Гэгээнтнүүд “эх нутагтаа эргэн заларлаа”
Монголын тусгаар тогтнол, Монгол бахархлын сарыг тохиолдуулан “Богд Жавзандамба хутагтуудын дүр, дүрслэл /XVII-XX зуун/” үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гаргаж, олонд сонирхууллаа. Дүрслэх урлагийн музейд, мөн сан хөмрөгт хадгалагдаж буй бүтээлийн цуглуулгаас Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн хөргүүд онцгой байр эзэлдэг. Тэдний дүр дүрслэлийг зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэр, бар зэрэг 90 гаруй хосгүй үнэт үзмэр анх удаа дэлгэгдсэн нь сонирхол татсан юм. Үүнээс 80 гаруй үзмэр нь өмнө нь огт тавигдаж байгаагүй бүтээл байв. Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазараас авахуулаад VIII Богд Агваанлувсанчойжинямданзанваанчигбалсамбуу монголын шашин төр, соёл урлагт үнэлшгүй их хувь нэмэр оруулжээ. Гэвч хүмүүсийн ихэнх нь VIII Богд Жавзандамба хутагтаас өмнөх хутагтуудын амьдрал, үйл хэрэг, үнэт хувь нэмрийн тухай төдийлэн сайн мэддэггүй байна. Тиймээс тус музейд дэлгэгдсэн Богд Жавзандамба хутагтуудын түүхэнд гүйцэтгэсэн болоод тэр дундаа соёл, урлахуйн ухаанд хэрхэн хувь нэмэр оруулсныг үзмэрүүдээс харж болох нь. Богд Жавзандамба хутагтуудаас Өндөр гэгээн Занабазар Монгол Улсын төр нийгэм, шашин, соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн байв. Тус музейд өмнө нь “Өндөр Гэгээний таван дүр” хэмээх үзэсгэлэн гарч байсан ч бусад нь олонд дэлгэгдэж байгаагүй зөвхөн сан хөмрөгт хадгалагдаж байсан ховор бүтээл аж.
I Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар
Дотоод гадаадын үзэгчдийн нүдийг баясган, сэтгэлийг сэргээн шагшуулж буй
Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн хөргүүд онцгой байр эзэлдэг
Тухайлбал, Өндөр гэгээн Занабазар алтан ургийн 31 дэх хаан Автай сайн хааны ач, Түшээт хан Гомбодоржийн хүү байсан тул түүнийг монгол хэв маягаар номын хувцастай, хонх, очир мутартаа барьсан, ууц таллаж буй, судар ном барьсан зэргээр таван дүр дүрслэлээр дүрсэлсэн байна. Тэрбээр ууц таллаж буйгаар өөрийн хөргийг зурж, шавь нартаа сургаал айлдан захиж өгүүлснийг хожим шавь нар нь дүрслэн үлдээжээ. Занабазар гэгээн тухайн цаг үедээ урлахуйн өндөр түвшинд хүрээд байсан буддын бурхан шүтээн бүтээх дэг сургуулийг хэд хэдэн чиглэлээр шинэ түвшинд гарган төгөлдөржүүлсэн хэмээн судлаачид үздэг.
Соёл, урлахуйн ухаанд хэрхэн хувь нэмэр оруулсныг үзмэрүүдээс харж болох нь
Тэрбээр буддын гүн ухаан, монгол төвдийн яруу найраг, хэл шинжлэл, урлахуйн ухааны хэд хэдэн төрлөөр мэргэжсэний дотор дүрслэх урлаг, уран барималд билиг авьяас нь илүү тод илэрч байжээ. Түүний өөрийн гараар туурвин бүтээсэн язгуурын 5 бурхан, “Цагаан дара эх”, “Ногоон дара эх”, “Бодь суварга” зэрэг хүрлээр цутгаж, алтаар шарсан баримал, мөн өөрийн болон эх Ханджамцын хөрөг зураг зэрэг хосгүй үнэт бүтээл нь хадгалагдан ирсэн. Өдгөө Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей болон бусад зарим музейд дэлгэн үзүүлж, дотоод гадаадын үзэгчдийн нүдийг баясган, сэтгэлийг сэргээн шагшуулж буй. Мөн Монгол оронд үндэсний нэгдмэл байдлыг бэхжүүлэх зорилгоор Соёмбо үсгийг зохиосон. Соёмбо нь Монгол үндэстэн мандан бадарч, өнө үүрд оршихын бэлгэдэл болж ирсэн түүхтэй.
