Оспан хэзээ манай баатар болж, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэн Баян-Өлгийг авч үлдсэн байна аа

Оспан хэзээ манай баатар болж, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэн Баян-Өлгийг авч үлдсэн байна аа
УИХ-ын гишүүн Ж.Батзандан шинэ намынхаа ажлаар Баян-Өлгий аймагт очиж ард иргэдтэй уулзалт хийгээд ирсэн. Уулзалтын үеэр тэрээр “Үнэхээр энэ нутаг бол гайхамшигтай нутаг. Би энэ нутагт ирэх болгондоо казах түмнийхээ түүхийг үргэлж боддог. Яагаад энэ Баян-Өлгий аймгийг, энэ сайхан нутгийг Чойбалсан гуай Оспан баатартай уулзахдаа баруун хязгаараа хамгаал аа гээд та бүхэнд итгэж, та бүхэнтэй хамтарч энэ тусгаар тогтнолоо авч үлдсэн юм бол оо гэж би боддог юм. Оспан баатар хэрвээ байгаагүй байсан бол, Оспан баатар хэрвээ Чойбалсан гуайтай тохиролцоогүй байсан бол Монголын баруун хязгаар нутаг магадгүй харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан. Та бүхэн энэ нутгийг авч үлдэж чадсан шүү. Би казах түмэндээ үргэлж баярлаж явдаг юм аа. Урианхай, дөрвөд ард түмнүүддээ баярлаж явдаг юм. Дөрвөд нутгийнхаа хүмүүст баярлаж явдаг юм шүү. Баруун хязгаар бүтэн байгаад би баярлаж байгаагаа илэрхийлж байна аа. Түүхийн хүнд сорилтын дундуур манай баруун хязгаар нутаг үргэлж орж байсан. Алтайн уулсыг тойрсон казахын ард түмэн дотроос Назарбаев гуайн хэлсэн үг байдаг. Казахын ард түмний соёлыг, урлагийг, уламжлалыг хамгийн гайхамшигтай авч үлдсэн казахын ард түмэн бол Монголын казахууд гэж хэлсэн байдаг юм аа. Би та бүхнээрээ бахархаж байна, баяр хүргэе. Харин сүүлийн он жилүүдэд Казах, Монголын ах дүүгийн сайн харилцаанд хор хор хүргэх гэж зарим нэг МАНАН бүлэглэлийн этгээдүүд буруу алхам хийсэн гэдгийг би энд зориуд хэлэхийг хүсч байгаа. Миний ард түмэн, казах, Монголын ард түмэн үеийн үед эвтэй найртай хамтарч бие биенээ хайрлаж дэмжиж ирсэн юм аа. Би та бүхнээсээ хүсье, бусдын буруу бодолтнуудын, МАНАН бүлэглэлийн харалган бодлогыг үл тоож, Монголынхоо төлөө, хоёр ард түмнийхээ хамтын ажиллагаа, эв найрамдлын төлөө үргэлж зогсоорой, Батзандантайгаа хамт байгаарай, шударга иргэдтэйгээ хамт байгаарай гэж та бүхнээсээ хүсье ээ” гэж ярьсан юм. Түүний энэ ярианаас харвал Оспан гэж манай баатар байдаг юм байна, Монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тэр баатар тэмцэж байсан юм байна. Энэ тэмцлийн үр дүнд Баян-Өлгий аймгийн газар нутгийг Монголд авч үлдсэн юм байна гэж шууд ойлгогдож байна. Оспан хэзээ манай баатар болж, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэн Баян-Өлгийг авч үлдсэн байна аа гэх асуулт яалт ч үгүй гарч ирж байна.
