Сэжигтэн болсон сайдтай аятайхан харилцаагүй хянагчийн буруу...

Сэжигтэн болсон сайдтай аятайхан харилцаагүй хянагчийн буруу...
   -Улстөрчид ном хэвлүүлэх байтугай кино ч хийж мэдэх нь-
Нийгэм, эдийн засгийн хувьд дорой буурай байгаа нь хүн бүр улстөрийг сонирхож, улстөрчдийг анхааралтай ажиглахаас аргагүйд хүргэж байгаа. Тэр тусмаа сонгууль дөхсөн өнөө цаг үед алдаагаа ч “аятайхан” байдлаар бусдад таниулах сонирхолтой хүн олширчээ.
Тэдний тод жишээ нь саяхан баривчлагдаж суллагсдан Ерөнхий сайд асан М.Энхсайхан. Түүнийг АТГ-гаас Тавантолгой төсөлтэй холбоотой асуудлаар байцаасан даруйдаа баривчилж, маргааш нь холбогдох шүүх хурал болж, АТГ-ын  мөрдөн шалгах хэлтсээс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож Ерөнхий сайд асан М.Энхсайханыг сулласан байдаг. Үндсэндээ өөрийнх нь бичснээр 24 саатуулагдсан.Харин цагдан хорих 461-р ангиас суллагдмагцаа “461 ба 48/24” нэртэй нийтлэл бичиж, түмэнд түгээв. Цахим орчинд багагүй цагийг өнгөрөөдөг монголчууд унших нь уншиж, гүйлгэн харж, өөр өөрсдийн дүгнэлтээ хийсэн.
Харин дараа нь буюу өнгөрөгч баасан гарагт мөн л Ерөнхий асан С.Баяр “Жаран хоног”, “Жаран бутархай” номынхоо нээлтийг хийлээ. Түүний энэхүү ном нь хоёр хэсэгтэй. Эхний “Жаран хоног” хэсэгт Ганц худаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрүүлсэн хоёр сарын тэмдэглэл багтсан. Хоёрдугаар хэсэг нь “Жаран бутархай” ба хүний хорвоод нэгэн жарныг туулан амьдрахдаа уулзаж, нөхөрлөсөн хүмүүсийн хөрөг, хувь хувьсгалын амьдралд ул мөрөө үлдээсэн үйл явдлуудын тэмдэглэлийг багтаасан байна.
Ерөнхий сайд асан С.Баяр номынхоо нээлтийн үеэр “Энэ ном бүтэхэд олон жилийн хугацаа зарцуулсан. Санаанд ямар нэгэн зүйл орж ирэхэд тухай бүрт нь тэмдэглээд л явдаг байсан.Халаасанд сул задгай мөнгө шиг шажигнаад байдаг байсан гэх үү дээ.Хэзээ нэгэн цагт халаасан дахь задгай мөнгөө бүхэлдүүлж, ном гаргана гэсэн бодол байсан.Би ном бичдэг бус уншдаг хүн байсан бол өнөөдөр "Жаран хоног”, “Жаран бутархай” номын ард гарлаа.Сэтгэгдэл сайхан байна.Гэхдээ халаасанд дахиад задгай мөнгө үлдсэн.Номд багтаах гэсэн боловч олон зүйлийг хамж шимээд нийтлээд яах вэ гэж бодоод хассан.Тэгэхээр энэ дайны задгай бутархай мөнгө яваа.Түүнийгээ хэзээ нэгэн цагт бүхэлдүүлж гаргана.Ямартай ч оршил нь 60 хоног биш байгаасай л гэж хүсч байна. Оршил нь гэрэл гэгээтэй байгаасай” хэмээн ярьсан.
Номын нээлтэд нь мэдээж, мөн л түүнтэй ойр явсан улстөрийн хүрээнийхэн байв. Цөөн хувь хэвлүүлсэн болохоор аль хэдийн дууссан, сонирхож байгаа хүмүүс гар дамжуулан уншиж эхэлсэн болов уу.
