Колумби руу зугтан гарсан цэргүүдэд 20 мянган ам.долларын шан амлажээ
Венесуэлийн цэргийн алба хаагчдад болон Үндэсний гвардын цэргүүдэд Колумби улс руу зугтан гарвал тус бүр 20 мянган ам.долларын шан амласан гэж Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес мэдэгджээ.
“Бидний тооцоолсноор, Үндэсний гвардын офицеруудыг оруулаад тэдний мэдээлснээс үнэндээ маш цөөхөн 100 гаруй цэрэг хил давж, тэдэнд амласан 20 мянган ам.доллароо авахаар хүлээж байгаа. Бидний хувьд тэд хэзээ ч цэрэг байгаагүй, цэрэг бол хөлсний хүн байж болохгүй, цэрэг хүн бол мэргэжлийн зарчим, ёс зүйдээ үнэнч байх ёстой” гэж тэрбээр пүрэв гарагийн орой мэдэгдсэнийг Венесуэлийн мэдээллийн агентлаг уламжилжээ. Хуурамч амлалтад итгэн хил даван зугтаагсдаас болж Венесуэлийн Зэвсэгт хүчин нэгдмэл байдлаа алдахгүй гэж Лопес үзэж байна.
Венесуэлийн сэтгүүлч Габриэль Бастидасын Колумбийн эрх баригчдын мэдээллээс иш татан пүрэв гарагт мэдээлснээр, тус улсын хүчнийхнээс 567 гаруй хүн Колумби руу зугтан гарч, сөрөг хүчнийхэнтэй нэгджээ. Николас Мадурогийн улс төрийн эсэргүүцэгчид цэргийнхэн болон аюулгүй байдлын албаныхантай нууцаар уулзаж, хэрэв өөрсдийнх нь талд орвол өршөөл үзүүлнэ гэж амлаж байгаа тухай сөрөг хүчний удирдагч Хуан Гауйдо урьд нь ярьж байсан аж.
Венесуэлийн сөрөг хүчнийхэн хүмүүнлэгийн тусламжийг хоёрдугаар сарын 23-нд Колумби, Бразилтай залгаа хилээр оруулахыг оролджээ. Тус хоёр улстай залгаа хилүүдийг Каракасын шийдвэрээр хаасан юм. Хилийн бүсүүдэд тараан байрлуулсан Үндэсний гвардын цэргүүд болон цагдаа нар хүмүүнлэгийн ачааг оруулаагүй бөгөөд хэд хэдэн ачааны машиныг шатаажээ. Хилийн бүсэд үүссэн эмх замбараагүй байдлын үеэр Колумбийн хэдэн арван иргэдийг оруулаад хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн байна. Янз бүрийн мэдээллээр, дөрвөөс 25 хүн амиа алджээ.