Хаврын ядаргааг гэр бүлээрээ ялах хялбар 9 арга
Гэр бүл, үр хүүхдээ хаврын ядаргаанаас хамгаалах хялбар аргуудыг танилцуулж байна.
Хавар болохоор хүний бие сульдах, хурдан ядрах, нозоорох зэрэг шинж тэмдэг илрэхийг хүмүүс “Хаврын ядаргаа” гэж нэрлэдэг. Учир нь хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбод орчиндоо дасах гэж нэлээд зүдэрдэг аж. Урин цагт дасан зохицож эхэлтлээ ойролцоогоор дөрвөн долоо хоног болдог гэнэ. Дасахын тулд таны бие махбод сар орчим тэмцэлдэн таагүй байдаг гэсэн үг. Тиймээс гэр бүл, үр хүүхдээ хаврын ядаргаанаас хамгаалах хялбар аргуудыг танилцуулж байна. Үүнийг давах нь таны бодож байгаа шиг хэцүү биш.
1. Шим тэжээлтэй хоол хүнс сонгох
Хүйтний улиралд шинэ ногоо жимс ховор байдаг учраас хавар болоход хүн биеийнхээ нөөц витамин, эрдэс бодисоо алдчихсан байдаг аж. Тиймээс л дархлаа нь суларч, өвчин тусахдаа амархан болдог байна. Хаврын улиралд аминдэм, уураг ихтэй хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй. Байнга хүнд махан хоол идэлгүй хааяа цагаан хоолыг сонгох, загасны мах идэх, шинэ ногооны салат болон эслэг агуулсан хүнс, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь тохиромжтой. Мөн цэвэр ус сайн ууж, шингэнээ нөхөх хэрэгтэй шүү.
2. Нөгөө л нэг дасгал хөдөлгөөн гэж бодсоны хэрэггүй шүү
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар ядаргаанд өртдөггүй, стресст ордоггүй хүмүүсээр тамирчид шалгарчээ. Тиймээс та ч гэсэн дасгал, хөдөлгөөн хийж хэвшээрэй. Байнгын суудаг ажил хийдэг бол принтерээ өөрөөсөө хол байрлуулах, үе үе цонх руу очиж, орчноо ажиглаж болно. Өдөрт ажилдаа ирж, очихдоо алхаад явахад гэмгүй. Нөгөөтэйгүүр завгүй амьдралын хэмнэлтэй бид ингэж л дуртай подкастаа сонсох боломж гаргана шүү дээ.
3. "Хаварших"
Хэн нэгэнд крашдахгүйгээр, анхны бороог харж догдлохгүйгээр хаврыг өнгөрөөнө гэдэг утгагүй. Хажуудах найзаа "хаваршиж" байна гэж шоолохын оронд та ч бас "хаварш!". Урин дулаан цаг наашилж, байгаль дэлхий өнгөө засах үед хүний сэтгэл санаанд өөрчлөлт орох нь хэвийн л зүйл тул хэдэн ч настай байлаа гэсэн хаврын улиралд багахан "эмо" байхад гэмгүй шүү.
4. Эрүүл шүд-эрүүл хүүхэд
Та “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр улс орон даяар хэрэгжиж эхэлснийг мэдсэн үү. 2023 он хүртэл үргэлжлэх уг хөтөлбөрт эхний ээлжинд 2-6 насны хүүхдүүдийг хамруулах юм. Хэрэв таны хүүхэд 2-6 настай бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан аль ч эмнэлэгт харъяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой. Гэрээ хийсэн эмнэлгүүд хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
5. Хамгийн том сэтгэл ханамж бол бусдад туслах
Бидний хэн нэгний төлөө зориулсан багахан сэтгэл, өргөсөн хандив бусдад хэчнээн их ач тус хүргэж, амьдрах итгэл, урам зориг өгдгийг та таамаглах ч үгүй байх. Тиймээс та ч гэсэн бусдад туслахад гэмгүй гэдгийг санаж яв.
