"Эр хоёр загал"
-Барын сүүл байхаар батганы толгой бай гэдэг-
Энэ үгийн утгийг Ж.Батзандан болон Л.Болд гишүүн бүрэн утгаар нь хэрэгжүүлж байх шиг. Тодруулбал, Эдгээр гишүүд өнгөрсөн 20 жилийн турш бар мэт хүчирхэгжиж буй АН-ын түүхийг тодорхой хугацаанд бичилцэж ирсэн ч намынхаа сүүл байхаас илүүтэй батганы толгой байхыг хүсэв бололтой.
Тиймдээ ч мань хоёр сөрөг хүчин гэгдэж явсан АН-ыг УИХ-д бүлэггүй болгож хэн нэгний захиа даалгаварыг амжиллтай гүйцэтгэж эргээд намдаа ч орно, "ажлын хөлсөө" тунчиг өндөр авах байх хэмээх яриа гарах вэ дээ. Бүлэггүй болсон АН-ынхан энэ хоёр нөхрийг намаасаа гарсан тухай мэдээллийг хийхдээ заналтайгаар тэдний булхайг олонд дэлгэсэн. Байнга олны анхаарлыг өөрсөд дээрээ татах дуртай хоёр эрхэм маань өчигдөр нам байгуулах болсон тухайгаа мэдэгдэж олны хөх инээдийг бас л хүргээд авав.
Энэ талаар Ж.Батзандан гишүүн "Улс төрийн бурхан тэнгэр намайг АН-аас гаргалаа. Ямартай ч бид Монголынхоо төлөө, УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа. Монголын төлөө гэсэн намыг байгуулна гэсэн юм. Тиймээс улсынхаа төлөө зохилох зүрхтэй, амиа ч үл хайхрах зоригтой хэнийг ч бид намдаа элсүүлнэ" хэмээн ээлжит шоугаа хийгээд амжив.
Ж.Батзандан ч ойр ойрхон "попрох"-гүй бол болдоггүй зантай хүн. Үүнийг нь олон нийт байдаг л зүйл мэтээр хүлээж авах болоод удаж байна. Харин АН-аас албан ёсоор гарчихаагүй байгаа Л.Болд гишүүний хувьд галууг дагаж хэрээ хөлдөөхийн үлгэр болох вий дээ. АН-ын Хан-уул дүүргийн дунд шатны байгууллага болон АН-ын удирдлагууд шийдвэр гаргасан тохиолдолд л Л.Болд гишүүн намгүй болно.
Ямартай ч “УИХ-ын ээлжит болон нөхөн сонгуульд оролцоогүй намыг парламентын үйл ажиллагааны бүрэн эрхийн хугацаанд УИХ-д суудалтай нам гэж үзэхгүй” гэж Улсын дээд шүүх тайлбарласан байдаг. Тиймээс Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-д суудалтай нам байгуулна гэдэг ч "лөөлэй" болж "батга" болох хүсэл нь хага үсрэх бололтой.
Б.Учрал