Байгаа уурхайгаа хураана, хумина гэж байхаар байхгүйг байлгахын төлөө ажиллаасай даа
Улс төрийн попрол хүн төрөлхтний түүхэнд гай болж байснаас тус болсон удаа байхгүй. Улс үндэстний хөгжил дэвшлээс хойш нь яхийтал чангаадаг хамгийн хор хөнөөлтэй зүйл нь улстөрчдийн хийрхэл, попрол юм. Гэвч поп улстөрчид хүн төрөлхтөнд гамшгаа дэлгэсээр байна. Дэлхий нийтээрээ попрол ямар аюултайг мэддэг болсон. Тэдний эрин үе дуусч, төгсгөл болж байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Хүн төрөлхтөн ухаалаг хэрсүү болж байна. Хэн нэгний нэр хүнд олж, ардын баатар болохын тулд юу ч хамаагүй ярьж байгааг гадарладаг болж. Хэн тухайн улс үндэстэнд хортой, буруу зүйл ярьж, хийгээд байгааг ч ойлгодог, ялгадаг болсон байна. Гэтэл манай хэдэн залуус дэлхий нийтийн чиг хандлагыг сөрөөд л, бүр хол хадуураад байх нь сонин. Ард иргэдийг өөрсдийнх нь попролыг ойлгож, ялгаж салгахгүй, нэг ийм юм яриад явбал алдар хүндэд хүрч болно, улс төрийн попрол Монголд цоо шинэ зүйл, дөнгөж эхэлж байна гэж ойлгоод байгаа бололтой. Нийгэмд таалагдах нэг сэдэв олж аваад хэн хэр сайн хийрхэж, попорч чадна, төдий чинээгээрээ ашиг хонжоо авчирна гээд бат итгэчихсэн хүн ч цөөнгүй байх шиг. Бүр попорсон дүрдээ эргэлт буцалтгүй ороихон, уйлж дуулж, хашгирч, шүлсээ үсчүүлж байна. “Поп”-чдын барьж авч байгаа бараг ганц сэдэв нь уул уурхай. Тэр тусмаа манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч томоохон төслүүдийн нэг болох Оюу толгой, Таван толгой гэх мэт орд газруудыг онилчихсон. Олонх нь “Оюу толгойг хаая, хөрөнгө оруулагчдыг Монголоос хөөж гаргана. Таван толгойн нүүрсийг зарж болохгүй. Монголд ямар ч ашиг байхгүй” гэж хашгирдаг. Уул уурхайн үйл ажиллагааг зогсоох нь Монголд ямар ч ашиггүй, цаг хугацаа алдсан дэмий зүйл гэдгийг монголчууд мэддэг болсон. Уул уурхай Монголын эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа. Уул уурхай поп улстөрчдийн хэлээд байгаа шиг муухай зүйл биш. Зөв зүйтэй ашиглаж чадвал тухайн улс оронд олон төрлөөр үр ашгаа өгнө.
Харин ч байгаа уурхайгаа хаана гэж байхаар байхгүйг нь шинээр бий болгож, илрүүлмээр байна. Геологийн нэгдсэн хайгуул эхлүүлмээр байна. Монгол орны хаана ямар баялаг нуугдаж байгаа вэ гэдгийг цоо шинээр нээж илрүүлэх цаг нь болсон. Оюу толгой, Таван толгой, Цагаансуварга, Эрдэнэт, Дорнод аймгийн Матад сумын газрын тосны орд шиг өөр дэлхийд гайхагдсан шинэ орд Монголд дахиад хэчнээн байгааг таамгаар хэлэх боломжгүй. Харин судалж, олж, нээж илрүүлээд уул уурхайн салбарт хөгжил дэвшил бий болгох хэрэгтэй юм. Геологчид сүүлийн үед Алтайн цаад говь, Хэнтий нуруу, Дорнод аймгийн зүүн хэсэг хилийн ойролцоо бүсүүдэд алтны томоохон орд байгаа гэх мэдээлэл өгөх болсон. Мөн Дорноговь аймагт сайн чанарын нүүрсний хэд хэдэн томоохон судал байгаа, Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумын нутагт стратегийн ач холбогдолтой нүүрсний орд ч бий гэгдэж буй. Эдгээр газарт ашигт малмалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд нь нөөцийг нь дутуу тогтоосон асуудал байгаа гэсэн. Дээрх хоёр нүүрсний орд Таван толгойтой дүйцэх хэмжээний нөөцтэй гэх