Х.Баттулгын улстөрийн карьеар 2021 оноор дуусах уу
-Түүний хугацааг сунгах уу, төгсгөх үү гэдэг нь ЖДҮ-чидтэй хариуцлага тооцож чадах, эсэхээр хэмжигдэнэ гэсэн үг-
Одоогоос зургаан сарын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүнээс 40 гаруй нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан нь тодорхой болж нийгэмд шуугиан тарьж байлаа. Жилд ердөө гуравхан хувийн хүүтэй энэ зээл зорилтот бүлэгтээ хүрсэн бол аштай юу. ЖДҮХС-гийн зээлийн эх үүсвэрийг УИХ-аар анх хэлэлцэж батлахад гишүүд “Нийгмийн дундаж давхаргынх ч дотооддоо үйлдвэрлэл явуулж буй иргэдээ дэмжье” гээд кнопоо дарцгааж байсан. Тэгвэл дээгүүрээ өөрсдөө хуваагаад авчихсан байгаа юм. Энэ үйлдэл нь илэрч хариуцлагын асуудал яригдангуут Ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гишүүд зээлээ төлөөд, уучлал гуй” гэсэн. Гэтэл энэ нь уучлал гуйгаад болчих ичгүүрт явдал төдий биш шүү дээ.“Ард түмнээ сайхан амьдруулна” гэж амлаж УИХ-д гарчихаад иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх гол “судас”-ыг ханасан жигшүүрт гэмт хэрэг. Адилтгаваас цус сорогчид шиг авирласан.
Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үед ЖДҮ-ийн сангаас зээл авсан гишүүдийн асуудал дэлгэгдэхэд УИХ-ыг сайн дураараа тарахыг шаардаж байсан. Гэтэл Ардын намынхан нөгөөхийг нь М.Энхболдыг огцруулах зэвсэг болгоод ашиглачихсан. ЖДҮ-чин гишүүдтэй хэн ч хариуцлага яриагүй. Харин намын дарга нь “2020 оны сонгуулиар тойрог өгөхгүй шүү” гэж хэсэгтээ шахсан нь арай тэдний авсан “ЖДҮ”-ээс хувь авсан юм биш биз гэх хардлагыг төрүүлсэн. Тэгсхийгээд “Хөгжлийн банкны хэрэг, “Эрдэнэт”-ийн 49, 51-ийн асуудал, М.Энхболдыг огцруулах жагсаал, тэмцэл гэхчлэн үйл явдлууд үргэлжилж ЖДҮ-ийн хэрэг дарагдсан. Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилоход Ерөнхийлөгчийн зүгээс “ЖДҮХС-ийн зээл иргэдэд очно гэж найдсаны улмаас дэмжиж байна” гэж хэлснээс өөр хэн ч ЖДҮ –ийн хэргийн талаар сөхөж сануулсангүй.
Нийгэм өнөөдөр тэр чигээрээ өөр асуудал руу хошуурч байна. ЖДҮ-чин гишүүдийн хэрэг энэхүү шуугианд дарагдан замхрах бололтой. Уг нь мартаж өнгөрүүлж хэрхэвч болохгүй онц ноцтой гэмт хэргүүдийн нэг нь яах аргагүй ЖДҮ-чин гишүүдийн зээлийн асуудал юм.
У.Хүрэлсүхийн хувьд өндгөө дарсан шувуу шиг намаа, ЖДҮ-чин гишүүдээ хамгаалж байна. Тэр хэзээ ч хариуцлага ярихгүй гэдгийг ард түмэн хангалттай харчихлаа.
Тэгэхээр ЖДҮ-тэй тэмцэх эр зориг Ерөнхийлөгч Х.Баттулгад л байна. Тэр зоригоо одоо л гаргах цаг нь мөн. Яагаад гэвэл тэрбээр санасандаа хүрч АТГ, УЕП гэсэн чухал чухал газрын дарга нарыг сольж өөрийнхөө хүмүүсийг тавьсан. Тийм учраас л Ерөнхийлөгчид бүх эрх мэдэл, зориг зүрх нь байгаа гэж хэлээд буй. Хэрвээ Х.Баттулга баримттайгаа гардуулсан ЖДҮ-ийн хэргийг эрх мэдэлтэй байхдаа шалгахгүй бол 2021 онд ард түмэн түүнд итгэл үзүүлэхгүй. Угтаа бол түүний хугацааг сунгах уу, төгсгөх үү гэдэг нь ЖДҮ-чидтэй хариуцлага тооцож чадах, эсэхээр хэмжигдэнэ гэсэн үг.