Д.Дагвадорж: Элдэв тавилт, пялдагдалт надад байдаггүй

Д.Дагвадорж: Элдэв тавилт, пялдагдалт надад байдаггүй
“Уул уурхайн сайд Д.Сумьяабазарын дүү, их аварга, Асашёорюү Д.Дагвадоржийн компани Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багт 2010 оны зургадугаар сараас эхлэн одоогийн ураны хайгуулын лиценз авч, хайгуул хийж эхэлжээ” гэсэн мэдээлэл сошиал орчинд тархсан билээ. Энэ талаар “Босоо хөх Монгол” ТББ-ын Архангай аймаг дахь салбарын гишүүн, иргэн Б.Банзрагч мэдээлэл хийж эсэргүүцэж байгаагаа зарласан юм.
Үүнтэй холбогдуулж, сүмогийн 68 Их аварга Асашёорюү Д.Дагвадорж аварга тайлбар хийжээ. Тэрбээр “Миний бие Монголдоо фэйсбүүкийн дагагчийн тоогоор эхний хоёрдугаарт явдаг. Аса лайв бодит байдлыг монголчуудтайгаа хуваалцаж явахыг хүсдэг. Элдэв тавилт, пялдагдалт байдаггүй. Надаас гарах зан харектир тэр чигээрээ л байдаг. Би элдэв хийсвэр худлаа зүйлд ясандаа дургүй. Яагаад гэвэл, би өөрөөрөө одоогийн энэ нийгэмд хөл зэрэгцээд явж байгаад оршино. Хийж бүтээж ирээдүйд шаналж явдаг нэгэн. Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч улсад хүүхэд нас залуу хангал насаа үдсэн учир эх орноо хөгжилтэй болоосой гэж чин сэтгэлээсээ бодож шаналдаг. Та, чи хэн байна фэйсбүүкийн буянаар надтай шууд харьцдаг. Та нар л мэдэхгүй дээ надад өдөрт түмэн жаргал зовлон тоочсон мессеж ирдэг. Хаяа би боддог юм. Би хэний төлөө амьдраад байна гэж... Чадлынхаа хэрээр дэмжээд туслаад явдаг... Тэр болгоныг энд ярих, бичих утгагүй зүйл. Гэхдээ би Монгол хүн, Монгол эх орноороо бахархаж жаахан ч болов тустай зүйл байвал дэмжээд явчих юмсан гэж их хүсдэг дээ. Хүн намайг онгироо сагсуу гэж хэлдэг. Ийм болоод төрчихсөн хүнийг тэгээд яахав одоо... Хүнд гай тарихгүй л явах хэрэгтэй гэж яс махандаа хүртэл ойлгосон хүний хувьд бичиж байна.
Чин үнэндээ надад дургүй хүн зөндөө л байгаа. Харин тэр хүмүүс хэзээ ч намайг хараагүй үзээгүй хүмүүс. Үзсэн бол өнгөр бодолтой хүмүүс... Архангай аймаг миний ээжийн нутаг. Эхийнхээ хэвлийгээс төрж бойжсон хүн ээжийнхээ нутгийг ухаж бусниулах уу. Миний бодол тийм зүйлтэй эвлэрэхгүй. Хүн насны нэг л жаран... Буцаад бид бүгдээрээ газартаа шингээд алга болно.  Тэрнийг би, бид бүгдээрээ бодох хэрэгтэй. Эцэст ийм хүн нинжа царайлаад явах уу” хэмээн бичжээ.
Түүнийг дэмжиж олны танил эрхмүүд ч сэтгэгдлээ бичсэн байв. Чингис хааны одонт, гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар “Миний мэдэхийн маш олон хүнд хариу нэхэлгүй тусалсан байдаг юм. Намайг анхны тоглолтоо хийх гээд хэн ч танихгүй хэцүү үед та тусалж маш их урам зориг өгч билээ. Би ямар их урам авсан гэж санана. Тэр тоглолтоос хойших оролцсон тэмцээнүүд илхэн харуулна даа. Өвөөг минь хүнд хэцүү үед та л тусалсан. Тэнгэрээс хараад танд баярлаж л суугаа байх. Тантай уулзах болгондоо хэлэхийг хүссэн үгээ сийрүүллээ. Олон хүнд тус болоод ард чимээгүй суугаад байхаар битүүхэндээ гайхдаг л байлаа. Сайн үйлийн үр гэж сайхан юмаа. Таныг монголчууд одоо л таньж эхэлнэ. Сайн үйл бүхэн нь хангалттай түшихээр гавьяатан бол та л даа. Намайг элдвээр бодох хэрэггүй би энэ хүнийг дэндүү эртнээс мэднэ. Адуучин нь байлаа... Амжилт хүсье ахдаа. Яриад байвал дуусахгүй” гэжээ.
Гавьяат жүжигчин, поп дива, дуучин Ж.Алтанцэцэг “Аварга дэлхийн хүн шүү дээ. Бид бие биенээ хүндэлж байж хөгжинө дөө уг нь. Тамын тогооны үлгэр шиг нэгнийгээ элдвээр хэлж байж санаа нь амардаг сонин хүмүүс больё оо... Битгий гоморх доо. Хогийн ургамал хаа сайгүй ургаж л байдаг. Олж харахыг хүссэн хүмүүст зориулж цэцэг ургадаг гэж. Зөв хүмүүстэйгээ санаа амар сэтгэлээсээ харьцаад л явчих. Нэрээ, нүүрээ нуучхаад хүн муулж эсвэл хэрэгтэй, хэрэггүй юманд оролцож санаа нь амардаг өөдгүй юмнууд надад яагаад ч юм тэнэж төөрөөд гасалж явдаг төрлөө олдоггүй сүнс шиг санагдаад байдаг юм. Угаасаа сайн муу сайхан муухайг ялгадаггүй нүд сэтгэл нь сохорсон хүмүүс байдаг. Юм ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй, ойлгосон ч тэгэхээс тэгэх гэж явдаг өөдгүй юмнуудыг битгий тоо...” гэжээ.

С.Сүлд
Эх сурвалж: 24tsag.mn
скачать dle 12.0