙМАА

“APPLE”, “INTEL”-ийн аль алинд нь АШИГТАЙ НАЙМАА
“Apple” компани “Intel”-ийн модемын бизнесийг нэг тэрбум ам.доллароор худалдан авсан нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа. Харин энэ том наймаа хоёр том компанийн алинд нь ашигтай вэ гэдэг дээр шинжээчид санал зөрж байгаа юм. Нэг хэсэг нь “алимууд” чанартай сайн бизнесийг бараг үнэгүй авчихлаа гэж байгаа бол зарим нь “Intel” алдагдалтай салбараа амжилттай борлууллаа гэж дүгнэж байна.
 
“Apple”-ийн хувьд энэ нь түүний хоёр дахь том наймаа болж байгаа. Тэд 2014 онд чихэвч, өсгөгч үйлдвэрлэгч “Beats” брэндийг гурван тэрбум ам.доллароор худалдан авч байсан юм. Гэрээ ёсоор “Intel”-ийн хоёр мянган ажилтан “Apple”-д орж ирнэ. Гэхдээ зөвхөн ухаалаг утсанд зориулсан модем үйлдвэрлэгч салбарыг л худалдан авсан гэдгийг дурдах хэрэгтэй. “Intel” ухаалаг утаснаас бусад цахилгаан хэрэгслийн 5G модемоо урьдын адил үйлдвэрлэсээр байх болно.
Өөрийн гэсэн модемтой болохыг олон жил мөрөөдсөн Apple-д энэ наймаа ашигтай байх нь гарцаагүй. Учир нь гэрээ ёсоор утасгүй технологийн 17 мянган патент тэдний гарт орж ирнэ. Мөн 2020 оноос шинэ бүтээгдэхүүндээ 5G технологи нэвтрүүлэхэд тус болно. Ойрын ирээдүйд өөрийн чип гаргаж чадвал бусдын хамаарлаас гарах ашигтай. Харин энэ жил гаргахаар зарлаад байгаа гурван шинэ утсандаа нэвтрүүлж амжихгүй, Qualcomm модем суулгана. Ингэхээр энэ шинэ гурван ухаалаг утасны борлуулалт саатах нь тодорхой ч алс ирээдүйд ашигтай наймаа болжээ.
“Apple” модемтой болсноор “Qualcomm”-ийн хамаарлаас ангижирч, ухаалаг утсаа гаднын ямар ч үйлдвэрлэгчийн оролцоогүй бие даан гаргаж чадах болно.  Ингэснээр iPhone-г тойрсон үйлдвэрлэлийн босоо гинж үүснэ гэсэн үг. “Intel”-ийн чип үйлдвэрлэх патентууд, тус компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, 5G технологийн ачаар бүтээгдэхүүний чанараа улам сайжруулж чадна.
Харин зарим шинжээч “Intel” компани аргагүй байдалд ороод бизнесээ зарсан гэж үзсэн. “Enderle Group”-ын мэргэжилтэн Роб Эндерли “Оюуны энэ том өмчийг ганцхан тэрбум ам.доллароор зарсан нь алдаатай наймаа байлаа. Гэхдээ тэд ашиггүй салбараасаа хурдан салах гээд “Apple”-тэй үнэ хаялцах чадал байгаагүй. Уг нь хэдэн тэрбум ам.долларын үнэтэй бизнес байсан” гэж харамсан ярьж байна.
 

Яагаад ашиггүй салбар гэхээр “Intel”-ийн ухаалаг утасны модем нь хэрэглэгчид дунд Qualcomm шиг нэр хүнд олж чадаагүй, технологийн зах зээлийн шинэ нөхцөлд дасан зохицож чадалгүй, өрсөлдөгчдөөсөө илт хоцорч байлаа. Худалдан авагч хомсдолтой тул жилд нэг тэрбум ам.долларын алдагдалтай ажилладаг байжээ. Тиймээс “алимууд” санал тавихад тэдэнтэй үнэ хаялцаад байхаар байдалд байсангүй. Бодож байснаасаа хямд зарсан ч дахин алдагдал хүлээхгүй гэдэг нь “Intel”-ийн хувьд сайн мэдээ. Одоо тэд зөөврийн компьютер зэрэг бусад ухаалаг хэрэгслийн 4G, 5G модемд анхаарлаа хандуулж чадах юм.
“Bernstein Research”-ийн шинжээч Стейси Расгон “Алдагдалтай бизнесээс салсандаа “Intel” баяртай байгаа гэж би бодож байна. Хэдий маш хямдхан борлуулсан ч тэд  энэ наймааны дараа илүү хүчтэй болсон” гэж ярьж байна. Ингэхээр “Apple”, “Intel”-ийн хувьд аль алиндаа ашигтай наймаа хийлээ гэсэн үг.
Zindaa.mn
скачать dle 12.0