Оспан гэдэг нэртэй Монгол Улсын баатар байхгүй гэдгийг баттай хэлж байна. Бид үүх түүхдээ хайртай. Баатруудаа эрхбиш мэднэ, баатарлаг түүхээр нь бахархдаг ард түмэн. Гэтэл ямар тогтоол хаагуур яаж батлагдаад Оспан гэж хүн Монгол Улсын баатар болсныг бид мэдээгүй байж болох юм. Тэрийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдсэн болохоороо тэгж хэлж байгаа биз. Тэгвэл тэр тогтоол, албан ёсны бичиг баримтыг нь бидэнд танилцуул гэж нэгдүгээрт шаардаж байна. Монгол Улсын баатар бол зарлигаар гарч, төрөөс олгодог цол. Хоёрдугаарт, Оспан хэнтэйгээ яаж тэмцэж Баян-Өлгий аймгийг авч үлдсэн болж таарч байна вэ. Тухайн үед Баян-Өлгий хаашаа салчихсан байсан юм бэ, аль нутагт харьяалагдаж байсан юм. Тэгээд яаж тэмцэж, бидэнтэй буцаан нэгтгэж авч үлдсэн юм бэ. Салаад явчихсан байсан аймгийг яаж буцааж нэгтгэсэн юм бэ гэдэг энэ асуултуудад тайлбар шаардаж байна, УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас.
Газар нутгаа нэгтгэсэн орчин цагийн хамгийн сүүлийн жишээг авч ярихад, Крымийг нэгтгэсэн Владимир Путиныг л Оросын бүрэн бүтэн байдлыг хангалаа гэж оросууд нь шүтдэг юм гэсэн. Түүн шиг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр тэр үед аль улсын харьяанд байсныг, энэ аймгийг ямар улсууд эзэмшиж байсныг нь Оспан бидэнд буцааж авсан юм бол. Энэ бүхэнд танаас бүрэн хэмжээний тайлбар шаардах эрх Монголын ард түмэнд бий.
Бидний мэдэх түүхээр, Баян-Өлгий гэж аймаг тухайн үед буюу Манж Чин улс, Олноо өргөгдсөн Монгол Улсын үед Монголын баруун хэсэгт оршиж байсан Ховдын хязгаар гэж засаг захиргааны нэгжид харьяалагдаж байсан газар нутаг юм. 1762 онд Дөрвөд далай хаан, Тагнын урианхай, Алтайн урианхай, Торгууд, Захчин, Мянгад, Өөлд хошуудыг нэгтгээд Ховдын хязгаар нутаг хэмээх засаг захиргааны бие даасан нэгж байгуулж Ховд хотод улсаа төлөөлсөн Амбан суулгаж байсан түүхтэй. Олноо өргөгдсөн Монгол Улсын үед урианхайн долоон хошуу байснаас Ёст засгийн хошуу, Дархан засгийн хошуу, Саруул гүний хошуу, Эетэй гүний хошуу, Зүтгэлт гүний хошуу, Зоригт гүний хошуу нь одоогийн Баян-Өлгий аймгийг бүхэлд нь хамран оршиж байсан бөгөөд хошуу болгон нь захирдаг ноёнтой байсан юм. Казахуудад Оспан биш Богд хаант улсын их эзэн хаан Жавзандамба хутагт хишиг хүртээж газар нутаг зааж өгснийг бид мэднэ. 1911 оны хувьсгалын дараа тэднийг Монголын харьяанд Богд хааны зарлигаар оруулсан түүх нь Улсын архивт хадгалаатай байна. Үнэн түүх нь ийм байхад та түүхийг гуйвуулж, огт ор үндэсгүй худал ярилаа гэж бид харж байна.
Попорно, попорно гэхэд арай дэгдэж байгаа бус уу, та. Таны хэлсэн, зохиож ярьсан энэ түүхээр шинэ үеийнхэн хүмүүжвэл яах болж байна. Баян-Өлгийн казах залуучууд түүх үнэхээр л ийм байжээ гэж ойлгоно. Монголчууд ч тэр Оспан гэж баатар Монгол Улсын газар нутгийг нийлүүлж өгчээ гэж ойлгохоор байна. Энэ нь яваандаа улс төрийн хор хохирол хэр их учруулах вэ гэдгийг та мэдэх үү. Энэ талаар бодсон уу. Салан тусгаарлах, тэртэй тэргүй бидний нутаг гэж бодох янз бүрийн үзэл бодол гарч ирэх үндсийг та тавьчихлаа. “Казах, Монголын ах дүүгийн сайн харилцаанд хор хүргэх гэж, хор хүргэх гэж зарим нэг МАНАН бүлэглэлийн этгээдүүд буруу алхам хийсэн гэдгийг би энд зориуд хэлэхийг хүсч байгаа” гэдэг чинь юу гэсэн үг вэ. Бид гадаад улс биш, нэг улс. Нэг улсын хоорондын найрамдалт харилцаа, сайн харилцаа гэж юу байдаг юм бэ.
