Жиргээчид шийтгэл оногдуулсан зөрчлийн гомдлын талаар ЕТГ-аас тайлбар хийлээ

Жиргээчид шийтгэл оногдуулсан зөрчлийн гомдлын талаар ЕТГ-аас тайлбар хийлээ
Нийгмийн сүлжээнд дуулиан болоод байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн жиргээчид Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгийн торгууль ногдуулсан, ингэхдээ хэргийг шалгасан цагдаагийн байгууллага Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг уландаа гишгэж, хэргийн холбогдогчоос тайлбар, мэдээлэл гаргуулалгүй нэг талыг барьсан шийдвэр гаргасан тухай өмнө мэдээлсэн.
Энэ мэдээлэлтэй холбогдуулан ЕТГ-аас дараах тайлбар өглөө. Уг тайлбарт,
“Элийрэгч” /Uyanga_Ts/ гэх нэрээр твиттер /twitter/ сайтад бүртгэлтэй, нэр бүхий компанийн хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал Ц.Уянга гэгч “Ёорк”, “Еөк”, “Жонхуу” гэх мэт нэр хочийг ашиглан “Тэр 60 тэрбумын сүлжээнд чинь Монгол алнабөхийн алуурчин цэрэг юу хийгээд дарга болцон явжээсийн, Жонхуугийн цэргийн хүн алсан сенсацийг замхраах гэж зориудаар төмөр замыг эвдэж осол гаргасан...” зэрэг мэдээллийг тодорхой зорилготойгоор олон нийтийн сүлжээгээр тараасан.
Нийтийн сүлжээнд байршуулсан Ц.Уянгын дээрх мэдээллүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид чиглэж, Ерөнхийлөгчийг “Ёорк, Еок, Жонхуу” гэх мэтээр гутаан доромжилсон нэр, хочоор нэрлэж, гүтгэн харлуулах зорилготойгоор түгээгдсэн болох нь бичвэрүүдийн агуулга, олон нийтэд хүрч ойлгогдсон байдал болон Ц.Уянгын бусадтай харилцсан твиттерийн бичвэрүүдээс  тодорхой байна.
Нөгөө талаас Ц.Уянгын дээрх мэдээллүүд Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргын амь насыг хөнөөсөн этгээдийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хамаатуулж, тухайн этгээдийг хамгаалж, уг хэргийн дуулианыг дарах зорилгоор Ерөнхийлөгч төмөр замын осол зохион байгуулсан гэдэг ойлголтыг олон нийтэд өгөх зорилготой нь тодорхой байгаа бөгөөд үүгээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг олон нийтийн өмнө илт гутаан доромжилж, ор үндэслэлгүйгээр ноцтой гүтгэн, нэр төрд нь бүдүүлгээр халдсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн, Гучин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн нэр төр халдашгүй дархан байна” гэж тус, тус заасан байдаг.
Иймд, Монгол Улсын Ерөнхийлөгчийнх Тамгын газраас “Элийрэгч” /Uyanga_Ts/ гэх нэрээр твиттер /twitter/ сайтад бүртгэлтэй Ц.Уянга гэгчийг нэр хоч өгсөн төдийд бус тэрхүү нэр хочоо ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн амины хэрэгт холбогдуулан санаатайгаар гүтгэн доромжилсон хэмээн үзэж, Зөрчлийн хуульд зааснаар холбогдох газарт гомдол гаргасан болно.
Мөн Ц.Уянга нь энэ байдлаа хэвлэл, мэдээллийн салбарынханд халдаан ойлгож, “...Ерөнхийлөгчийн энэ байдал хэвлэлийн салбарынханд маш том эрсдэл дагуулна...” зэргээр ярилцлага мэдээлэл өгчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний Тамгын газраас хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас эрхлэн гаргасан хэн нэг сэтгүүлчийн мэргэжлийн бүтээлд холбогдуулан хуулийн байгууллагад хандан гомдол мэдээлэл гаргаж байгаагүй болно.
Цаашид ч мэргэжлийн сэтгүүлзүйн бүтээлд холбогдуулан гомдол мэдээлэл гаргахгүй бөгөөд хэвлэл, мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагыг дэмжин ажиллахаа дахин илэрхийлж байна" гэсэн байна.
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0