МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ ҮҮ, СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОХ УУ?
Сүүлийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн бараг бүх тоон үзүүлэлтүүдэд ахиц гарч, 2016 оны түвшинтэй харьцуулахад ихээхэн эерэг өөрчлөлтүүд бий болоод байна. Үүнд нэг талаас гадаад орчны таатай нөлөө, хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь чухал бөгөөд нөгөө талаас ОУВС-ын хөтөлбөр хэрэгжиж, дотоод эдийн засгийн бодлогууд зөв, тууштай явсны үр дүн юм. Хэдийгээр эдийн засгийн дүр зураг гэгээлэг болсон хэдий ч эрсдэлүүд оршсоор байгаа эдийн засагчид анхааруулж байна. Тэдгээрийн тэргүүн эгнээнд бичигдэхүйц нь манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны хоцрогдол юм. 2017 онд өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж манайд итгэх итгэл сэргэсэн хэдий ч ФАТФ-ын Ази, номхон далайн бүсийн байгууллагаас анхааруулга ирсэн. Уг байгууллага нь мөнгө угаах, терроризмтой тэмцэх (МУТСТ) ФАТФ-ийн зөвлөмжийн хэрэгжилтийг бүс нутгийн орнууддаа хангуулах үйл ажиллагааны чиглэлтэй. Харамсалтай нь Монгол Улс тэдгээр зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхгүй байгаа тул “Хар жагсаалт”-д орох эрсдэлтэй байгааг анхааруулсан юм.
Хар жагсаалт гэдэг бол үндсэндээ гадаад орнуудаас холбоогоо таслахтай ижил утгатай. Иймд үүнээс хойш Монгол Улсын МУТСТ чиглэлээр хууль эрх зүйн орчинд шинэчлэлт хийгдэж, тэдгээрийн хэрэгжилтийн хүрээнд ихээхэн ахиц гаргаснаар “Хар жагсаалт”-д орох эрсдэлээс зайлсхийж, улмаар “Саарал жагсаалт”-д орох эрсдэлийг бууруулж эрчимтэй хяналтад ороод явж байна. Эрчимтэй хяналт гэдэг нь манай улсын хүчин чармайлт, идэвхи зүтгэлийг үнэлэн саарал жагсаалтад орох эсэхийг хэлэлцэх хугацааг сунгаж, боломж олгож байгаа явдал юм.
Тэгвэл өнөөг хүртэл юу хийгдсэн, цаашлаад юу хийх ёстой байгааг дурдах нь зүйтэй байх. Юун түрүүнд МУТСТ тухай хуулийг шинэчлэн найруулж, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулснаар ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хуулийн үг хэллэгийг зөвлөмжүүдтэй нийцтэй болгож өгснөөр, түүнийг дагаж гарах журам, тэдгээрийн хэрэгжилтийг хангах өргөн хүрээний ажлууд хийгдэж байна. Тухайлбал, МУТСТ Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөл болон Терроризмтой тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлийг тус тус байгуулснаар улс орны бүх салбарт ажиллах боломжийг бүрдүүлэв. МУТСТ гэдэг ойлголт нь угаас улсын хэмжээнд, бараг бүх салбарын хүчин чармайлт, оролцоотой хэрэгжиж байж сая үр дүнтэй болох ёстой. Хэрэв аль нэг салбар алдаа, дутагдалтай байвал улс орон мөнгө угаах, терроризмыг дэмжих, гэмт хэргийн санхүүжилтийг төвлөрүүлэх бай болж тэр чигээр эрсдэлд оруулах аюултай.
МУТСТ үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй этгээд нь Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба юм. Уг байгууллага нь хэдийгээр Монголбанкны дэргэд гэж байгаа боловч бие даасан үйл ажиллагаатай бөгөөд санхүүгийн тогтолцоондох бүх эргэлзээтэй, аюултай гүйлгээнүүдийг шалгаж, хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлон, илрүүлдэг. Энэ ч утгаараа МУТСТ асуудлаар Монгол Улсыг төлөөлж ФАТФ-ын Ази номхон далайн бүсийн уулзалтуудад оролцож хэрэгжилтийг танилцуулдаг байна. 2017 оноос хойш Монгол Улсын МУТСТ тогтолцоонд ахиц гарсан ба үүнд гол үүрэгтэй оролцсон этгээд бол Санхүүгийн мэдээллийн алба гэж хэлэхэд дэгстүүлсэн болохгүй.
