Ерөнхийлөгч Х.Баттулга парламентыг тарахыг дахин шаардлаа
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь энэ парламент, УИХ-ыг тарахыг шаардаж байсан бөгөөд энэ удаад ч мөн дахин шаардаж байна гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Миний бие энэ удаад өмнө нь тавьж байсан 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ өөрөө тарах шийдвэр гарах саналыг дахин тавьж байна. Хагас жил орчим хугацаа өнгөрөхөд УИХ үйл ажиллагаа, ёс зүй нь сайжирсангүй, улам дордож иргэд сонгогчдын итгэлийг бүр мөсөн алдахад хүрээд байна. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 31-р зүйл 31.1 дэх заалтыг үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаасаа өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг дахин санал болгож, уриалж байна.
2016 оны сонгуулийн дүнгээр бүрдсэн УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэх, ард түмний эрх ашигт харшлах олон зүйл, гэмт үйлдлүүдийг удаа дараалан хийж ирлээ. Нэхэн сануулбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлын зөрчилтэй, асар өндөр үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газар, УИХ-ын гишүүд болон хамаарал бүхий этгээдүүдтэй гэрээ байгуулж, олон алдаатай бодлого явуулсны дүнд огцорсон. УИХ-ын 39 гишүүн өргөсөн тангаргаасаа ухарч, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн ЖДҮХС-аас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан нь олон зүйлээр тогтоогдсон. УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авлигын хэрэгт сэрдэгдэх нь улам даамжирч, УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа алдаж байна. аад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ.
Та бүхний батлан гаргасан Татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон, Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа.
Улсын хөгжил дэвшлийн үндэс нь Төр, төрийн албан хаагчид шударга ёсыг үлгэрлэн сахидаг, ёс зүйн хэм хэмжээг ягштал хэрэгжүүлдэг байх явдал гэдгийг эрдэмт мэргэд эрт үеэс сургаж ирсэн билээ. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авлига, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ. Та бүхнийг улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг би дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос энэ нь төрт ёсны түүхнээ цэгц шударгын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй. Улам бүр явцууран мухардаж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хэвийн горимд аваачих, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд Та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж байгааг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун.
Энэ бол Та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэх болно.
Сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж байсан юм.
Ийнхүү Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын үйл ажиллагааг шинэчлэхээр, хурууны хээгээр санал авахаас эхлээд олон дэвшилтэт үйл ажиллагаа явуулж байгаа. УИХ-аар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай хуулийн төсөл хэлэлцэж байгаа болон хэлэлцэх асуудлын дараалалт оруулаагүй учраас энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй гэлээ.
Эх сурвалж: News.mn