ЭНЭ САРЫН 25-НЫ ӨДӨР ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ ТҮР ЗОГСОЖ, СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ОРОХГҮЙ

ЭНЭ САРЫН 25-НЫ ӨДӨР ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ ТҮР ЗОГСОЖ, СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ОРОХГҮЙ

Болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох зорилготойгоор “Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” 2019 оны 04 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Иж бүрэн сургуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, яам, агентлаг, Олон улсын хүмүүнлэгийн болон бусад байгууллага, Элчин сайдын яамд хамрагдана. Дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү иж бүрэн сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр “Нийслэлд сүүлийн 30 жилд ийм том хэмжээний дадлага, сургуулилт зохион байгуулагдаагүй. Энэ сарын 24-нд сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төр захирагааны байгуулагуудаас авахуулаад олон улсын байгууллагуудын түвшинд явагдана. 25-ны өдөр олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулна. Өглөө 07:00-10:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Улаанбаатар хот руу орох болон гарах бүх хөдөлгөөний зогсооно. Энэ хугацаанд мөн төр захиргааны байгууллагын ажил түр зогсоно. Сургууль цэцэрлэг орохгүй. 08:00 цагт зарлан мэдээллийн дохио дуугарна. Нийслэлд дуут дохио өгөх 60 цамхаг бий. Үүний дараа орон байрнаас гарах дадлага сургуулийг хийнэ. Улаанбаатар хотод цугларах 111 цэг байгаа. Иргэд эдгээр цэгээс өөрт ойрхон байгаа байршлын талаар амьдарч буй хорооныхоо Засаг даргаас лавлаж, мэдээлэл авч болно Энэ сургуульд Улаанбаатар хотод амьдарч буй бүх ард иргэд оролцоно.” хэмээв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн давтамж маш их болсон. Мөн үер усны гамшиг, хуурайшилтаас үүдсэн гал түймрийн аюул зэрэг гамшгийн эрсдлүүд их болсон. Эдгээр нь хүний амь нас, эд хөрөнгөд шууд заналхийлж байдаг. Бид энэ бүхнээс урдчилан сэргийлэх ёстой. Мөн ийм байдал үүссэн тохиолдолд хор хохирлыг арилгаж чаддаг байх ёстой. Өнөөдрийн зохион байгуулах гэж байгаа арга хэмжээ бол урдчилан сэргийлэх дадал, хэвшлийг нийслэлийн бүх иргэддэдээ суулгаж өгөх өндөр үр дүнтэй сургууль байгаа юм” хэмээлээ.
Сургуулийн нэгдүгээр шатанд газар хөдлөлтийн гамшиг болсон цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд 24-ний өглөө “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулж, нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулснаар сургууль эхэлнэ.
Хоёрдугаар шатанд “Яаралтай цуглар” дохиогоор цугласан нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн гамшиг үүссэн цагийн нөхцөл байдлын дагуу хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, удирдлага зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор танхимын команд штабын дадлага, сургуулийг зохион байгуулснаар үргэлжилнэ. Танхимын команд штабын сургуульд 80 гаруй байгууллагын 950 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдахаар төлөвлөөд байна.
Гуравдугаар шатанд Зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар дамжуулан “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл хүргэгдэх ба нийслэлийн 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 тооны аюулгүйн талбайд гарна. Газар хөдлөлтийн гамшгийн улмаас орон байргүй болсон иргэдийг түр цугларах аюулгүй талбайгаас түр амьдруулахаар “Нүүлгэн шилжүүлэлт”-ийг Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт урьдчилан жишиг байдлаар бэлтгэсэн талбайд, бусад дүүрэгт гэнэтийн байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү гурван дүүргийг онцлон сонгосны учир нь Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, тухайн гурван дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Нийслэлийн төвшинд өргөтгөн хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой. Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн энэ өдрийн ажлын цагийг 10.00 цагаас эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Мөн газар хөдлөлтийн гамшгийн улмаас барилга байгууламжид нуралт үүсэж эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн байгууллага, сайн дурын хэсэг, аж ахуйн нэгж байгууллага хамтран 6 дүүрэгт зохион байгуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
скачать dle 12.0