6. Уламжлалт аргаа ашиглаад үз
Монголчууд ядаргаанд орж сульдсан хүнийг хонины чанасан толгойн шөл, шийртэй цай, шар будаатай хийцтэй цайгаар тордож, тэнхээ оруулдаг байжээ. Хонины толгой, шийрийг хуйхалж, хярваслах үед ядаргаанд орсон хүнийг утаагаар нь утдаг байж. Таван цулын шөл, битүү шөлөөр ядаргаа тайлдаг арга ч бий. Цулхир, халгайн үр, хонины толгойн гавлын яс, тойг, дунд чөмөг, бажууны замбага, тасалсан гурил, шар тос, өрөм самарсан, хонины сүүл, өндөгтэй цай гээд олон төрлийн цайгаар ядаргаа тайлдаг. Уламжлалт аргаар ядаргааг хоол ундаар ийн тайлахдаа хамгийн гол нь салхи авахуулахгүй, гам сайн барих хэрэгтэй байдаг. Түүнчлэн хийцтэй, долоон банштай цай ууж хий хуйгаа дарах арга ч бий. Уламжлалт анагаах ухаанд гам барина гэдэг нь тан уухаас илүү ач холбогдолтой хэмээдэг.
7. "Хурдаа хас найз минь. Гэртээ хэзээ ч очихгүй байснаас удаан ч гэсэн эсэн мэнд яваад оч"
Манай улсад жилд 50 орчим хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж байгаа судалгаа гарчээ. 50 км/ц хурдтай явахад амь алдах эрсдэл 20 хувь, 80 км/ц хурдтай явахад амь алдах эрсдэл 60 хувь байдаг аж. Хэрвээ та 1км/ц хурдаа хасахад осол гарах эрсдлийг 4-5 хувиар бууруулж чадна гээд бод доо.
8. Ертөнцийг шинээр мэдэрч буй өсвөр насны хүүхдүүдээ битгий мартаарай
Дэлхий дээр 1.2 тэрбум буюу 6 хүн тутмын нэг нь 10-19 насны өсвөр үеийнхэн байна. Сэтгэцийн эмгэгийн тэн хагас нь 14 настайд эхэлдэг ч дийлэнх нь оношлогдохгүй, эмчлэгддэггүй байна. Тиймээс та хүүхэдтэйгээ найз нь мэт харилцаж, түүний хүсэл мөрөөдлийг нь дэмжиж, зөвлөгөө өгөх, сайн сонсож байхыг зөвлөж байна. Хүүхэдтэйгээ нээлттэй харилцсанаар учирч болзошгүй олон аюулаас хамгаалах боломж бүрдэх юм шүү.
9. Цэвэр агаарт гарах
Долоо хоногийн ядаж нэг өдрийг гэр бүлдээ зарцуулаарай. Хотоос багахан зайд гарахад л цэвэр агаар таны гэр бүлийг “өлгийдөөд” л авна. Их хотын дуу чимээ, агаар, хөрсний бохирдол биднийг мэдээ ч үгүй байхад “чимээгүйхнээр” ядаргаанд оруулж байдаг. Тиймээс агаарт гарах, ууланд авирах зэргээр ажлын стрессээсээ салж, гэр бүлийнхэнтэйгээ халуун дотно яриа өрнүүлэх боломжтой. Гэр бүл эрүүл, чийрэг байлгахад тийм ч хэцүү бэрхшээл тулгарахгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Өдөр тутмын амьдралаас аз жаргал мэдрэх, хэн нэгэнд урам зориг өгөх нь бидний төсөөлж, боддогоос ч илүү хялбар, амархан түүх олон. Өнөөдөр та хэн нэгэнд суудал тавьж, хаалга нээж хүндэтгэл үзүүлснээрээ эсвэл хэн нэгэн рүү инээмсэглэснээрээ бусдын зүрхэнд өдрийн турш сайхан бодол, амьдралд урамших итгэл өгсөн байхыг ч үгүйсгэхгүй.