Туркмений хүн амын гуравны нэг нь эх орноосоо дүрвэсэн гэнэ

Туркмений хүн амын гуравны нэг нь эх орноосоо дүрвэсэн гэнэ
Төв Азийн Туркменистан улсад саяхан явуулсан хүн амын тооллогоор тус улсын хүн амын бараг гуравны нэг нь сох дутсан үр дүн гарсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Туркменистан улсын хүн ам 2008-2018 оны хооронд үлэмж хэмжээгээр хорогдсон тоо баримтыг ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовт танилцуулсан ч түүнд энэ мэдээлэл таалагдаагүй тул дахин өөр аргаар тоолох даалгавар өгсөн тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Олон нийтээс нууцалж байгаа уг тооллогын үр дүнгээр бол тус улсын 5.4 сая хүн амын 1,879,413 нь буюу бараг гуравны нэг нь гадаад оронд байнга амьдрах, ажиллахаар Туркменээс явсан гэнэ.
Уг тоо нь байгалийн хийн нөөцөөр баян Төв Азийн энэ оронд эдийн засгийн гүн хямрал нүүрлэж, хүн амьдрахад хэцүү болж байгааг харуулж байна.
Туркмений эрх баригчид сүүлийн жилүүдэд иргэдээ гадаад орнууд руу явуулахаас татгалзах бодлого барьж байгаа. Онгоцонд суух гэж байгаа зорчигчдын тийзийг ямар нэг шалтгаангүйгээр гэнэт цуцлах үзэгдэл түгээмэл болсон.
Тодорхой хууль тогтоомж гараагүй ч 40-өөс доош насны иргэдийг хилээр гаргахгүй байх чиглэлийг дээрээс өгсөн тухай олон эх сурвалж мэдээлсэн нь бий.
Энэ талаар тодруулахад цагаачлалын албаныхан “улс оронд ажиллах хүч хомсдохоос сэргийлэх зорилгоор дээрээс өгсөн чиглэл” гэж тайлбарлажээ.
Туркменчуудын ажил хийхээр гадагшаа явдаг гол чиглэлүүд нь ОХУ, Казахстан, Турк болдог байна. Өнгөрсөн онд Ашгабат дахь ОХУ-ын элчин сайдын яамны гадаа виз хүссэн иргэдийн урт цуваа үүссэнийг хэвлэлүүд харуулж байв.
Туркмений эрх баригчид тэдгээр иргэд рүү чиглэсэн шууд ухуулга хийж, удахгүй эдийн засгийн нөхцөл байдал дээрдэх тул эх орноосоо явахгүй байхыг ятгаж байжээ.
Эдийн засгийн хямралаас гадна хүний эрхийн нөхцөл байдал иргэдийг гадагш дүрвэхэд хүргэж байна. Туркмений засгийн газрын бодлогыг шүүмжилсэн хүмүүсийг шорон, сэтгэцийн эмнэлэг хоёрын нэгэнд хоригдох хувь заяа хүлээж байдаг бөгөөд тус улсад ганц ч чөлөөт хэвлэл байхгүй, сонгууль нь хэзээ ч олон улсын стандартаар зохион байгуулагдаж байгаагүй юм.
Р.Төмөр
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty
скачать dle 12.0