Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг улс шүү...

Тэр утгаараа Монголын бүхий л компани, иргэдийн мэдээлэл банкууд дээр байдаг.Хуулиараа Монголбанк, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагаас өөр хэн ч харилцагчийн мэдээлэлд гар хүрэх ёсгүй. Гэтэл ОУВС “хөтөлбөр хэрэгжүүлэх” нэрээр иргэдийн хувийн мэдээлэл рүү халдахаар зэхэж байгаа нь яавч сайны ер биш. Иргэд, компанийн дансыг хяналтандаа авна гэдэг нь том зургаараа Монгол Улсын эдийн засгийг нэвт шувт уншиж байгаагаас ялгаагүй. Эдийн засгийн аюулгүй байдал талаасаа ч хүсүүштэй зүйл биш гэдэг нь тодорхой. Тиймээс анх банкуудад активийн чанарын үнэлгээ хийх яриа гарч эхлэх үед л Р.Амаржаргал гэх мэт туршлагатай улстөрч, эдийн засагчид шүүмжлээд байсан нь цаанаа учиртай.Хэвлэлээр мэдээлэгдсэн албан ёсны тоо баримтаас үзвэл ОУВС манайд 2017, 2018 онд нийтдээ 970 сая ам.долларын санхүүжилт олгохоор тохиролцсон байдаг. Гэвч, өнгөрсөн 2018 онд орж ирэх ёстой 400 сая ам.долларын санхүүжилт орж ирэлгүй өдий хүрчээ. ОУВС-гийн зүгээс дээр дурьдсан “мөрдлөгийг” явуулсны дараа манайдсанхүүжилтээ үргэлжүүлэн олгоно гэж байгаа юм байна. Сангийн сайдын сүүлд хийсэн “ОУВС банкуудын капиталаа нэмэгдүүлсэн эх үүсвэрийг нь шалгах шаардлагатай гэж үзээд аудитын компани оруулахаар болсон” гэх тайлбараас үзвэл Засгийн газар сангаас санхүүжилт авахын тулд Монголын банкуудыг харилцагчидтай нь хамт “мөрдүүлэх” дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байна.Ингэхэд Засгийн газар эдийн засгаа сэргээх гэж хөтөлбөрт хамрагдсан уу, эсвэл иргэдээ мөрдөж мөшгүүлэхийн тулд өр тавиад байна уу? Дөрвөн зуун сая ам.долларын төлөө гурван иргэнийхээ мэдээллийг гаднын байгууллагад гаргаж өгнө гэдэг нэгд эдийн засгийн хувьд үр ашиггүй (аудитын компанийг хөлсөлснийхөө төлөө ч Засгийн газар мөнгө төлж таарна), хоёрдугаарт Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэнийхээ үндсэн эрхэд халдсан хэрэг болох биш үү? Ядарсан ч гэлээ, чадарсан ч бай хувийн нууцыг хуулиар хамгаалдаг улс орон шүү.
Б.Заяа
Эх сурвалж: inews.mn