Ц.Нямдорж сайдад салбараас нь бусад бүх зүйл хамаатай

Ц.Нямдорж сайдад салбараас нь бусад бүх зүйл хамаатай
Хорих 461-р ангид хуульч амиа алдсанаас болж хуулийн салбарынхан тэр чигээрээ үймж байна. Хуульчид “яав, ийв, юу болчихов” хэмээн бие биенээсээ сураг ажил тавьж, АТГ, ШШГЕГ-ынхан ар араасаа мэдэгдэл хийж. Ганцхан хүн л сураг алга. ШШГЕГ-ыг харьяалдаг салбарын сайд Ц.Нямдорж ялаа ниссэн чинээ чимээ гаргасангүй.
Саяхан хилийн цэрэгт 19 настай байлдагч харуулын постоо орхиж оргоход, Оросын хилийн цаанаас амиа хорлосон бололтой (бололтой шүү, яг тийм гэсэн үг хараахан биш) олдоход ч бас ганц үг ган хийгээгүй. Ардын хүүхэд үхнэ үү, сэхнэ үү хэнд хамаатай гэсэн байртай амаа жимийгээд өнгөрсөн. Ер нь л тэгдэг.
Харин хаана мөнгө төгрөг, ашиг сонирхол, бүлэглэл ярина, тэнд хамгийн түрүүнд дуугарч, хөхөө шиг донгодож эхэлдэг хүн. “Эрдэнэт”-ийн 49 хувь, Оюутолгойн гэрээ, уул уурхай, Хөгжлийн банк, бонд, концесс гээд мэдэхгүй сэдэв, оролцохгүй хэрүүл гэж байхгүй. Түүнийхээ оронд хорих байрныхаа харуул хамгаалалт, хяналтын камерийг бүртгэж суувал дээр биш үү?
Ерөөсөө энэ хүнд удирдаж байгаа салбараас нь бусад бүх зүйл хамаатай. Харин салбарт нь болж байгаа юу ч байсан хамаагүй. Ийм л нэг цайчихсан нөхөр сүүлийн хорин жил (тав дахь удаагаа томилогдсон цорын ганц сайд) Монголын хуулийн салбарыг толгойлж байна даа.
Ийм байхад шоронд хүн үхэлгүй л яахав. Энэ удаа бүр хэргийн холбогдогч нарт хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч хүн, гавьяат хуульч харьяа байгууллага дотор нь хоригдож байгаад амиа алдав. Яг үнэндээ өөрийгөө хорлосон эсэх нь бас эргэлзээтэй гэж бичигдээд байгаа. Албан ёсны дүгнэлт хараахан гараагүй ч албаны хүмүүсийн аман тайлбар нэг тиймэрхүү чигтэй яваад байгаа.
Саяхан шүүхийн байрнаас шүүхийн ажилтан хар тамхи хулгай хийж зардаг нь баригдсан. Шүүхийн байрыг бас л Хууль зүйн сайдын хүмүүс хамгаалдаг биз дээ. Гэтэл энэ салбарыг толгойгоороо хариуцах ёстой Хууль зүйн сайд нь хэлээ хазаад таг. Ядаж л худлаа ч гэсэн харамсаж буйгаа хэлж болно оо доо. Хэрэг явдлыг нягталж байна ч гэдэг юм уу.
Б.Заяа
скачать dle 12.0