судлаач, эрдэмтэд ч бий. Жишээ татахад, Баянхонгор аймагт “Алтан нар” гэж орд бий. Тус ордод өрөмдлөг хийхэд 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл, долоон метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа нь тогтоогдсон байна. Түүнчлэн Өмнөговь аймагт хоёр ч том алтны нөөц илэрсэн. Хармагтайн ордын нөөцийг дахин шинээр тогтоох ажил хийгдэж, Оюу толгойгоос их ашиг хүртэх боломж байгаа гэдгийг геологичид онцолж байсан. Үүнээс гадна Хэнтий нуруу Сэлэнгэ аймгийн гурван сумын нутаг дамнасан газар нутагт алтны маш их нөөц бүхий орд байгаа. Нинжа нар зөвхөн өнгөн хэсгийнх нь алтыг ухсан нь тогтоогдсон гэдэг. Мөн дэлхийд хаана ч байхгүй ган үйлдвэрлэх боломж Монголд байгаа гэж буй. Хамгийн сайн чанарын ган үйлдвэрлэхэд 20 гаруй нэр төрлийн байгалийн баялаг ордог байна. Ган үйлдвэрлэхэд шаардлагатай бүх химийн элментүүдийн нөөц манайд байгаа нь тогтоогдсон аж. Иймд эрдэмтэд ган үйлдвэрлэх нарийвчилсан судалгаа хийж эхэлсэн бөгөөд монголчууд ган үйлдвэрлээд хэдэн зуун жил ашиг хүртэх боломж байгаа хэмээн албаны эх сурвалжууд онцолж байна лээ. Энэ мэтээр нээж илрүүлээгүй хэдэн арван Оюу толгой, Таван толгой Монголд байгааг бид мэдэхгүй.
Монгол Улс газрын доорх баялгаа зөв зүйтэй ашиглах ёстой гэж хүн бүр ярьдаг. Гэвч яаж хэрхэн зөв ашиглах ёстой талаар олигтой шийдэлд хүрчихээр зүйл өнөөдрийг хүртэл ярьдаггүй. Жишээ нь, уул уурхайн баялгийг худалдан борлуулаад олсон ашгаараа сан бий болгож болно. Уул уурхайг түшиглэсэн сангийн мөнгийг улстөрчид захиран зарцуулдаг бус, луйварчин улстөрч, бизнемэнүүдийн бүлэглэлийн тавьсан өр зээлийг төлдөггүй, ард түмний эрүүл мэнд, боловсролыг сайжруулж, дэмжихэд зарцуулах хэрэгтэй. Одооны уул уурхайгаас олж байгаа ашгийг ард түмэн дөнгөж амсаад л өнгөрч байгаа. Тэгвэл үүнээс шал өөрөөр ул суурьтай, иргэн рүүгээ чиглэсэн бодлоготойгоор сангийн мөнгийг зарцуулж яагаад болохгүй гэж.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд иргэнээ эрүүл байлгахын төлөө бүхнийг хийдэг. Манайхан шиг ганц эмнэлэг барьчихаад асуудлыг нь шийдсэн гэх ойлголт ард иргэдэд өгөхийг оролддогоос тэс ондоо. Эрүүл мэндийн салбар нь цогц бодлоготой байдаг. Хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаас эрүүл мэндэд нь онцгой анхаарал хандуулдаг. Мөн суурь өвчний эх үүсвэр болох шүдний өвчлөлөөс эхлээд бусад өвчин эмгэг тусахаас урьдчилан сэргийлж, цаг тухайн үед нь чадварлаг эмч нараар эмчилгээ хийлгэдэг. Иргэнээ бага нас, өсвөр үе, нас биед хүрсэн гээд л ангилан ялгаж байгаад эрүүл мэндийн салбар нь бодит үйлчилгээ үзүүлдэг. Үүнд нь тохирох санхүүжилтийг улсынх нь удирдлагууд зүй зохистой хуваарилаад өгчихдөг жишээ олон. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдийг эрүүл чийрэг иргэн болгохын тулд спортын маш олон дугуйлан секц ажиллуулж байна. Үгүй ядахдаа,хөлбөмбөгийн талбай, усан сэлэлт бассейныг хэдэн зуугаар нь бий болгочихдог. Ингэж төр засгаас анхаарч байж иргэд нь өвчин зовлонгүй эрүүл, саруул байдаг. Гэтэл манай эрүүл мэндийн салбар бидэнд ямар дампуурсан үйлчилгээ үзүүлдэг вэ гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.
