Улаангомд хөл хорио тогтоолоо
Түргэн сумын Рашаант багийн Сувгийн шил гэх газарт хаваржиж байсан малчин М өчигдөр орон нутгийн 15 цагийн үед өндөр халууралтай, булчирхай цочсон байдалтайгаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт үзүүлж, улмаар хүний тарваган тахлын сэжигтэй тохиолдол байж болзошгүй гэсэн оноштойгоор Халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлж байна.
Тухайн өвчтөнтэй 1-р зэрэгт хавьтсан 10 хүнийг мөн Халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлээд байна. Малчин М-ын хувьд энэ өглөөний байдлаар биеийн байдал нь хүндэвтэр хэвээр байна. Өвчтөнөөс дээж авч сорьцыг Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа Улсын төв лаборатори руу явуулжээ.
Хүний тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан өчигдөр орой аймгийн Онцгой комисс хуралдаж, Улаангом сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Хөдөлмөрийн дээд сургууль, Улаангом политехник коллежийн сургалтын үйл ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 72 цагийн хугацаатай хязгаарлах шийдвэр гаргасан юм. Мөн Улаангом сумаас гарах хөдөлгөөн, хүнс, барааны зах, зах дээр байрлах Төрийн банкны салбарын үйл ажиллагааг 72 цагийн хугацаатайгаар түр хязгаарлаад байна. Энэ дагуу өнөөдрөөс эхлэн Улаангомд гурван хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна.
Үүнээс гадна өнөөдрөөс эхлэн 72 цагийн хугацаатай хилийн боомтод хорио цээрийн дэглэм тогтоох, агаарын тээврийн үйлчилгээг 72 цагаар зогсоох, голомтод мэргэжлийн байгууллагуудаас баг явж ажиллах зэрэг арга хэмжээг аваад байна.
Увс /МОНЦАМЭ/.