АНУ-ын “Хамгийн нууцлаг бөмбөгдөгч нисэх онгоц"-ны нууц задрав
Цэргийн сэтгүүлч, продюсер Жефф Болтон америкийн “Northrop Grumman B-2 Spirit” бөмбөгдөгч нисэх онгоцны дотор авсан гэрэл зураг, дүрс бичлэгийг Сүлжээнд тавьжээ.
Болтон “Northrop Grumman” компанийн үйлдвэрлэсэн “B-2 Spirit” нисэх онгоцны бүхээгт орсон түүхэн дэх анхны энгийн хүн болж чадсан төдийгүй, энэ нисэх онгоцоор нисч, доторхи зургийг нь авчээ. Энэ кадрууд АНУ-ын стратегийн цөмийн хүчний тухай 12 ангит кинонд орох гэнэ.
“В-2” нь “нисдэг далавч” хэмээх схемээр бүтээсэн анхны хүнд, цуврал нисэх онгоц болсон билээ. Энэ бөмбөгдөгч нисэх онгоц 1989 онд анх олны өмнө нислэг үйлдсэн бөгөөд ийм 21 нисэх онгоц үйлдвэрлэсэн юм.
“В-2 Spiri” нисэх онгоц дэлхийн хамгийн үнэ өртөг ихтэй нисэх онгоцонд тооцогддог. Энэ нисэх онгоц бүрийн зураг төслийг гаргаж, үйлдвэрлэж, шалгахад 2,1 тэрбум доллар зарцуулжээ. Радарын системд өртөх магадлалыг бууруулах технологийг уг нисэх онгоцонд анх удаа хэрэглэсэн учир, Пентагон эдгээр нисэх онгоцны тухай мэдээлэл алдагдахаас зайлсхийж, нууцлалыг ямагт чанд хадгалж ирсэн юм.
С.Инда