Төрийн алтан аргамж тахал нэвтрүүлэх үүд болжээ
НОГООН ПАСПОРТООР ЗАМАА ЗАСАЖ, ХАР ТАМХИ ЗӨӨВӨРЛӨСӨН ХЭРЭГ АНХНЫХ БИШ
Сүүлийн үед нийгэмд хамгийн өсөлттэй үзүүлэлт хар тамхины хэрэгт холбогдогчдын тоон дээр яригдаж байгаа нь харамсалтай. Тодруулбал, энэ төрлийн гэмт хэрэг 76.1 хувиар, ял шийтгүүлсэн хүний тоо 81.5 хувиар тус тус өсжээ. Эдгээр нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрт гарч, шүүхээр шийдвэрлэгдсэн тоо. Харин хилийн чанадад монгол хүн хар тамхины хэрэгт холбогдсон зуу гаруй тохиолдол байдаг. Энэ тоо ч мөн буухиалан нэмэгдсээр байна.
Өнгөрсөн сард Истанбулын Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Турк дэх Монголын Элчин сайдын яамны дипломат дугаартай машинд гурван сая еврогийн үнэ бүхий 70 кг героин тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод баригдсан нь дуулиан тарьж байна. Хачирхалтай нь Германы хэвлэлээр энэ тухай шуугиагүй бол манай ГХЯ нуун дарагдуулсаар байх байж. Сарын өмнө хоёр ажилтан нь санаанд багтамгүй ноцтой гэмт хэрэгт холбогдчихоод байхад нүдэн балай, чихэн дүлий суусан ГХЯ, Консулын газар хурал зөвлөгөөн зохион байгуулснаа магтан дуулж байв.
Германы хууль хяналтынхан “Истанбулын хоёр”-ыг нэлээд туршлагатай, олон жил зөөвөрлөсөн байж болзошгүй гэж шалгаж байгаа бололтой. Түүнчлэн тэдний ард хар тамхины наймаагаар дагнасан мафийн том сүлжээ бий хэмээн үзэж, тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Хачирхалтай нь Германы хэвлэлээр энэ тухай шуугиагүй бол манай ГХЯ нуун дарагдуулсаар байх байж.
Хэрэв энэ хэргийг германчууд мухарлавал Монголын нөлөө бүхий томчууд, улстөрчид, хуулийнхан ичгүүртэйгээр илчлэгдэж болзошгүй. Баригдсан хоёроо золиосолж орхиод ажиллагаагаа үргэлжлүүлэх дараагийн томилгоо нь бэлэн гэж үзэх хүн ч байна.
Улсын нэр хүндийг унагахаас илүүтэй хүн төрөлхтний сүйрэл, цагаан тахлыг түгээхэд Монгол төрийн элч гар бие оролцож яваад нь харамсаад барамгүй. Дипломат эрх бүхий байгууллагын ажилчид нь мафийн хэмжээнд үйлдэгддэг ноцтой гэмт хэрэгт холбогдсон нь тус улсад ажиллаж амьдардаг монголчуудад хүндээр туссан байна. Хувиараа бизнес эрхэлдэг монголчуудын байр, обьектод нэгжлэг хийж, гудамжинд явахад нь бичиг баримтыг шалгаж байгаа аж.
Ногоон паспортоор замаа засаж, хар тамхи зөөвөрлөсөн энэ хэрэг анхных биш. 2005 оны гуравдугаар сард Болгар дахь Монголын Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Д.Шатарбал дипломат дугаартай албаны машиндаа 23 сая ам.долларын үнэ бүхий хар тамхи тээвэрлэж яваад тусгай албаныханд баригдсан. Түүнд 2008 онд арван жилийн хорих ял оноосон ч хугацаанаасаа өмнө суллагдаж, одоо эрх чөлөөтэй явна.
Дипломатчид улсаа төлөөлж очсон орондоо ажиллаж, амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалан, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх үүрэгтэй ч, бүрэн эрхийн дор хууль бус наймаа хийсээр ирсэн нь нууц биш. Аль социализмын үеэс эхэлсэн “янжуурын наймаа” нь Монголын элчингийнхний нэр хүндийг шавартай хутгасан. Ялангуяа 2001-2007 онд хууль бусаар тамхи хил дамнуулж худалдсан хэрэгт холбогдсон Монголын дипломат албаныхан Европоор нэг муу нэрээ цуурайтуулж байв.
Энэ хугацаанд татвараас нуун дарагдуулсан тамхины наймааны хорь гаруй тохиолдол бүртгэгдэж байлаа. 2016 онд Будапешт дахь Монгол Улсын ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөх Д.Дөхөмбаяр хуурамч тэмдэглэгээ ашиглан их хэмжээний тамхи оруулах гэж байгаад Украины хилийн албаныханд саатуулагдаж байв. ХБНГУ-д л гэхэд хууль бус тамхины наймаа хийсэн гурван монгол дипломатч саатуулагдсан. Түүнчлэн Бельги, Польш, Болгар, Франц, Белорусын хил дээр хураагдсан тамхины эзэд мөн л Монголын ЭСЯ-ны ажилтнууд байлаа.