Түүний хөрөг зураг, хосгүй үнэт бүтээлүүд нь сан хөмрөгт хадгалагдаж ирсэн
* Түвдээс Занабазар эх орондоо ирээд Эрдэнэзуугийн сургуультай холбоотой хийдийн ойролцоо амьдрахыг хүсэхгүй байгаагаа зарлаж, нүүдлийн хийд Их хүрээг байгуулж долоон аймгийг харьяалж байв. Нүүдлийн хийд нэг газраас нөгөө газарт нүүдэлсээр эцэст нь Халхын нийслэл болов. Мөн Халхад ирснийхээ дараа тэр Базардара хүрээг Табун-идзаагурт байгуулав.
* 1654 онд Хэнтийн ууланд (одоогийн Төв аймагт) Занабазар Рэбугежээгандан-шадувлин-номын их хүрээг байгуулав.
* 1654 онд Шивээт уул (одоогийн Өвөрхангай аймагт) 19 настай Занабазар "Аз жаргалтай ганцаардлын хийд, Өндөр Гэгээний урлан" (Төвхөн хийд) өөрийн урлангаа байгуулжээ.
Занабазар бурхан шүтээн бүтээх дэг сургуулийг шинэ түвшинд гарган хөгжүүлжээ
Тэгвэл II Богд Лувсандамбийдонмэгийн дүрийг дүрслэхдээ өмнөх төрлүүдэдээ ямар хүн байсныг тодотгон, 24 удаа хувирч байсныг дүрслэн зурсан байна. Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн бас нэг онцлог нь алтан ширээн дээр бадамлянхуа суудал дээр заларснаар дүрсэлжээ.
II Богд Лувсандамбийдонмэ (1724-1757)
II Богд Жавзандамба шадар ван Ренчиндоржийн дүү тул манжийн төр хараа хяналтанд байлгадаг байвII богд нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг Туул голын сав Өгөөмөр хэмээх газар Одоогийн Төв аймгийн Алтанбулаг сум\ чин ван Дондовдоржын гэрт 1724 оны луу жилд сонин гайхамшгийг үзүүлэн мэндэлжээ. 1727 онд дөрвөн настайд нь Банчин богд Лувсан-Ишид айлтгасанд Халхын богдын II дүр мөн хэмээн тодруулж Лувсандамбийдонмэ хэмээх нэр хайрласан байна. 1729 онд Саадаг хэмээх газарт Халхын II Богдод өргөмжилж даншиг мандал өргөн их ёслол үйлдэж урьд дүрийн бүх хэргэм цол олгожээ. Энэ үеэс урьд дүрийн эрх ямба, хэргэм цолыг дараа дүрүүдэд олгож байхаар тогтжээ.
II богд 1756 онд Их хүрээнд гүн ухаан судлах Дашчоймпэл дацанг байгуулж
II богд 1756 онд Их хүрээнд гүн ухаан судлах Дашчоймпэл дацанг байгуулж Гүнчин лам Жамъяншадвийдоржийн игчааг тогтоожээ. Тэрээр шашин номын үйлийг тасралтгүй зохиосон байна. Түүний амьдарч байсан үе нь монголын нийгмийн байдалд манжийн түрэмгийлэл хүчтэй өрнөж, манжийг эсэргүүцсэн Хотгойдын Чингүнжав, Амарсанаа нарын бослого гарсан юм. Түүний ах Ренчиндорж ван Чингүнжав, Амарсанаа нарын манжийг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцсон учир Бээжинд цаазаар авахуулж байжээ. Манжийн төрөөс шадар ван Ренчиндоржийн дүү тул II богд Жавзандамбыг ч хараа хяналтандаа цагдан сэргийлж байсан гэдэг. II Богд нь сүм хийд номын үйлийг ихээхэн хөгжүүлсэн монголын шашны томоохон зүтгэлтэн байв.
