ЖДҮ-г гэмт хэрэг гэж Ерөнхийлөгч хэлсэн шүү, МАН-ынхаан

ЖДҮ-г гэмт хэрэг гэж Ерөнхийлөгч хэлсэн шүү, МАН-ынхаан
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын зарим гишүүний  өмнөөс ичих үе олон байлаа.  Гэхдээ цаг хугацаа гэдэг сонин юм, саяхан л  иргэдийнхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин хэмээгдэж байсан нөхөд өнөөдөр  Үндсэн хуулийг өөрчилнө гээд дээгүүр нисч явах гэж. Тэдэнд ард түмний өмч болох Үндсэн хуулийг өөрчлөх гавьяа бий л юм байх даа. Ядаж ард түмний нүдэн дээр ил тод үйлдэгдсэн ЖДҮ-гийн хэргээ шийдэж, “гэмт хэрэгтнүүд”-ээ явуулчихаж чадаагүй парламент шүү дээ.
Жирийн иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮ-гийн гэмт хэргээ одоо мартагнуулах  ажлыг нөгөө хэд маань сайн хийж байна.  Нийгэмд энэ талаарх яриа ч бүдгэрч эхлэв.  Гэхдээ хэрэг хуучирдаггүй.  Тэд хуулийн хариуцлагаас мултарч болох ч ард түмний сонголтын өмнө очиж л таарна. ЖДҮ-чин гишүүд гэмт хэрэгтэн мөн үү гэвэл мөн.  Улсын Ерөнхий прокурор асан  хүртэл чуулганы танхимд ЖДҮ-чдэд зориулан хуулийн зүйл анги уншиж байсан.  Мөн Төрийн тэргүүн саяхандаа, УИХ-ыг өөрөө тарахыг шаардахдаа ЖДҮ бол гэмт хэрэг гэдгийг хэлсэн билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын 49 гишүүн өргөсөн тангаргаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсдөдөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” болох нь олон зүйлээр тогтоогдсон. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдлаа. Та бүхнийг улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг уриалж байна. Та бүхэн зоригловоос төрт ёсны түүхнээ цэгц шударгын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй” хэмээн чуулганы танхимд зарласан байдаг.
Энэ нь Төрийн тэргүүний хоёр дахь удаагийн шаардлага байв. Өмнө нь буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд УИХ-д өөрөө тарахыг шаардсан бичиг явуулж байлаа. Тэр үед ч мөн  сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн, хууль зөрчсөн үйлдэл гаргаж ирсэн гэдгийг Ерөнхийлөгч тодотгож байлаа.
Гэсэн ч ЖДҮ-чид таг чиг.  Ерөнхийлөгчийн шаардлагад одоогоор МАН-аас  хэн ч хариулт, няцаалт өгөөгүй байна.  Угаасаа хэлэх үг эрх баригчдад олдохгүй л дээ.    Одоогоор ЖДҮ-чин гишүүдийн тоо 49-д хүрчихээд  байна.  Энэ нь парламентын талаас илүү хувь нь “гэмт хэрэгтэн” гэсэн үг.  ЖДҮ-гийн асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж, таван гишүүнийг эхний удаад яллагдагчаар татсан ч хэргийг нь замхруулах ажлыг МАН-ынхан хийж эхэлсэн.   Ийм л парламентыг бид 2016 оны сонгуулиар бий болгожээ.   Тэд ард түмнийг одоо ч басамжилж, Үндсэн хуулийг бид өөрчлөх ёстой.  Одоо л биш бол хэзээ ч биш хэмээх тархи угаалтаа хийгээд эхэлжээ. Хэрэг хуучирдаггүй,   ЖДҮ-г гэмт хэрэг гэж Ерөнхийлөгч хэлсэн дээ, МАН-ынхаан. Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлсийг хийгээч гэж Төрийн тэргүүн уриалсан шүү,  эрх баригчид аа.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 


скачать dle 12.0