Харин тансаглалд умбаж, хараа хяналтгүй зугаа цэнгэлд хөл халтирсан тэдгээр донтогчдын нөлөөгөөр хар тамхи хэрэглэгч залуусын тоо өссөөр байгаатай эвлэрч, уучламгүй.
Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр гэмт хэрэгт холбогддог орон тооны ажилчдын хажуугаар танил талаараа “ногоон” паспорт авсан үл бүтэх этгээдүүд ч олон улсын хил дээр баригдсан тоо олон.
Харин 2010 оноос хойш харьцангуй чимээгүй болсон дипломатынхан тамхи тээвэрлэдэг сүлжээгээ мансууруулах бодис зөөвөрлөдөг болгон өргөжүүлсэн байх гэсэн хардлага төрүүлдэг
Монгол Улсаас гадаад оронд суух дипломат албаны багт жирийн нэг хүн багтаад явчихдаггүй. Эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий этгээд, тэдний гэр бүл, эсвэл улстөрчдийн эрх ашиг, лоббигийн нөлөөгөөр тодорсон Элчин сайдууд Монгол төрийн алтан аргамжийг орон бүрт хүргэх үүрэг хүлээдэг. Харамсалтай нь улсынхаа нэр хүндийг унагаж, гэмт хэрэгт холбогдсон тохиолдолгүй чих амар өнгөрүүлсэн жил гэж бараг алга.
Энэ төрлийн хэрэгт холбогдсон дипломат ажилтнуудыг ямар нэгэн аргаар буцаах арга хэмжээ авч, харин ирсэн хойно нь Монголоос илгээсэн нөхөд нөлөөлж хэргээс мулталдаг аж.
“Хар тамхины бизнесийн далд эзэд нь нөлөө бүхий улстөрч, бизнесменүүд, харин тэдний гар хөл бологсод нь хууль шүүхийнхэн” гэх яриа гадуур явдаг. Төрсөн үр нь хар тамхинд донтож, нүдэн дээр нь аажмаар “үхэж” буйд тарчилж суугаа улстөрч, бизнесмэнүүд хүүхдээ ялаас мултлахын тулд юу ч хийхээс сийхгүйг хүн ёсоор бол ойлгож болох юм. Харин тансаглалд умбаж, хараа хяналтгүй зугаа цэнгэлд хөл халтирсан тэдгээр донтогчдын нөлөөгөөр хар тамхи хэрэглэгч залуусын тоо өссөөр байгаатай эвлэрч, уучламгүй. Өнөөгийн эрх баригчдаас хар тамхитай тэмцэх алхам хийх, хуулиа чангатгана гэж найдаж, хүлээлтгүй.
Ервопын орнуудад хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар үйлдвэрлэсэн, худалдан борлуулж түгээсэн, хэрэглэсэн, тээвэрлэсэн бол дунджаар 3-15 жилийн ял оноодог. Харин Азийн орнууд цагаан тахлыг эсэргүүцэж хуулийн чанга заалтаар хянадаг. БНХАУ-д 50 граммаас дээш хэмжээний хар тамхи биедээ авч явсан, зөөвөрлөсөн л бол шууд цаазаар авах ял оноодог.
Малайзаас хятад руу аялсан бүсгүйн тээшинд найз нь нууцаар хар тамхи хийж илгээгээд хил дээр баригдсан тохиолдол бий. Түүнд цаазын ял оноож, Монголоос ээж, хүүхдүүд нь ялыг гүйцэтгэхээс нь өмнө очиж уулзаж байв. Азаар хоёр улсын хэлэлцээрээр цаазын ялыг бүх насаар нь хорих болгон өөрчилж, 2015 онд ялтан солилцох гэрээгээр эх орондоо авчирсан. Дүйцүүлэх шүүх хурлаар бүсгүй 15 жилийг эмэгтэйчүүдийн хорих ангид эдлэхээр болж байв.
Гэтэл улс төрийн дэмжлэгээр асар хурдан шат ахиж яваа нэгэн эрхмийн хүү хятадын шоронд ороход, аавын нөлөөгөөр маш хурдан ялтан шилжүүлэх гэрээгээр авчрангуутаа шууд сулласан байдаг. Энэ нь хоёр улсын хуулийн байгууллагын харилцаанд том тээг болж, цаашид солилцооны гэрээ хийхэд түвэг учруулсаар байгаа тухай яриа бий.
Диполмат нэрийн ард гэмт хэрэгтнүүд шургалж, тэднийг өөгшүүлэн хамгаалагч улстөрчдийн увайгүй явдлын цаана Монголын мянга мянган залуус хар тамхинд татагдан орсоор. Энэ бизнесийн сүлжээг Монголд биш, шударга хуультай гадны улсад л таслах бололтой.
Э.Батцэцэг
Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин