Монголын төр оймсонд хавчуулагдав

Монголын төр оймсонд хавчуулагдав
Оймс олон янз. Оймсны үнэ ч тэнгэр газар шиг зөрүүтэй.
Уншигч та хэрэв “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс оймс авах боллоо гэхэд 500-2,000 төгрөг байхад л хангалттай. Ёстой л дуртай оймсоо дурын хямд үнээрээ авна.
Харин Шангри Ла, Централ гэх мэт томоохон худалдааны төвүүдээс оймс авах болоход танд дор хаяж 15 мянган төгрөг хэрэгтэй. Эс бол охид бүсгүйчүүдийн оймсны сонголтод сүүлийн үед хүч түрэн орж ирж буй сувдтай, шигтгээтэй, эмэгтэйлэг, эрээн мяраан, уран зураг бүхий хээтэй гэх мэтээр сонголтоо онцгойруулахыг хүсэж гэмээнэ дунджаар 40 мянган төгрөг шаардлагатай болно.
Үүнээс материалын бүтэц, чийг даах чанар, удаан эдэлгээтэй гэх мэтээсээ хамаараад 60 мянга ч давж мэднэ. Тэгэхээр монголчуудын оймсны хэрэглээ өдгөө амьдралын түвшин буюу худалдан авах чадвартай гүн хамааралтай болсон гэсэн үг.
Тиймээс ч “ХАС” банкны гүйцэтгэх захирал хэдий ч олны нүднээ төдий л өртөөгүй байсан нууцлаг банкир, өдгөө Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Г.Амартүвшин “МОНГОЛ” телевизийн “Шарк танк” нэвтрүүлэгт оролцсон эхний дугаараасаа л оймсоороо олонд “од” болон танигдсан нь нууц биш.
Магадгүй өдгөө ч зарим нэг нэрийг нь тогтоогоогүй үзэгч “Нөгөө шарк танкын өнгө өнгийн оймстой захирал” гэхээр нүдэндээ царай төрхийг нь цаг алдалгүй зурах нь гарцаагүй. “Аа нөгөө, тэр үү” гээд л.... Эндээс харахад оймс гэдэг ердөө л гутал хөл хоёрын хоорондох завсрын тав тух болоод зохилдлогоог хангах хэрэгсэл төдий биш болж таарч байгаа биз.
Тиймээс ч оймсны тухай мэдээлэл болоод оймс тойрсон сонирхолтой баримтууд дээрхээр хязгаарлагдахгүй гэсэн үг.
Жишээ нь, эртний Грекийн яруу найрагч Хесидос амьтны ноосоор хийсэн гутлын дотрын талаар яруу найрагтаа дүрслэн бичсэн байдаг бол хээ угалз, дүрслэл чимэглэлээр нь дамжуулж хайр дурлал, уйтгар гунигаа хүртэл илэрхийлдэг байсан л гэнэ. Бас болоогүй ээ, жинхэнэ утгаараа оймс нэрийг олж түгэн дэлгэрч эхлэхдээ зөвхөн эмэгтэйчүүдийн хэрэглээ байсан түүх ч бас бий.
Нэг ёсны хожим хойно, буюу XIV зуунаас л эрэгтэйчүүд оймс өмсөж эхэлж. Тэгэхээр оймсны хэрэглээн дээр эрчүүд өнөөг хүртэл цэвэрлэх, угаах гэдгээс эхлээд олон талаараа үл ялиг болхи бүдүүлэг алдаа гаргаад байдаг нь ийм учиртай ч байж мэдэх юм.
Тэр ч бүү хэл 1940-өөд оны үед Америкт анхны шилэн оймс худалдаанд гарснаар худалдан авагчид нь дэлгүүрийн үүдэнд дугаарлаж, урт цуваа үүсгэх болсноор үнэ нь тэнгэрт хадаж, зарим нэг оймсгүй  үлдсэн бүсгүйчүүд нь оймсыг орлуулан хөлөө будахаа ч мартсангүй. Энэ мэтээр оймстой холбоотой олон сонирхолтой баримт, түүх өгүүлж болохын нэг нь АНУ-д хийгдсэн судалгааны дүн.
Учир нь, “Та мөнгөө хаана хадгалдаг вэ” гэсэн асуултад америкчуудын 29 хувь нь матрасны доогуур, оймсондоо, шүүгээндээ, гутлын хуучин хайрцагтаа гэх хариултыг өгсөн байх юм.
Энэ дээр дурдсан 29 хувь нь банканд итгэдэггүй учраас өнөөдрийн гол сэдэв болох оймс болон гэрийнхээ бусад эд юмс дунд, дотор, доор нь хадгалдаг болж таарах нь. Хэдийгээр эдийн засагчид нь иргэддээ аль болох “Мөнгөө гэртээ хадгалах нь эрсдэлтэй шүү” гэж хэлсээр байхад шүү.
Үүнийг нотлох нэгэн жишээ бол оймоон дахь хадгаламжийн тухай мэдээ юм. Утгыг тодруулбал Америкийн www.reddit.com сайтад нэгэн эмэгтэй саяхан шинэ байшинд нүүж ирээд оймсонд нуусан 3,000 орчим ам.доллар олсон тухайгаа интернетэд бичээд хаана хандах, хэрхэх талаар зөвлөгөө хүссэн удаатай.