Хамгийн наад захын жишээ нь, монголчууд хорт хавдар гэх аюулт өвчнөөр хэдэн мянгаараа хиарч байна. Бусад төрлийн цөөнгүй өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Ямар нэгэн өвчин эмгэггүй эрүүл чийрэг хүн бараг байхгүй болж, өнөө үед. Эрүүл мэндийн асуудлаас гадна боловсролд онцгой анхаарал хандуулах цаг нэгэнт ирсэн. Мөнгөтэй хүмүүс нь өндөр төлбөртэй цэцэрлэг, сургуульд хүүхдүүдээ явуулдаг. Үлдсэн нь улсын цэцэрлэгт сугалаагаар хүүхдээ өгч, нэг ангид 50-60-улаа шахалдан сууж байна. Тэднийг буруутгах аргагүй юм. Хувийн сургуулийн багш 15 хүүхдэд хичээл зааж байхад улсын сургуулийн багш 45-50 хүүхдэд хичээл орж байна. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ байхгүй байна. Нийслэлд нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй хороо хэд хэд байдаг. Багш нарын авч байгаа цалин амьдралынх нь хаана ч хүрэхгүй гээд олон асуудал боловсролын салбарт бий. Тэгвэл уул уурхайн сангийн мөнгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд иргэнээ эрүүл чийрэг биетэй, өндөр боловсрол эзэмшүүлэхийн тулд хэрхэн хуваарилж байгааг анхаарч, түүнээс дутахааргүй зарцуулах нь хамгийн зөв шийдэл. Уул уурхайгаас олох ашгийг жирийн иргэн бидэнд тэгш хүртээж байна гэж аманд ч үгүй, хамарт ч үгүй хэдхэн төгрөг тараасан болж байхаар эрүүл мэнд, боловсролын салбарт нэгдсэн бодлоготойгоор зарцуулаад үр ашгаа өгчихвөл олон томоохон асуудал давхар шийдэгдэнэ. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой иргэд бий болсон цагт уул уурхайн баялаг дууссан ч хамаагүй. Ард түмний амьдралд нөлөөлөхгүй хэмжээнд хүрнэ. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, хүмүүжилтэй иргэнтэй болчихсон байхад юун уул уурхай. Түүнээс хэд дахин их хэмжээний мөнгө олох боломж бүрдэнэ. Энэ хоёр салбарыг манай улс цогцоор нь дэлхийн жишигт нийцүүлж чадвал оюуны асар их баялагтай болно гэсэн үг. Монгол Улс уул уурхайн баялгаа оюуны баялаг бий болгоход зарцуулж байж хамгийн зөв, их үр ашиг хүртэнэ. Хүн төрөлхтний түүх, туулж өнгөрүүлсэн амьдралаас харахад иргэд нь эрүүл, өндөр боловсролтой улс орон л дэлхийг удирдаж байна. Үгүй ядахдаа, эрүүл, боловсролтой аав, ээжээс хулгайч хүүхэд төрөхгүй. Хүмүүсийн хүсдэг диваажин гэдэг чинь иргэд нь эрүүл чийрэг, боловсролтой, шороон түмэн биш, цөөхөн хүн амтай улс орнуудыг хэлдэг байж мэдэх юм. Норвеги, АНУ, Швед, Швейцарь, Финланд гээд орны иргэдийн амьдрал, амьжиргаа, аз жаргалын индексийг та бүхэн бод доо. Тус орны удирдагчид дээрх замналаар ард иргэдээ анхаарсан түүхтэй. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын иргэд рүүгээ чиглэсэн эрүүл мэнд, боловсролын бодлого, цогц үйлчилгээг уул уурхайгаас олсон ашгаараа Монголд бий болгоё. Тэгж чадвал хэдхэн жилийн дараа талын Монгол диваажин болчихно шүү дээ.
Э.Хүрэлбаатар
Эх сурвалж: Өдрийн сонин