Монгол төрийн зүтгэлтэнд хэлдэг үг, хэлдэггүй үг, яриа гэж бас бий. Бидний нөгөө бахархаад хайрлаад байдаг Байтаг Богдод тэмцэж явсан баатрууд тэгээд юу болох вэ. Таны яриад байгаа Оспан гэх баатрыг тань алсан эрэлхэг хилчид маань тэгээд дайснууд болж байна уу. “Байтаг Богд” гэж кино гарсан. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Монгол Улсын баатруудын тухай кино. 1947-1949 оны хооронд Ховд аймгийн Булган сумын нутагт болсон Байтаг богдын тулгаралт, Бүдүүн харгайтын тулалдааныг Монголын ард түмэн мартаагүй. Яагаад вэ гэвэл тэнд Монголын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын төлөө олон арван эрэлхэг хөвгүүд маань эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн. Тэр дундаа Байтаг богдын тулгаралтад 120 орчим дайсны эсрэг 10-хан хилчин хэрхэн амь насаа хайрлахгүй тэмцсэн баатарлаг түүхийг бид мах цусаараа мэдэрч, бахархаж явдаг.
Байтаг Богдод тулалдсан Монгол Улсын баатар Б.Тэгшээ, Л.Даваадорж, Б.Гиваан тэргүүтэй Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Г.Хаянхярваа, Д.Чойжин, Л.Гончигзэгвэ, Ч.Пэлжээ нарын эрэлхэг хилчид маань тэгээд дайсан болох уу, Ж.Батзандан гишүүн ээ. Монгол Улсын “баатар” Оспаны эсрэг тэмцэж явсан хүмүүс чинь тэгээд Монгол Улсын дайсан болдог юм байгаа биз дээ.
Хэрвээ та худлаа хэлсэн бол Монгол Улсын баатрууд, тэдний үр садаас уучлалт гуй. Монголчуудаас уучлалт гуй. Байтаг Богдын тулгаралтад амь насаа алдсан Монголын дайчин хөвгүүдийн сүнснээс уучлал гуй, та.
Гэхдээ энэ ганц удаа уучлалт гуйгаад өнгөрөх асуудал биш юм. Өнгөрсөн үе рүүгээ, Монголын түүх рүү та нулимлаа. “Өнгөрснөө чи гар буугаар буудвал, ирээдүй чамайг их буугаар буудна” гэж Дагестаны суут яруу найрагч Расул Гамзатов “Миний Дагестан” номондоо бичсэн байдаг. Үүн шиг та өнгөрсөн үеийн түүх рүүгээ нулимлаа. Таны хэлсэн дээрх үгнүүд гар бууны чинээтэй биш ч таныг ирээдүй их буугаар буудна. Та улс төрийн замналаа одоо дуусга, илүү их гай түйтгэр болоогүй дээрээ өндөрлө. Зориуд санаатай ийм асуудлыг хөндөх гэж л та тийшээ явсан юм биш үү. Монгол Улсын газар нутаг түүний бүрэн бүтэн байдал, ард түмний эв найрамдалтай байдал бол таны суудлаас хэдэн зуу дахин үнэтэй зүйл юм. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын голлон анхаарах ёстой зүйл. Тийм ч учраас УИХ энэ асуудлыг яаралтай авч хэлэлцэн, Ж.Батзандан гишүүнийг гишүүнээс нь эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


скачать dle 12.0