В.Путиныг дуурайх дуртай юм бол В.Путин шиг л байх хэрэгтэй

В.Путиныг дуурайх дуртай юм бол В.Путин шиг л байх хэрэгтэй
Ардын намынхан маань ард түмнээ бүрмөсөн гаргуунд нь гаргахаар шийдсэн бололтой. Ард түмний өнөөгийн төр засгаас хүсэн хүлээж байгаа ганц зүйл бол эдийн засгийг яаралтай хэвийн болгож, ард түмний амьдралыг сайжруулах явдал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Энэ үүднээсээ ч олон түмэн У.Хүрэлсүхийн Засгийн газарт найдлага тавин харж суугаа. Түүнээс биш эдийн засаг хямарлаа гээд ард түмэн, олон түмнийхээ амьжиргаа руу орж, иргэдийнхээ сэтгэл санааг улам хямраах нь муухай.
МАН-ынхан ардчилсан намынхныг засаг барьж байх үед өөрсдийн ахмад гишүүдээ Сүх жанжны талбай дээр суулгаж, халамж танаж байгааг эсэргүүцсэн жагсаал цуглааныг албаар зохион байгуулж байсан даа. Гэтэл одоо өөрсдөө төрийн эрхэнд гарчихаад баахан танана хэмнэнэ гээд байдаг нь ямар учиртай юм бол? Уул нь өнөөгийн засгийн газрын эн тэргүүний хийх ёстой ажил бол халамж тэтгэвэрийг хасах биш эдийн засгийг эрүүлжүүлж байгаа бүхий л бодит боломжоо дайчилж, аль болох хурдан мөнгө босгох арга замыг эрэлхийлэх ёстой.
Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал хүнд байгааг хэн хүнгүй харж байгаа ч ард иргэдээ бодох оюун ухаан энэ төр засагт байгаа байх гэж найдаж байна. Та нар одоо энэ байгаа бараа таваар, бензин шатахууныхаа үнэ ханшийг хар. Өргөн хэрэглээний бараа таваар, хоол хүнс, бензин шатахууны үнэ ханш өдрөөс өдөрт өсөж, ард түмний амьдрал өдөр ирэх бүр улам дордож байна. Гэтэл эрх баригч намын том жижиг гэлтгүй дарга даамлууд юу ч болоогүй юм шиг амьдрал сайхан байна гээд арзайтал инээгээд сууж байх юм.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд уул нь Оросын Ерөнхийлөгч В.Путиныг дуурайх дуртай юм шиг байна лээ. Хэрвээ үнэхээр В.Путиныг дуурайх гээд байгаа юм бол В.Путин шиг л ухаантай байх ёстой баймаар. "Түүнээс биш нэг л их цээж нүцгэн зургаа авахуулж, морь унаж буу шийдэм үүрснээр В.Путин болчихгүй шүү дээ.”
Дарга даамал боссууд жийп машин унахгүй, жижиг машин унана, бараг л явган таваргана гээд байсан яалаа. Шал худлаа. Одоо ч гэсэн бүгдээрээ өнөөх жийп машинаа унаад л явж байна. Ямар ч утга учиргүй ингэж худлаа хэлж байдгаа болимоор юм. Тийм учраас Ерөнхий сайд болон нийт УИХ-ын гишүүд та бүхэн өөрсдийн оюун ухаан юу байдгаа дайчилж улс орноо хөл дээр нь яаралтай босго. Харин танана хасна гэвэл өөрсдийн хангамжийг л хас гэж хэлье.  Гэхдээ энэ бүх эдийн засгийн хямралыг та нарын өнөөх үхэн хатан хайрлаж хамгаалаад байдаг МАНАН бүлэглэл чинь авчирсан гэдгийг ард түмэн мэдэж байгаа шүү гэдгийг энд хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. 

Ж.Бат 
Эх сурвалж: Guren.mn
скачать dle 12.0