Манай орны МУТСТ үйл ажиллагааны хоцрогдол ихэвчлэн хэрэгжилт дээр байгааг талууд онцолж байна. Тэр дундаа хууль хүчний байгууллагын зүгээс илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа аж. Саяхныг хүртэл МУТСТ хуулиар шийдэгдсэн хэрэг бараг байдаггүй байсан. Гэтэл гэмт хэргээс үүсэлтэй хөрөнгө мөнгийг нууж, далдлах зорилгоор хэлбэрийг нь өөрчилж л байвал мөнгө угааж байгаа хэрэг болно. Цаашлаад төрийн ордонд халдаж, терроризмын хэв шинж бүхий гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлсэн нь эргээд асуудал болж байна. МУТСТ үйл ажиллагаа бол банк санхүүгийн тогтолцооноос аль эрт хальсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө зэрэг өмчлөлийн өөр хэлбэрүүд лүү шилжих боломжийг олгох эрсдэлтэй гэж үздэг. Энэ утгаараа сүүлийн үед хуулийн зүгээс шүүх, прокуророос авахуулаад нотариатчдын ажил хүртэл эргэлзээтэй этгээдийг илрүүлэх шаардлагыг бий болгож байна. Цагдаа, тагнуулын байгууллагуудын үүрэг, роль ч энд чухал.
Өнөөгийн байдлаар зохицуулалтын түвшинд ч тэр, хэрэгжилтийн түвшинд ч тэр хамгийн том ахиц гаргасан салбар банк, санхүү аж. Гэтэл бусад салбарын хоцрогдол эргээд банкинд хамгийн их хөнөөл учруулах юм байна. Өөрөөр хэлбэл би эмх цэгцтэй, ажлаа сайн хийдэг байлаа ч багт маань хамт ажиллаж байгаа нөхөр ажлаа олигтой хийдэггүй, багийн оноог арагш нь татдаг бол манай баг зорьсон хугацаанд зорилтдоо хүрч чадахгүй. Ер нь саарал жагсаалтад орвол хамгийн түрүүлж банкны гүйлгээ, төлбөр тооцоо нь саатаж манайхтай хамтарч ажиллах хүнгүй болно. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх дээр хойрго ханддаг улсыг хар, саарал жагсаалтад оруулдагийг дурьдсан бөгөөд уг жагсаалтад орсон улстай хамтарч ажиллах, мөнгөн гуйвуулгыг дамжуулах нь өөрөө тэдгээр этгээдүүдийн мөнгө угаах үйл ажиллагааг дэмждэг мэт ойлгогдолтыг төрүүлэх учраас их болгоомжилдог. Хэрэв ийм муу юм болвол бидэнд итгэх улсын тоо цөөрч, манай зээлжих зэрэглэл ч унана. Нөгөө бууруулах гээд байгаа зээлийн хүү эсрэгээрээ өснө гэсэн үг. Энэ нь иргэд бидний амьдралд шууд нөлөөлөх учраас хэрхэв ч хүлээн зөвшөөр ч болохгүй.
Ийм учраас мөнгө угаах, терроризмтой тэмцэх гэдэг бол холын зүйл биш. Харин ч юу юугүй хаалган дээр ирж байгаа атгаалжин хар мангас юм. Хэрэв мангас хаалгыг маань эвдээд орж ирвэл хэний буруу гэдгийг яриад ч нэмэргүй.
Одоо боломж олдож байгаа дээр бүх эрсдэлээс сэргийлэх шаардлагатай. Үүн дээр төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн идэвхи зүтгэл, хамтын ажиллагаа яах арга байхгүй чухал. Энийг л тал бүрдээ ойлгож энэ оны 10 сард болон дараа дараагийн Ази номхон далайн бүсийн уулзалтад бэлтгэх нь зүйтэй билээ.
Б.Баттүшиг