Ердөө л энэ мэдээж тэднээс өмнө нь Ерөнхийлөгч аснаас эхлээд олон ч Ерөнхий сайд асан, сайд асангууд “аав”-ын хаалга татсан. Нэг хэсэг нь бичнэ, нөгөө хэсэг нь ярина. Мэдээж хоригдож байх үеийнхээ талаар. Түүнийг нь олон нийт анхааралтай уншина, сонсоно.
Эцэст нь өрөвч, нимгэн сэтгэлтэй монголчууд тэднийг өрөвдөөд, хянагч, хуягуудыг харааж, зүхээд л өнгөрнө. Ингээд л дараагийн сонгуульд эвий минь гэсээр эргэн улстөрд ирэх замыг нь засч өгдөг.
Тэдний бичвэр, бичлэгүүдэд ижил төстэй зүйл нь үүрэг гүйцэтгэж буй байцаагч, хянагч нарын тухай муучилж, ааш авираас эхлээд атгаг муу санаатайг нь хүртэл тоочно.
Гэтэл эсрэгээрээ “аав”-ынд орсон ч алдартай л биш бол өрөвдүүлэх тактик бүхий нийтлэл, ном бичиж хэвлүүлэх байтугай өмгөөлөгчийнхөө мөнгийг ч төлөх чадваргүй хүмүүс хэрхдэг бол. Хэлмэгдэж, хэдэн жил, сар, өдрөөр хоригдчихоод гарч ирсэн хүмүүс яадаг бол... Хичнээн хэцүүг даван туулахын тулд, хуяг, хянагч нарын хэлсэн бүхний биелүүлж, үүрэг хүлээсэн хүмүүсийн өмнө бөхөлздөг бол...
Бидний цөөхөн монголчууд итгэмтгий, үгүй ядахад “энэ харгалзагч яах вэ дээ, ажлаа хийж байгаа, үүрэг хүлээсэн хүн” гэх мэтээр цайруулан бодох биз.
Харин улстөрд хүчээ аваад ихээ өндрөөс шууд газардахдаа “ГАНЦ”-д очно гэж тооцоолоогүй улстөрчдийн хувьд хуяг, харгалзагчийн харц болоод үг нь хүртэл хахир сонстохоос аргагүй. Учир нь тэд үүргээ гүйцэтгэж байгаа болохоос сэжигтэн болчихсон дарга нарт “пялдагадах” гэж цаг нөхцөөгөөгүй нь тодорхой.
Сайн ухвал сүүлд нийтлэл болон номоо хэвлүүлсэн хоёр Ерөнхий сайд асны хувьд намайг сэжиглэсэн хэрэг нь ийм учиртай байсан гэхээс илүү “яана даа, ганц худгийг” гэсэн агуулга л яваад байх шиг. Харамсалтай нь тэдний толгойж явсан Засгийн газруудын үед тэрхүү ганц худгийнх нь нөхцөл байдал үүнээс долоон дор байсан гэдгийг захын сэжигтэн, ялтан, эргэлтээр очсон хэлээд өгөх биз.
Харин ч өнөөдөр хүний эрхийг дээдлэж, хорих ангид ч олон улсын стандартыг мөрдүүлэх гэж хичээдэг болсон. Өнөөдөр тэд тодорхой хугацаанд хоригдож, саатуулагдаад нийтлэл бичиж, номоо хэвлүүлж байна. Хэрэвзээ өөрсдийнх нь гар бие оролцож, амьжиргааны түвшинг тодорхойлж байснаар нэн ядуу, байг гэхэд ядуу өрхөд аваачаад гурав хонуулвал яах бол. Ядах юмгүй олон ангит кино бүтээж, олны өмнө гарч үгээ хэлэх болов уу.
Р.Саруул 
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0