Хувь хүний эрх чөлөөгүйгээр улс үндэстний эрх чөлөө гэж байдаггүй

Хувь хүний эрх чөлөөгүйгээр улс үндэстний эрх чөлөө гэж байдаггүй
Өнгөрөгч долоо хоногт “Боловсролд суурилсан улс төр” ТББ-аас зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр Э.Бат-Үүл хувь хүний эрх, эрх чөлөө гэж юу болох тухай нэгэн сонирхолтой түүх өгүүлсэн билээ.
Соц нийгмийн үед сэргийлэхийн ажилтнууд Их дэлгүүрийн үүдэнд зогсч байгаад үсээ ургуулсан залуусын үсийг тахианы өд зумлаж байгаа аятай угаар нь хайчилж, өргөн өмднийх нь түрийг ташаанд нь хүртэл цуу татаж нүцгэлээд явуулдаг байсан тухай. Ингэж моодорхсон залуус "хөрөнгөтний үзэл суртлыг дэлгэрүүлсэн" ялд унадаг байж. Барууны хөгжим, дуу сонсох ч хориотой. Тэр үеийн залуус “Битлз”-ийг сонсохын тулд нэгнийхээ гэрт цуглаж, хажуу айлдаа мэдэгдэхгүйн тулд хаалгаа түгжиж байгаад хамгийн нам дуугаар сонсдог байв. (Гэсэн ч тэдгээр пянзуудыг зөвхөн аав ээж нь гадаадад дипломатаар ажилладаг айлын хүүхдүүд л олж авах боломжтой байв)
Харин сая Улаанбаатарт гурав хоног үргэлжилсэн PlayTime амьд хөгжмийн наадмын үеэр манай залуус хэрхэн биеэ авч явсныг бид харсан. Хүн бүр өөрийн биеэ авч явах байдал, амьдралын хэв маягаар өөрийнхөө үнэт зүйлийг бүтээж байдаг. Үнэт зүйл гэдэг бол хүний амьдрах орон зай юм аа гэж. Р.Чойномыг эсэргүү шүлгүүдгүйгээр, Б.Баабарыг "Бүү март: Мартвал сөнөнө"-гүйгээр төсөөлөөд үз дээ.
Бас нэг жишээ. 1980-аад онд Японы Наритагийн онгоцны буудлыг барихаар улсаас газар чөлөөлжээ. Нэг фермерээс бусад нь бүгд газраа чөлөөлсөн байна. Нисэх буудал баригдсанаас хойш өвгөн өөрийн газар дээр амьдраагүй боловч жил бүр Наритагийн онгоцны буудлаас сая долларын нөхөн төлбөр авдаг. Олон онгоц хөөрч, бууж байгаа нь миний эрүүл мэндийг хордуулж байна гээд. Иргэнээ хүндэлдэг төртэй нийгэм ийм байдаг. Одоо ч гэсэн өвгөн заргалдсаар л яваа. Учир нь 2020 оны олимпид зориулж онгоцны буудлын нисэх зурвасыг өргөтгөж байгаа юм байна. 
Монголд ч гэсэн Э.Бат-Үүлийн үед хотын захиргаа газраа чөлөөлж чадаагүйн улмаас Гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөр нуран унасан билээ. Тэгэхээр манайд ч гэсэн хувь хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл тодорхой түвшинд байдаг байх нь. Хувь хүний эрх, эрх чөлөөний үндсэн зарчим нь нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Төрийн эрхээр биш.  
Хувь хүний эрх чөлөөгүйгээр үндэсний эрх чөлөө гэж байхгүй гэдгийг бид өнгөрсөн нийгмээс харсан. Хувь хүний эрхийг 70 жил үгүйсгэж яваад Зөвлөлтийн тоглоомын улс болсон бас нэг жишээ бий. Тэгэхээр ардчилсан нийгмийн үндсийн үндэс нь хувь хүний эрх, эрх чөлөө юмаа гэж.
Гэвч хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад хариуцлага гэдэг бас нэг юм дагалдаж явдаг. Хүн өөрийн амьдралаа өөрөө жолоодох эрхтэй байхаас гадна түүнийгээ авч явж чадахуйц хариуцлагатай, хангалттай хэмжээний боловсролтой байх ёстой гэсэн үг. Тийм хэмжээний боловсролыг олгох нь харин төрийн үүрэг.
Бас нэг жишээ. Наадмаар борлуулахаар хөдөөгөөс хонь тууж ирсэн иргэнээс сэтгүүлч асууж байна гэнэ.
-Та хэдэн хоньтой ирэв?
-400 хоньтой ирлээ.
-Хэдийг нь борлуулав?
-200-г борлууллаа.
-Үлдсэн 200-г нь яах гэж байна?
-Төр засаг л мэдэх байх даа...
Өөрөөр хэлбэл, хүн өөрийн өмчийг худалдан борлуулах эрхтэйгээс гадна өмчийнхөө эрсдлийг ч бас тооцохуйц хариуцлагатай байх ёстой гэсэн үг. Үүний тулд төр иргэндээ тэгш гараанаас эхлэн боломж буюу боловсролын тэгш байдлыг олгох ёстой.
