Гадаад харилцааны сайдад хаягласан захидалд юу өгүүлэв?

Гадаад харилцааны сайдад хаягласан захидалд юу өгүүлэв?

Хэдэн сарын өмнө  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг “матсан” захидал хойд хөршөөс Гадаад харилцааны сайдад ирж байсан бол энэ удаад өмнөд хөршид Ерөнхий консулаар ажиллах Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой гомдол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт хаяглагдан иржээ.
Хэзээ мөдгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийх болоод байхад тус улс дахь Ерөнхий консул нь Гаалийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг илтгэх энэхүү захидал Монголын дипломатын түүхэнд урьд хожид дуулдаагүй дуулиантай үйл явдал болж бууж мэдэхээр байна.
Хэдэн сарын өмнөөс БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хот дахь Монголын Консулын газрын Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нь  тус улсын Гаалийн цагдаагийн байгууллагад очиж, мэдүүлэг тайлбар өгчээ.
Хэдэн жилийн өмнөөс суугаа орныхоо иргэдэд автомашин худалдан борлуулсан нь асуудал дагуулсан гэх мэдээлэл байна.  Хэрэг явдлыг тодруулбал тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн хоёр жилийн турш “Range Rover”, “Lexus 570”, “Benz Maybach” маркийн тансаг зэрэглэлийн таван автомашиныг хилээр нэвтрүүлэн дипломат болон тус улсын дугаар авч Хятад улсын иргэдэд худалдан борлуулжээ.
Гэтэл Өвөр Монголын өөртөө засах орны Гаалийн цагдаагийн газраас 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд …А1234, …А 17899 дипломат дугаартай хоёр машин, Хятад дугаартай гурван автомашиныг хураан авч, дээрх автомашинуудыг эзэмшигч нэр бүхий гурван иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн Өвөр Монголын өөртөө засах орны Гаалийн цагдаагийн газраас саатуулсан байна.
Ерөнхий консулын Хятад иргэдэд зарсан дээрх автомашинаар Эрээн-Замын-Үүд боомтоор хууль бусаар хүн, эд зүйлс зөөсөн нь ийн асуудалд холбогдуулан шалгах үндэслэл болсон гэх мэдээлэл байгаа юм. Эдгээр автомашинаар хууль бус зүйл тээвэрлэж байгааг нь хил, гаалийн ажилтнууд сануулж, анхааруулга өгдөг байжээ.
Тодруулж хэлбэл, Гадаад харилцааны сайдад ирсэн дээрх гомдол нь саатуулагдаад байгаа  Хятад иргэний ар гэрийнхэнтэй холбоотой аж. Тэд Хөх хот дахь Монголын Консулын газарт ирж, нөхрөө суллаж өгөх шаардлага тавин, энэ асуудалтай холбоотой гомдлоо Монгол Улсын Гадаад харилцааны сайдад тавина гэдгээ хэлж байжээ.
Түүнчлэн Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ хэдэн сарын өмнөөс хуулийн байгууллагад шалгагдах болсон байхад Засгийн газраас арга хэмжээ авалгүй өдий хүргэсэн нь хариуцлагүй үйлдэл гэж тайлбарлах нэгэн ч бий юм.
Нөгөөтэйгүүр, БНХАУ-ын Эрээн хот дахь Монголын Консулын газар нь хоёр жилийн турш Ерөнхий консулгүй ажиллаж байгаа нь хил, гаалиас ирэх гомдол саналд тэр даруй арга хэмжээ авч, шийдвэрлэх асуудалд хойрго хандсан нь эцсийн дүндээ шат, шатандаа хариуцлага сулрахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэл ч бас бий аж.
Засгийн газраас өмнө нь Эрээн хот дахь Монголын Консулын газрын Ерөнхий консулаар Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Ч.Амарболдыг томилсон ч Хятад улс татгалзсан байдаг. Дараагийн хүнийг томилох бүрэн эрх Засгийн газарт байхад ийн хугацаа алдсан нь Элчин сайдаа Ерөнхийлөгчийн таалалд нийцүүлэх гэж хэдэн жилийн ажил болж байгаа шиг Консулаа хүртэл “шалгуурт” нь тэнцүүлэх шаардлага үүсдэг болсон юм биш биз гэх хардлага ч дагуулж байна.