Мөн АНУ-ын зарим гэмт хэргийн гаралт өндөртэй дүүргийн иргэд оймсондоо мөнгөө нуух, хадгалах нь түгээмэл байдаг бөгөөд тэд матрасныхаа доор хадгалж мартаснаас оймсондоо хавчуулсан нь хамаагүй дээр хэмээн үздэг аж.
Эдгээр жишээн дээр Санта Клаус яндангаар орж ирээд оймсонд бэлэг үлдээдэг тухай хүүхдүүдийн гэгээн ой санамжийн баяр жаргалтай хүлээлтийг ч нэмж болно. Магадгүй энэ нь Европын соёл гэдгээр зарим нэг уншигчид маань таалагдахгүй байж болох ч сүүлийн үед монголчууд ч байр байшингийнхаа хананд шинэ жил дөхөхтэй зэрэгцэн гоёмсог бэлгийн оймсон уут өлгөж, хүүхдүүдээ баярлуулахын төлөө бяцхан заль зохиож хэлэх нь түгээмэл болсон тул яахан дурдахгүй өнгөрч болох.
Дээр тоочин өгүүлсэн энэ мэт жишээнээс харахад оймс нь олон талын ашигтайн дээр зарим хүний хувьд банкийг ч орлох ид шидтэй хадгаламжийн уут болох нь тодорхой юм.
Харин манай хувьд юу боллоо гээд бодохоор хоёр өдрийн өмнөх тод сонин жишээг сануулах хэрэгтэй.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан гэгчийн албан өрөөнд Авлигатай тэмцэх газар одоогоос хоёр жилийн өмнө нэгжлэг хийгээд газрын дарга Э.Аззаяагийн хамт тэрбум гаруй төгрөгийн авлига авсан нь нотлогдоод зогсохгүй оймсондоо 10 мянган ам.доллар нуусан нь илчлэгдэн баривчлагдсан байх юм. Энэ нь өнөөдрийн ханшаар 26 сая 700 мянган төгрөг.
Америкийн нэг иргэн шилжин нуусан байшингаасаа оймсонд хадгалсан 3,000 ам.доллар олоод хэрхэх тухайгаа сошиалаар олон нийтээс асууж байхад манай төрийн албан хаагч, тэр дундаа монголчуудын амь нас, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хамгаалах ёстой Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч түшмэл, хэлтсийн дарга авлигынхаа мөнгөө оймсондоо нууж байх.
Харьцуулж харахад энэ бол яах аргагүй өөдгүй бөгөөд хөгийн жишээ. Харамсалтай нь, үүнтэй нь холбоотойгоор дараа, дараагийн өдрүүдэд шүүхийн шинэчлэлийг тойрсон улс төр эрчимжинэ. Дээр нь, хууль тогтоох засаглалын хууль батлах чадамжийн асуудал, гэмт хэрэгтнүүдийг хаацайлахын төлөө УИХ лоббид автдаг уу гэдэг сэдвээр эсэргүүцлийн жагсаал ч өрнөж таараа.
Н.Баярсайхан нь авлига авсан хэрэгтээ шүүхээс 40 сая төгрөгийн торгууль төлөх шийтгэл аваад өдгөө хувийнхаа бизнесийг эрхлээд эрх чөлөөтэй алхаж яваатай их багыг нь дэнслэх аргагүйгээр гэмт хэрэгтнүүд барьцана.
Хамгийн энгийн жишээ гэхэд өчигдөр л нэгэн танил маань хувийн компани дээрээ “400 мянган төгрөгийн татвар төлж амжаагүй cap болж байхад татварын газраас утасдаж “Энэ татвараа төл. Төлөхгүй бол данс хаах, цаашлаад шалгалт оруулах арга хэмжээ авна гээд утасдаж байна.
Тэгэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга нь тэрбум гаруй төгрөгийн авлига аваад үүндээ 40-хөн сая төгрөгийн торгууль төлөөд гарч байна. Ийм юм байж болдог юм уу. Татвараа төлсөндөө харамсаж байна” гээд гутраад сууж байх жишээний.
Яг үүнтэй адил өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “ТҮЦ-үүдэд хяналт тавьж ажиллана” гэдэг мэдээлэл тараагдав.
Харамсалтай нь, энэ мэдээнд хэн ч тал өгсөнгүй. Итгэхийг ч хүссэнгүй. Яагаад гэхээр тэрбумын авлига авдаг төрийн түшмэлийн хажууд өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг ТҮЦ-ийн худалдаачид яаж ч бодсон үнэ хүндтэй, шударга байх нь ойлгомжтой.
Гэтэл шударга хүмүүсийг шударга бусаар ажил амьдралаа залгуулдаг авлигачид хянадаг байж болох уу. Хэдийгээр ТҮЦ-т зарагдаж байгаа зарим хүнсний бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангадаггүй нь үнэн ч авлигач түшмэлийн оймсны үнэтэй өдрийнх нь орлого дүйцэж очиход хэцүү гэдгийг нийтлэлийн эхэнд дурдсан үнэ ханшийн мэдээллээс уншигч та гадарлаа л байлгүй.
Товчхондоо, Монголын төр яг өнөөдрийн нөхцөлд оймсонд хавчуулагдчихлаа. Гэхдээ жирийн иргэний бус жигтэй авлигачдын оймсонд шүү!

Г.Отгонжаргал  
Эх сурвалж: "Үндэсний Шуудан" сонин
скачать dle 12.0