III Богд Ишдамбийням /1758-1773/
III Богд Жавзандамба хутагтыг хүрэл цутгуур, цаасан шуумал, модон бар, зээгт наамал, танка зурагт байгалийн шороон будгаар зурж дүрсэлжээ. Богд Жавзандамба хутагтуудын нэр урт байдгийг учир нь хутагтад өргөмжлөгдсөн номынх нь нэрийг давхар хайрладаг байж.III Богд 1760 онд Манба дацан, 1765 онд Дамбадаржаагийн хийдийг үндэслэн байгуулжээ
III Богд Жавзандамба Ишдамбийням нь 1758 онд Түвдийн Литанд түшмэл Данзангомбо, эх Норжинбаммо нарын гэрт мэндэлжээ. Манжийн төрөөс II богдоос хойш Жавзандамба хутагтуудыг төвдөөс залж байхаар тогтсон нь манжийн төрийн бодлого байв. III богдыг Банчин-Эрдэнэ Халхын богд III Жавзандамба мөн хэмээн тодруулжээ. Түүнийг залахын тулд Шижирбаатар тэргүүтэй хүмүүс ердийн хөсгөөр саад бэрхшээлийг туулж Литанд хүрсэн ч III богдын хувилгаан дүрийг их нууж гаргаж өгөх дургүй байжээ. Тэр үед Шижирбаатар эр зориг үзүүлэн тодорсон хүүхдийг танин мэдэж булаан зугтаж иржээ. Ишдамбийням монгол үлгэр домог сонсож, шүлэг, зүйр цэцэн үг цээжилж түүний үзэл санаагаар хүмүүжсэн байна. Түүнийг 1763 онд ширээнд залж их ёслол үйлдэн урьд дүрийн эрх ямба, цол хэргэм, шагнал өргөжээ. Богд гэгээн Их хүрээнд Винайн зуны их хайлан, 1760 онд Манба дацан, 1765 онд Дамбадаржаагийн хийдийг үндэслэн байгуулжээ. Сэлбэ, Бэлхийн бэлчирт мод чулуу, тоосго ваараар номин эрдэнэ мэт өнгөтэй ваараар дээвэрлэж, хана туургыг нь өнгө зохицсон хээгээр чимж оройд нь алтан ганжир залсан "Шашныг бадруулагч" хэмээх сүм байгуулсан нь Дамбадаржаа хэмээн хожим алдаршсан байна.
IV Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц (1775-1813)
IV Богд Винайн ёсыг сайтар сахидаг ариун санваартан байснаараа алдартай
Тус музей үзэсгэлэнгээ баяжуулахын тулд Богд Хааны ордон музейгээс IV Богдын бүтээлүүдийг залжээ. IV Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц нь Төвдийн нутаг Жидшодын гол хэмээх газар түшмэл Содномдаш, эх Янжинлхам нарын гэрт мэндэлжээ. Тэрбээр VIII Далай лам Жамбалжамцын ойр төрлийн садан юм. 1781 онд Их хүрээнд залж ирэн Богдын ширээнд залж Даншиг мандал өргөв. IV Богд 1789 онд Их хүрээнд Зурхайн дацанг үүсгэн байгуулж,1806 онд Их хүрээнд нууц тарнийн ёсны Дүйнхор дацанг байгуулсан юм.
Их хүрээнд судар тарнийн ёс хөгжин цэцэглэхэд ихээхэн хувь нэмэр оруулав
1807 онд Их хүрээнд бясалгал дияаны Шадүвлин хийд байгуулан, 1809 онд Төвдийн гүн ухаантан Банчин Содномдагвын игчаны дагуу Гунгаачойлин дацанг байгуулав. Тэрбээр Монголын шашны ирээдүйн мандал бадралыг болгоон судрын гүн ухааны ёсны Гунгаачойлин дацан, Тарнийн гүн ухааны Дүйнхор дацанг байгуулсан нь Их хүрээнд судар тарнийн ёс хөгжин цэцэглэхэд ихээхэн хувь нэмэр оруулав. IV Богд нь Винайн ёсыг сайтар сахидаг ариун санваартан байснаараа алдартай. Түүний айлдсан нэг боть зохиол байдаг.
V Богд Лувсанчүлтэм жигмэддамбийжанцан (1815-1841)
1834 онд Их хүрээнд 80 тохой Майдар бурхан, Алтан Ганжуур бүтээлгэн залжээ
V Богд Төвдийн Лхасын ойролцоо Зан мужийн Гэдинхансор хэмээх газар түшмэл Гомбодондов, эх Ригзэнбүтэд нарын гэрт ХIV жарны хөхөгчин гахай жилийн зуны дунд сарын шинийн долоон буюу 1815 оны 6 дугаар сарын 15-нд онцгой шинж тэмдэг үзүүлэн мэндэлснийг VII Банчин-Эрдэнэ Дамбийнямд айлтгасанд Халхын V богд мөн хэмээн тодруулж Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан хэмээх нэр хайрлав. 1820 оны намрын дунд сарын 16-нд түүнийг ширээнд залж их ёслол үйлдэн бүх хэргэм цол, эрх ямбыг өргөжээ. Богд 1834 онд Их хүрээнд монгол маягийн хэв загвартай Майдарын сүм бариулж 80 тохой Майдар бурхан, Баруун Чойрт Алтан Ганжуур тус тус бүтээлгэн залжээ. V Богдын айлдсан бошго лүндэн, “Орчлонгийн сав шимийн дуулал” зэрэг зохиол бүтээл багтсан нэг боть бий.