Ер нь Засгийн газар эзэнгүй байгаа энэ мэт албан тушаалуудаа анхаарч, яаралтай арга хэмжээ аван, мэргэжлийн хүмүүсээ томилохгүй бол улсын ажил цалгардаж, нэр хүнд ч сэвтэж гүйцэх нь ээ.
Элчин сайд, дипломатуудыг ямар шалгуураар томилоод байна вэ?
Хэдэн сарын өмнө Шведийн вант улсад Монгол Улсыг төлөөлөн суухаар томилогдсон Элчин сайд О.Энхцэцэг тус улсын хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр буцаж ирэхээс аргагүй нөхцөл үүсэж, татагдан ирж байв.
Гэтэл Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ автомашины наймаанд нэр холбогдсон нь улсынхаа гэхээсээ хувийнхаа ажлыг амжуулж байв уу гэх хардлага төрүүлж буй.
Эдгээрээс гадна зарим орны Элчин сайд улсынхаа гадаад бодлогыг хэрэгжүүлж чаддаггүй, иргэдийнхээ эрх ашгийг хангаж ажилладаггүй,  архидан согтуурдаг гэхчлэн асуудал дагуулж байгаа нь дипломатуудад ямар шалгуур тавиад байна вэ гэдгийг асуухад хүрч байна.
Учир нь улс орнууд мэргэжлийн дипломатчдаа гадаад орнуудад илгээдэг байхад Монгол Улсад сүүлийн жилүүдэд нам дагасан, фракц дагасан, төрөл садан, нутаг ус дагуулсан томилгоог голчлон хийж иржээ. Үүний уршиг ч гарч байхыг үгүйсгэхгүй аж.
Мөн Элчин сайдад нэр нь дэвшигдэн яригдах болсон эрхмүүд албан тушаалаа булаацалдаж, зодолдсон гэх дуулиан ч Төрийн ордныг доргиож байна. Тодруулбал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын захирал Н.Анхбаяр нар гадаадад суух Элчин сайдын албан тушаалыг булаацалдан архидан согтуурах үеэрээ нударга зөрүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх. Алаагүй баавгайн арьсан дээр зодолдож байгаа энэхүү үйлдэл нь  Элчин сайдаар томилогдсоны дараа ч засрахгүй бол яах вэ. Ёс зүйгүй үйлдэл гаргаад суугаа орноосоо хөөгдвөл "Хөөгдөж л байдаг, ирж л байдаг" гэх хандлагаар хүлээн авах уу гэдгийг ч бодолцох цаг нь болжээ.
Нөгөөтэйгүүр, Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа зогсонги, үймсэн, “хаос”-д орсон байдалтайгаар сүүлийн жилүүдийг үдэх болсон тухай учир мэдэх хүмүүс ярих болсоор удлаа.
Үндэсний аюулгүй байдлын бодлогын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол Улсын гадаад бодлогын үндсийг тодорхой тусгасан байдаг ч  одоогийн Засгийн газрын үед гадаад бодлогын залгамж чанар алдагдаж  хоёр хөршийн бодлого, гуравдагч хөршийн бодлого, олон улсын байгууллагуудтай харилцах харилцаа мухардалд орж, хэдэн алхам ухарсан тухай шүүмжлэл ч чих халууцуулсаар… Дипломатууд нь зөвхөн гадаадад суух ээлжээ хүлээсэн өдөр хоногийг аргацаасан шинжтэй ажиллах болсон бол гадагшаа хийх томилгоогоо хийж чадахгүй болсноос Ерөнхийлөгчөөс итгэмжлэх жуухаа аваагүй Элчин сайд, байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн нарын тоо 18-д хүрээд байгаа юм.
Зарим орон дахь Монгол Улсын Элчин сайдын яам хоёр жил шахам хугацаагаар Элчин сайдгүйгээр ажиллаж байна. Ажлаа шуурхайлж нэг талд нь гаргахгүй бол улсынхаа бүрэн эрхт байдлыг дипломат аргаар хамгаалах үзэл баримтлал суларч байна.
Г.ХОРОЛ
скачать dle 12.0