БОАЖЯ төсвийн мөнгөөр тоглож байна
– Аялал жуулчлалын бодлого төлөвлөлтөө эргэж хараач, сайд аа –
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат тоо бодоод толгой өндийх завгүй. 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авна хэмээн том дуугарч амжлаа. Төсөв нь огцом өссөн салбарын сайдын хувьд ийм амлалт өгөх нь зүйн хэрэг. Гэхдээ “шидэт дохиур”-аа хэрхэн хөдөлгөхөөс аялал жуулчлалын салбарын хэтийн төлөв шалтгаална.
Зургаан тэрбум гурван зуун сая төгрөгийн төсөвт өртөгтэй хөтөлбөрийн тавиланг атгасан яамныханд хийсэн ажлаа хэрхэн үнэлүүлэх нь тоглоомын дүрмээ яаж батлахаас хамаарна.
Харамсалтай нь, тус яамныхан өнөөдөр бодлогын түвшинд ажиллаж чадахгүйд хүртлээ сульджээ. Тэгвэл аялал жуулчлалын бодлогын алдаатай холбоотой гол таван асуудлыг энэ удаа хөндье.
ИХ ЗУГААЛГА
Монгол орныг гадаадад сурталчлах маркетингийн үйл ажиллагаа нэрээр салбарын яамаар овоглосон ИХ ЗУГААЛГА бүр 2004 оноос эхтэй. Жил бүр гадаадын аль нэг оронд зохион байгуулдаг олон улсын үзэсгэлэнд оролцдог улс орнуудын тэргүүнд “баян” Монгол байнга бичигдэх болов. Төсвийн мөнгөөр зугаалах төлөвлөгөө өнөө жил бүр жин даран оворжлоо. Бараг 1.0 тэрбум төгрөгөөр 10-аад оронд зохион байгуулах 15 үзэсгэлэнд оролцох зузаан төсвийг БОАЖ-ын сайд баталжээ. “Энэ зугаалга салбарын яам болон үзэсгэлэн зохион байгуулж буй тухайн орны хооронд өрнөдөг бизнес шахам болж хувирлаа” хэмээн хувийн хэвшлийнхэн гомдоллож байна.
Ганцхан жишээ дурдая. Өнгөрсөн нэгдүгээр сард улсын 300 сая төгрөгөөр БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан тэргүүтэй “нөхөд” Швейцарын Цюрик хотоор зугаалаад ирлээ. Н.Цэрэнбат сайд ч мөн адил томилогдсоноосоо хойш иймэрхүү үзэсгэлэнд төсвийн мөнгийг өвөртөлж очиж үрсэн нь олон. Яг ийм жишгээр өнгөрсөн 15 жил салбарын яамны санаачилгаар олон тэрбум төгрөгөөр тоологдох улсын хөрөнгийг жил бүр гаднын орнуудад хандивлалаа. Үнэндээ энэ жилүүдэд Монголд албан болон хувийн ажлаар, дамжин өнгөрсөн, жуулчилсан гээд таван ангиллаар жуулчин хэмээн бүртгэгддэг гаднын иргэний тоо жилд 400 мянга, 500 мянгаас хэтэрсэнгүй.
Гэтэл өнөөдөр гадаад сурталчилгааны үр дүнг бодитоор гаргасан дүгнэлт, ултай судалгаа ч хийсэнгүй. Тэрчлэн цаашид ямар бодлогоор, ямар менежменттэй оролцох талаар бодлогын түвшинд гарч ирсэн бичиг баримт алга. Наад зах нь нэг жилд олон оронд цуварч болдог үзэсгэлэнгүүдийн аль нь Монголд ашигтай вэ гэдэг сонголтгүйгээр төсвийн мөнгийг үрэх нь. Тэгвэл гадаад үзэсгэлэнд оролцох нэг тэрбум шахам мөнгөөр Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрт тусгасан стандартад нийцсэн түр буудаллах цэгийг энэ онд багтаан гол газраа босгочих боломж байна шүү дээ, сайд аа.
50 САЯЫН ЖОРЛОН
Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газар 2015 онд баталсан. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлтэд аялал жуулчлалын гол чиглэлийн зам дагуу түр буудаллах болон боловсон ариун цэврийн байгууламж, хогийн цэгүүдийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 2020 он гэхэд нийт 50 байршилд байгуулна гээд тоодорхой заажээ. Чухам энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2017 онд ийм байгууламж байгуулах ТЭЗҮ болон зураг төслийг боловсруулахад 100 сая төгрөг зарцуулжээ.
Ингэснээр түр буудаллах цэг A, B, C гэсэн ангиллаар ямар стандарт мөрдөж ажиллах нь тодорхой болов.Төсөвт өртөг нь гэхэд 700 саяас 4.0 тэрбум хүртэл төгрөг гээд тогтоожээ. Угтаа энэ салбарыг хөгжүүлэхэд зайлшгүй чухалд тооцогдож буй дэд бүтцийн хөгжилд томоохон ахиц гарах нэг ажил байлаа. Гэвч БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар хөтөлбөр хэрэгжүүлэх эхний заалтаас эхлээд бодлогоо чиглүүлсэнгүй. Улсын төсвөөс олгох мөнгө зургаа дахин өсчихөөд байхад ядаж ганцыг босгох хөрөнгө хуваарилсангүй. Үүний оронд хэдэн газар жорлон барих мөнгө төсөвлөжээ. Тодорхой хэлбэл, Түлүүгийн даваанд нийтийн ариун цэврийн газар барихад 100 сая төгрөг. Жуулчин олноор зорчдог тусгай хамгаалалттай дөрвөн газарт хогийн цэг, жорлон байгуулахад 150 сая төгрөг баталсан байна.
