Далай Лам хэлсэн үгэндээ уучлал гуйв
Төвдийн Буддын шашны тэргүүн арван дөрөвдүгээр Далай лам өнгөрсөн долоо хоногт "BBC" сувгийн сэтгүүлчтэй ярилцахдаа хэлсэн зарим үгнийхээ төлөө уучлал гуйжээ. Өдгөө 84 настай Буддын шашны тэргүүн энэхүү ярилцлагынхаа үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн талаар, Төвдөд буцаж очих тухай, цагаачлалын асуудал зэрэг олон сэдвээр үзэл бодлоо илэрхийлсэн ч хэлсэн зарим үгнийхээ төлөө уучлал гуйсан байна.Далай лам "Хэрвээ миний хойд дүр эмэгтэй хүн байвал маш сэтгэл татам байх хэрэгтэй" хэмээн хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн байна. Өчигдөр Далай ламын хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд энэ яриа нь хошигнол байсныг тайлбарлаад олон нийтээс хүлцэл өчжээ. Орчин үеийн даяаршсан, материаллаг ертөнц болон Төвдийн Буддын шашны уламжлалт философийн зөрчил дунд амьдарч байгаа Далай ламын хэлсэн зарим үг соёлын ялгаанаас болоод өөрөөр ойлгогдох, буруу орчуулагдах явдал байдгийг уг мэдэгдэлд давхар өгүүлжээ.
Т.Есүхэйтөмөр