VI Богд Лувсантүвдэнчойжижалцан (1843-1848)
1848 онд монголд залж Халхын Богд Жавзандамбын VI дүрд өргөмжлөв
Богд Жавзандамба хутагтуудаас хамгийн богино насалсан нь VI Богд Лувсантүвдэнчойжижалцан. Тэрбээр Төвдийн Лхасын умартад ХIV жарны харагчин туулай жилийн хаврын эхэн сарын 25 буюу аргын 1843 онд эцэг Содномдаржаа, эх Лхамдолгор нарын гэрт онцгой шинж үзүүлэн мэндэлжээ. Үүнийг VII Банчин-Эрдэнэ Дамбийнямд айлтгасанд Халхын богдын VI дүр мөн хэмээн тодруулж увш сахил хүртээн Лувсантүвдэнчойжижанцан хэмээх нэр хайрласан байна. Түүнийг 1848 онд монголд залж Халхын Dогд Жавзандамбын VI дүрд өргөмжлөн их баяр үйлдэн урьд дүрийн бүх хэргэм цол, ямбыг өргөжээ. VI богдын Ёнзон багшаар Төвдийн Гандан хийдийн Тива хувилгаан Иштүвдэнжамц ирж байжээ.
VII Богд Агваанчойживаанчигпэрэнлэйжамц (1849-1868)
VII Богдын 10 насандаа айлдсан гүр дуулал номын мэргэдийн дунд их алдаршсан
VII Богд Жавзандамба Агваанчойживаанчигпэрэнлэйжамц нь 1849 онд Төвдийн нутаг Лхасын ойролцоо гүн Мягмар, эх Норовлхам нарын гэрт мэндэлжээ. Цаст Төвдийн орноос зургаан настайд нь урьж, Их хүрээнд Богдын ширээнд залж Мандал өргөсөн байна. Түүний Ёнзон багш лхаарамба Агваан-Одсэр байв. Түүний 10 гаруй насандаа айлдсан гүр дуулал нь Их хүрээний номын мэргэдийн дунд их алдаршсан байдаг.
VII Ноён хутагтад "Аграмба цорж" цол олгосон байна
XVI-XX зууны эхэн үед Түшээт хан аймгийн хутагт хувилгаад бүгд 21, тэдгээрийн удаа дараа хувилсан нь 64 байжээ. Тэдний нэг нь Халхын Ноён хутагт бөгөөд Манжийн хааны үед шавь захирах тамга, цолоо хураалгасан хэдий ч 1915 онд Шашин төрд туслах сайдуудын газраас VII Ноён хутагтад "Аграмба цорж" цол олгосон байна.
VIII Богд Агваанлувсанчойжинямданзанваанчигбалсамбуу (1869-1924)
Монголчуудыг нэгтгэж нэгдмэл Их Монгол Улсыг сэргээн мандуулахыг зорьж байв
Монголын шашин төрийг хослон баригч хаан (1911-19, 1921), Хэмжээт цаазат хаан (1921-24), Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт эцэг нь Гончигцэрэн, эх нь Ойдүвдулам. Таван настайдаа Жавзандамба хутагтын хойд дүрээр тодорч, Их хүрээнд иржээ. Түүнийг халхууд “Монголд элэгтэй” болгон хүмүүжүүлжээ. Тиймээс тэрбээр өөрийгөө Чингис хааны угсаа, Халхын Түшээт хаан Гомбодоржийн хөвүүн I Жавзандамбын хойд дүр тул Монголын төрийн хэрэг, хувь заяа өөрт нь хамаатай гэж үздэг байв. Манжаас тусгаарлан салахыг хүссэн Халхын ноёдын санаачилгыг эхнээс нь дэмжиж энэ хэргээр хаант Орост элч зарж байжээ. Манжийн шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн Халхын ноёд түүнийг тойрон хүрээлсэн бөгөөд Богд гэгээн монголчуудын дунд үлэмж нэр хүндтэй байснаа ашиглаж, “Монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгажээ. Халхын ноёд, лам нар Манжаас тусгаарлан улсын хаанд Богд гэгээнийг өргөн зөвлөхөөр хэлэлцэн тохирсон бөгөөд 1911.12.29-д Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан, шашин, төрийг хослон баригч түмэн наст богд хаанаар өргөмжилсөн юм.