Өнөөдөр Монголын хүүхдүүдийн бараг 20 орчим хувь нь хувийн дунд сургуулиудад суралцаж, ерөнхий боловсролоо авч байгаа. Эндээс эхлээд боловсролын тэгш байдал алдагддаг. Хувийн сургууль, улсын сургууль хоёрын боломж, нөхцөл ямар ялгаатайг бид бүгд мэднэ. Хувийн сургуульд 20 хүүхэд нэг ангид сурч байхад улсын сургуулийнх 50, 60-уулаа сурч байх жишээтэй. Эндээс эхлээд сурч боловсрох эрхийн тэгш байдал алдагддаг. Чинээлэг айлын хүүхдүүд хувийн сургуульд суралцсанаараа ирээдүйд нийгмийн бүх баялгийг булаах түвшинд хөгжиж, чинээлэг бус олонхиос тэр боломж улам бүр холдож байна. 
Үүгээр хувийн сургуулиудыг хавчиж боох санаа агуулаагүй юм шүү. Эсрэгээрээ, адаглаад улсын сургуулиудынхаа анги дүүргэлтийг хувийн сургуулиудын түвшинд авчирах хэрэгтэй, сургууль, багш нарынхаа тоог нэмэгдүүлэх, цалин хөлсийг нь дордуулахгүй байх хэрэгтэй гэсэн санаа. Үүнийг л баялгийн тэгш хуваарилалт гэдэг. Түүнээс биш уул уурхайгаас олсон жаахан мөнгөө иргэн бүртээ тэгш хувааж өгөөд, хувааж идээд амар сайхандаа жаргахын нэр биш юмаа л гэж байна.
Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй. УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлэлцэж байгаа энэ үед ажлын хэсгийнхэн Л.Оюун-Эрдэнэ сайдыг хайгаад олохгүй байгаа гэнэ. Өнгөрсөн баасан гаригаас хойш. Бодвол Солонгос явсан биз. Нэг хэсэг нь хөлөө шалбаллаа гээд гадаад руу нисчихдэг, нийтээрээ улсын эмнэлгийн дараалал хүлээсээр хагалгаанд орч чадалгүй “чадхийдэг” байвал эрүүл мэндийн үйлчилгээ тэгш бус байна аа л гэсэн үг. Байгалийн баялгийн үр шимийг боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдалд зарцуулах нь жинхэнээсээ баялгийн тэгш хуваарилалт юм.
Жишээ нь, Улаанбаатарт 8 баллын хүчтэй газар хөдлөлт болбол нийт барилгын 80 хувь нь нурж унахад бэлэн байна гэдэг судалгааг мэргэжлийн байгууллагууд хэлээд удаж байна. Энэ тохиолдолд манай аврах алба буюу Онцгой байдлынхан, арми, зэвсэгт хүчнийхэн ард иргэддээ туслахад бэлэн байна уу? Эсвэл хүрз бариад шороо ухах нь зохимжтой байна уу? гэдэг асуулт. Хариулт нь тодорхой.
Хэдэн жилийн өмнө согтоод гадаа унтаж байгаа хүнийг эрүүлжүүлэхэд хорих биш, эмнэлгийн хордлогын тасагт тусламж үзүүлэх хууль баталсан чинь “Архичдаар эмнэлгийг дүүргэлээ. Эмч нарыг доромжиллоо” гэж эсэргүүцсээр байгаад болиулсан. Уг нь бол архичин хүн ч гэсэн энэ нийгмийн нэг гишүүн. Монгол Улсын гурван сая хүний авч байгаа эрүүл мэндийн стандарт үйлчилгээг архичин хүн ч гэсэн авах эрхтэй. Ингэж байж бид хүн төвтэй нийгэм, хүмүүнлэг ардчилсан нийгмийн тухай ярина. Түүнээс биш соц үеийнх шиг нийгмийнхээ нэг хэсгийг “архичин, биеэ үнэлэгч” нэр зүүж, Мааньтийн хориход аваачиж түгжчихээд араар нь өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангана гэж байхгүй л дээ.
Гэвч энэ бүхэн хэн нэгний өрөвч сэтгэл, сайхан итгэлээр бий болчихдаг эд биш. Үүний тулд урт хугацааны бодлого, үзэл санааны тогтвортой байдал хэрэгтэй. Үүнийг нь хийдэг институц нь улс төрийн нам. Түүгээрээ олон нийтийн өмнө амлалт авч сонгуулиар эрх мэдэлд хүрдэг бодлогын намууд байх ёстой. Өнгөрсөн 20 гаруй жил үргэлжилсэн эрх мэдлийн зодооны золиосонд хаягдсан энэ бодлого, үзэл баримтлалаа Ардчилсан нам сэргээн зарлаж эхлээд байна. Энэ бол одоо ярьж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөс дутахгүй том үзэл санаа.
Хэрвээ улс төрийн нам болгон нийтийн эрх ашгийн төлөө өөр өөрийн үзэл санаа, цэгцтэй бодлоготой байгаад, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай явдаг байсан бол Үндсэн хуульд ч гэсэн ийм том хэмжээний өөрчлөлт оруулах, нийгмийг бүхэлд хамарсан маргаан өрнүүлэх шаардлагагүй ч байсан юм бил үү?
Хуулийг ухаантнуудад бус, тэнэгүүдэд зориулж хийдэг гэх үг ч бас бий...

Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0