З.Энхболдын ажлыг хэн авах вэ?
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх юм байна. Тэрээр өчигдөр энэ тухайгаа мэдэгдэв. Ер нь З.Энхболдыг Ерөнхийлөгчөөс холдож нам руугаа явна гэсэн яриа өмнө нь мэр сэр гарч байсан. Тэр болгонд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З. Энхболд няцаалт хийж ирсэн билээ. Хамгийн сүүлд “Би 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүртлээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах болно” гэж мэдэгдсэн байдаг. Тэгвэл тэрээр энэ удаа шийдвэрээ гаргаж, намынхаа нөхөдтэйгөө нийлэхээр болжээ. Үүнээс өмнө түүнийг ажлаа өгнө гэж байх үед АН-ын дэд даргаар очно гэсэн таамаг явж байв. Харин өчигдрийн мэдэгдлийн дараагаас З.Энхболд АН-ын генсек болох тухай яригдав. Энэ нь ч үнэний ортой. АН-ын хувьд улс төрийн дотоод уур амьсгал нэлээд хүнд байгаа. Тэгэхээр АН-ын хуучин дарга буцаж очиж, асуудлыг намжаах эсвэл гал асаах уу гэдэг нь удахгүй тодорхой болно.
Харин одоо З.Энхболдын оронд хэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болох вэ гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж эхэллээ. Барууны орнуудын жишгээр бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь зөвхөн үнэнийг мэдээлэгч байдаг. Түүнчлэн, Төрийн тэргүүний үйл ажиллагааны аппаратыг бүхэлд нь удирдана гэсэн үг. Тэгэхээр энэ албан тушаалд улс төр, нийгэм эдийн засгийн өндөр туршлагатай хүн тэнцдэг. Харин энэ удаагийн томилгоо тэр зарчмаар явагдах уу гэдэг нь сонирхол татаж байна.
Өчигдрийн мэдээллээр бол З.Энхболдын оронд Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир ажиллана гэж байна. Түүнийг З.Энхболдыг дагалдаж, шинэ албан тушаалдаа бэлдэж байгаа тухай ч бас яригдав. Гэхдээ энэ албан тушаалд Ө.Шижир ганцаараа яригдаагүй. Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулууны нэр ч байна. С.Чулуун нь ХII зууны Монголын хот сууриныг цогцоор нь судлах ажлыг анх удаагаа удирдан хэрэгжүүлсэн гэдэг. Мөн Монголын түүхийг Орос, Манжийн харилцаатай холбон 20 гаруй жил цогцоор судалсан эрдэмтэн, судалгааны хүн. Харин Ө.Шижирийн хувьд Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн орон тооны сул гишүүн гэж явдаг байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд судалгааны хүн, нөгөө талаас ТББ-ын удирдлага өрсөлдөж байгаа юм байна.
Тэднийг жин дээр тавьбал магадгүй Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун арай л дээр байх болов уу гэдэг дүр зураг харагдана.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин