Цэргийн музейг шагнах бус алдагдсан зүйлсийн араас хариуцлага тооцох ёстой

Цэргийн музейг шагнах бус алдагдсан зүйлсийн араас хариуцлага тооцох ёстой


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий  командлагч Х.Баттулгын зарлигаар  “Монгол цэргийн музей” өчигдөр Цэргийн  гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсныг ЕТГ-ын дарга З.Энхболд гардуулж өглөө. Тэрээр хэлсэн үгэндээ  “Монгол цэргийн музейн үе үеийн хамт олны эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, улс орныхоо хөгжил дэвшил, батлан хамгаалахын салбарт байгуулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол цэргийн тэмдэглэлт баярын өдрийг нь угтан гардуулан өгч байгаадаа баяртай байна” хэмээн тэмдэглэв.

Тус музейн үе үеийн удирдлагын баг, бүрдэлдэхүүн энэ шагналыг хүртэх  ямар “гавьяа” байгуулсан бэ. Яагаад “Түүхийн дурсгалтайгаа “байлдсан” Монгол цэргийн музей” гэх нэр зүүв. Тус музейд хадгалагдаж буй дурсгал нь  Богд хаант Монгол Улсын цэргийн түүхээс өнөө үеийг хүртэлх зэвсэгт хүчний шинэчлэл уламжлал, Ардын армийн зэвсэглэлд хэрэглэж байсан буу зэвсэг, хувцас хэрэглэл, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайны үеийн үйл явдлын  түүхэн дурсгал, мөнхийн гавьяат баатруудын  эд зүйлс шүү дээ. Гэтэл тэрхүү ховор дурсгалуудтайгаа “тэрсэлсэн”  юм  шиг харж, хамгаалах үүргээ орхигдуулан  алдаж, асгаад байсан нь гайхмаар. Хулгайлсан, хаясан, гээсэн этгээдийн ихэнх нь музейн ажилтнууд нь байсан байдаг.

2000 оноос эхлэн тус музейн түүхийг сөхвөл хулгайчийн энгэрт Г.К.Жуков баатрынхаа  одонг зүүж, залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн  гар бууг өгөөд явуулсан гэх бараан намтар бий. Байлдааны  нэг бус зэр зэвсгийг гадагш алдчихсаныгаа  “Авсан хулгайч нь цаазаар авахуулсан  юм аа” гээд сууж байдаг. Гэтэл тэр  хулгайч  нь музейн үндсэн ажилтны нэг байсан байдаг.

2010 он гарсаар  тус музейгээс   Чингисийн үеийн монгол  баатрын эдэлж хэрэглэж байсан сэлэмний бариулыг самурайнхаар сольсон, XIII  зууны баатрын нум саадгийг  замын хулгайчид алдсаныгаа өөр зүйлээр оруулсан  гэхчлэн гэмт хэргүүд илэрсэн.

Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь насаа өргөсөн  баатруудын цусан гавьяаны одонг бол  өчнөөнийг   алга болгосон, сольсон гэх  хар тэмдэглэл, хяналт шалгалтын баримтууд  байдгаас үзэхэд, ийм явдал тэнд  бүр зуршил болсон гэмээр. Гэмт хэргийн мөрөөр холбогдох газрууд нь шалгадаг ч эцэстээ  хэрэгсэхгүй болгосноор дууссан байдаг. Музейн үе үеийн удирдлагад дандаа  мэргэжлийн бус хүн томилогдож, албан ажлаа цол,зэрэг ахих гишгүүр болгохын зэрэгцээ танил тал, тойрон хүрээллийн хүмүүсээ авч ажиллуулдаг байсныг мэдэх хүмүүс хэлдэг. Өдгөө тэндээс тэтгэвэртээ гарсан, албан тушаал дэвшсэн, яам, тамгын газар руу газар, хэлтсийн даргаар  шилжсэн хүн өчнөөн байна. Тэдний хэн нь ч музейн үзмэрийг алдсан, хаясан, хулгайд алдсан гэж  хуулийн хариуцлага хүлээж байсангүй.

Түүхийн дурсгалтайгаа   “байлдсан”  Монгол цэргийн музейн  баримт, фактууд  “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулах  үзүүлэлт биш гэж найдна. Гэтэл Зэвсэгт хүчний 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зүгээс Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан нь  “Цусан гавьяаны одонтой  баатруудаа доошоо,  сүйхээтэй хулгайчдыг дээшээ” гэсэнтэй агаар нэг юм. Тэгэхээр энэ үйл явдлыг  хэрэв “Хайрт эх орныхоо төлөө” хэмээн тангараг өргөж, Халх голын тулалдаанд халуун цусаа урсгаж,  алтан амиа өргөсөн эх орончдын сүнс тэнгэрээс  харж, сонсч байдаг бол  харамсахдаа  эргэж төрөхгүйгээр  “харвах”-аар байна. Амьд сэрүүн байгаа ахмад дайчид юун  баяр, харууслын нулимстай сууж байгаа байх. Монгол цэргийн музейг  өнөөдөр алдаршуулан шагнах бус  харин тэндээс алдагдсан түүхийн дурсгалуудын мөрөөр шалгаж, үнэнийг олж тогтоон хариуцлага тооцох  ёстой. Монголын төр  хулгайг өөгшүүлж, тусгаар тогтнолын төлөө цусаа урсгаж,  амиа зольсон  баатруудынхаа дурсгалыг уландаа гишгэж болохгүй ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ЗОТОЛ

скачать dle 12.0