Түүнийг халхууд “Монголд элэгтэй” болгон хүмүүжүүлжээ
Хятадад нийлэхийг ятгаж байсан Хятадын ерөнхийлөгч Юань Шикай-н ятгалга, сүрдүүлгийг Богд хаан эс зөвшөөрч, бүх монголчуудыг нэгтгэж нэгдмэл Их Монгол Улсыг сэргээн мандуулахыг зорьж байв. 1919 онд хятадууд цэргийг хүчээр монголын автономыг цуцлахад Богд хаан гарын үсэг зураагүй юм. Харин ч төрийн тусгаар тогтнолоо сэргээхийг эрмэлзэн АНУ, ЗХУ, Япон болон Колчакийн засгийн газраас тусламж дэмжлэг эрэлхийлж байсан хүмүүсийг дэмжиж байв. Тиймээс хятадууд дээрх хэрэгт сэжиглэн түүнийг баривчлан хорьжээ. 1921 оны хоёрдугаар сард Хүрээг эзлэн авсан Барон Унгерн монголын автономыг сэргээн мандуулснаа тунхаглаж Богд гэгээнийг Монголын хаан ширээнд залсан бол таван сарын дараа ардын намынхан Нийслэл Хүрээнд орж ирээд мөн л Богдыг хаанаар өргөмжилжээ. 1921.11.01-д Ардын засгийн газраас Богд хаантай “тангаргийн гэрээ” байгуулж хааны улс төрийн эрх мэдлийг хасч хэмжээт эрхтэй хаан болгожээ.
Монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгажээ
Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлээр үзэсгэлэн гаргахаас гадна тэдний шашин төр болоод, урлаг, урлахуйн ухаанд гүйцэтгэсэн үүрэг, эд зүйлсийн талаар сэдэвчилсэн эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 6-нд Занабазарын Дүрслэх Урлагийн Музейд хийхээр төлөвлөжээ. Богдууд зөвхөн шашны үйл хэрэгт зүтгэж байгаагүй урлаг, соёлын үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулж, оюуны болоод урлахуйн гайхамшигтай бүтээлүүд туурвиж ирсэн байдаг. Жишээ нь VIII Богд Жавзандамба Марзан Шаравын ивээл дор их хүрээний урчуудыг нэгтгэн цуглуулж “Хүрээний урлаг” хэмээх өөрийн дэг жаягтай сургууль байгуулж байв. Үүгээр бүхэл бүтэн урчуудын аймгийг бэлтгэх эх суурийг тавьж байжээ. Богд Жавзандамба хутагтууд оюун санаа болоод, эрдэм мэдлэгийг хувьд маш өндөр байр суурь эзэлдэг байсныг түүх сударт өгүүлдэг. Монголын тусгаар тогтнолын төлөө Богд Жавзандамба хутагтууд оюун санааны удирдагч байх үүргийг гүйцэтгэсээр ирснийг дүр дүрслэл, бүтээлүүдэд нь тусгажээ. Монголчууд Богд Жавзандамба хутагтуудыг “Оройн дээд чимэг” хэмээн хүндэтгэж дүр төрхийг нь барлан цаас, даавуун дээр буулган олшруулж гэртээ залдаг байсан гэдэг. Фото зураг анх хөгжиж байх үед Их хүрээнд VIII Богд Жавзандамбын дүр гэрэл зургийн хальснаа мөнхрөн үлдсэн байдаг. Богдуудын дүрийг бүтээсэн зээгт наамлыг хүрээний шилдэг уран гартнууд бүтээдэг байж. Зээгт наамлын бүтээл Монголд ХIX-XX зууны хооронд төгс хөгжсөн нь бүтээлүүдээс тодорхой харагддаг.
Оюуны болоод урлахуйн гайхамшигтай бүтээлүүд туурвиж ирсэн байдаг
Монголчууд Богдын лүндэн зарлигийг гараас гар дамжуулан уншиж, хуулбарлан түгээж, сүслэн биширсээр иржээ. Лүндэн гэдэг нь эш онол, сургаал гэсэн төвд үг юм. Богд хаан лүндэн сургаалаа монголчуудад зориулан тавьдаг байсан бөгөөд тэрхүү суу билигт эрхэм хүний айлдвар үг өдгөө ч олны анхаарлыг татсаар буй. Богд Жавзандамба өөрийн лүндэндээ: "Миний сургаалийг уншсан, уншуулсан, сонссон олон хүн төрөл бүртээ сайн төрлийг олоод эх болсон зургаан зүйлийн хамаг амьтныг түргэн тэтгэх болтугай" хэмээн айлджээ.
Богд хааны лүндэн сургаал, айлдвар үг өдгөө ч олны анхаарлыг татсаар буй