АН-ын даргыг МАН томилсон гэв үү?

АН-ын даргыг МАН томилсон гэв үү?

Уг нь АН-ынхан УИХ-ын 2016 оны сонгуулиар есөн гишүүнтэй бүлэгтэй болж байв. “…Чамлахаар чанга атга” гэгчээр өөдтэйхэн ажилласан бол сөрөг хүчний байр суурьтайгаа сонгуулийн бүрэн эрхийг дуусгах байв. Гэсэн ч өнгөрсөн жилээс УИХ дахь бүлгээ тарааж, үүнийг энэ жил албан ёсоор баталгаажуулсан.
Улмаар бүлэггүй болсон АН-ын гишүүд “гудамжны улс төр” хийгээд эхэллээ. Талбай дээр жагсаал хийж, иргэдтэй нийлээд “..Төр болохгүй байна” гэж хэвлэлийн байга хурал хийдэг болов.
Ийм болно гэж намынхан нь их хэлж байсан даа.
2018 оны сүүлчээр АН-аас дөрвөн жилийн хугацаатай хөөгдөж байсан Ж.Батзандан “…МАНАН-г, 60 тэрбумын бүлэглэлийг дэмжээгүй гурван гишүүндээ хариуцлага тооцож байна гэж АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар өнөө өглөө мэдээлэл хийлээ. Эрүүл ухаантай байгаа даа л гэж би гайхлаа.
АН яахаараа МАНАН-г, 60 тэрбумын бүлэглэлийг дэмжих ёстой юм. Би намын энэ шийдвэр, тулгалтыг ойлгохгүй байна.
Би намаас хөөгдсөн ч Монголдоо үлдсэндээ баяртай байна. Мөн монголчуудтайгаа хамт байх эрхээ хадгалж үлдсэндээ баяртай байна. Тун удахгүй МАНАН-гийн толгойлогч М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулна. 40 гишүүний бойкот үргэлжилнэ. МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг АН-ын удирдлагаас зайлуулах тэмцэл орон даяар эхэлнэ. МАНАН-гийн халаасанд орсон АН-ын дээрэмчин, тонуулчид бас зүгээр үлдэнэ гэж битгий андуураарай. Тун удахгүй Монгол орон даяар АН-ын мянга мянган шударга гишүүд босож, МАНАН болон М.Энхболдын халаасанд орсон С.Эрдэнийг зайлуулах тэмцэл эхэлнэ” хэмээн мэдэгдэж байлаа.
Ер нь энэ мэтээр С.Эрдэнэ М.Энхболд хоёрыг өөрөөр хэлбэл, С.Эрдэнийг МАН-тай холбодог. Үнэхээр ч АН-ын дарга С.Эрдэнэ МАН-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр М.Энхболдыг илт өмгөөлсөн үг хэлж, түүнээс галыг холдуулахын тулд “…МАНАН-гийн гол зохион байгуулагч Ц.Нямдорж огцор” хэмээн тэс хөндлөн шаардлага тавьж суусан гэж хэвлэлүүд бичсэн нь бий. Мөн С.Эрдэнийг 2017 оны нэгдүгээр сарын 30-нд АН-ын дарга болонгуут УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзаж “УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ та АН-ын даргын сонгуульд амжилттай оролцож, гишүүдийнхээ олонхийн саналыг авч, сонгогдсонд баяр хүргэе” гээд мөнгөн аягтай сүү, хадагтай өгч байлаа. Хариуд нь АН-ын дарга С.Эрдэнэ “…Эрхэм УИХ-ын дарга танд баярлалаа. Энэ үйл явдлыг Монголын төрт ёсны соёлын нэгэн илэрхийлэл гэж хүлээн авч байна. АН, МАН бол Монгол төрийн хоёр багана. Энэ хоёр багана гулзайхгүй, бат бөх, тэгш байх ёстой. Намуудын хооронд улс төрийн өрсөлдөөн байх нь дамжиггүй” гэж байв. Үүнтэй зэрэгцээд “Ардчилсан намын даргын сонгуульд Ардын нам яллаа“ гэсэн “бор шувуу” олон нийтийн сүлжээгээр “ниссэн” байдаг юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
З.БАТТӨМӨР
скачать dle 12.0