Үнэндээ ийм төлөвлөлт үр дүнгүй ажил болдог жишээ олныг тоочиж болно. Жишээ нь, Элсэн тасархай хогондоо дарагдаж, ялгадсаар дүүрлээ гэх олны шүүмжлэлийн дүнд өнгөрсөн жил авто зогсоол, хогийн цэг, нийтийн ариун цэврийн байгууламжийг 50 сая төгрөгөөр бариулжээ. Гэтэл нутгийн захиргаанаас гомдол мэдүүлж, шаардлага хангахгүй байгууламжийг хүлээн авахгүй гэж мэдэгдлээ.“Тайлан балансаа тэнцүүлэх шаардлагаар хүлээн авахаас аргагүй болсон. Энэ онд баригдах ариун цэврийн байгууламжуудад дахиад 250 сая төгрөг төсөвлөжээ. Элсэн тасархайд 50 саяыг хийсгэсэнтэй адил болох вий” хэмээн зарим нь анхааруулав.
НЭГ БИЕНЫ ХОЁР ТОЛГОЙ
Монголын аялал жуулчлалын үйл ажиллагааны 80-аад хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт төвлөрдөг. Энэ ч утгаараа салбарын яам тусгай хамгаалалттай газар нутагт нь газар олгогчийн л үүрэг гүйцэтгэх болжээ. Тодорхой хэлбэл, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар болон Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар гэсэн яам доторх хоёр бодлогын газар нь хоорондоо огт холбоогүй ажилладгийг юу гэж ойлгох вэ. Салбарын хөгжлийн асуудалтай холбоотой төсөлд гэхэд л Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар нь санал өгдөггүй. Бодлогоо хэрхэн уялдуулах талаар санаачилга ч гаргадаггүй амьгүй албатууд хоёр талд сууж байна.
Үүнээс гадна хуульд зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийг аялал жуулчлалын зориулалтаар л ашиглаж болдог. Мөн хамгаалалттай бүсэд газар ашиглах зөвшөөрөл олгохдоо менежментийн төлөвлөгөөнд үндэслэх учиртай. Өөрөөр хэлбэл, газар ашиглуулах чиглэл, байршил хэмжээг тогтоосон ерөнхий төлөвлөгөөг зохих мэргэжлийн байгууллагын санал дүгнэлт, судалгааг үндэслэн тусгах талаар журам бий. Гэтэл БОАЖ-ын үе үеийн сайд нөөц, даацын ямар ч судалгаагүйгээр, зориулалт бусаар газар олгож, ашиглуулсаар өдий хүрлээ. Хууль зөрчсөн энэ үйлдэлд хариуцлага хүлээсэн нэг ч хүн алга. Менежментийн төлөвлөгөө гэхэд л нэг ч удаа хийгдээгүйг бодлого барьдаг газрын дарга нь мэддэг болов уу.
ХЯНАГЧГҮЙ САЛБАР
Аялал жуулчлалын тухай хуулиас дахиад харъя. “…Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд төрийн болон мэргэжлийн хяналт тавина… Аялал жуулчлалын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж, чөлөөлөх асуудлыг Төрийн хяналт, шалгалтын тухай хуулиар зохицуулна” гээд тодорхой заасан байна.
Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч нь аялал жуулчлалын хяналтын улсын байцаагчийн эрхийг олгохгүй “гүрийв”. Эрсдэл багатай хяналт хэмээн тодорхойлж, хяналтын чиг үүргээс хасаад хаячихаж. Хоол, үйлчилгээ, даатгал, тээвэр гээд олон хамаарлыг эрсдэлгүй хэмээн үзсэн шалтгааныг үнэндээ ойлгохгүй байна. Хэрэв эрсдэл багатай гэж үзсэн бол улсын байцаагчийн эрх олгох асуудлыг салбарын яаманд шилжүүлж яагаад болохгүй гэж. Хамгийн гол нь, үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалд тавих хяналтын тогтолцоо Монгол Улсын хэмжээнд алдагдаж, улам бүр задгайрах үндэс болж байгааг мартаж болохгүй.
БОДЛОГЫН ЯАМ УУ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА УУ
Аялал жуулчлалын хөтөлбөрийн зардлын хуваарьт сургалт зохион байгуулах гэсэн нэрээр 750-иад сая төгрөг тусгажээ. Сургалттай холбоотой гарах зардлуудыг нэмбэл үүнээс ч өндөр дүн гарна. Бүхэлд нь базаж харвал, БОАЖЯ бодлогын газар уу, сургалтын байгууллага уу гэж андуурам төсвийг баталчихаад сууж байна. Ядаж л хөтөлбөрөө хэрэгжүүлэх тал дээр хариуцсан албан тушаалтан нь бодлогоо зангидаж чадсангүй. Яам хийх учиргүй сургалтын энэ мөнгөөр олон улсын жишигт нийцсэн түр буудаллах цэг дахиад нэгийг барьчих боломж харагдаж байна.
Түүнчлэн энэ онд зарцуулах 6.3 тэрбум төгрөгийн төсвийн зардалд дотоодод зохион байгуулах арга хэмжээнд чамгүй мөнгө баталжээ. Гэхдээ олон жижиг ажлыг бага мөнгөнд багтаан хийхээр тооцсон байна. Үүний оронд цөөн хэдэн томоохон бүтээгдэхүүнээ онцгойлон анхаарч, багадаа тав хоног үргэлжүүлж гийчдээ “саадаг” уран арга бодож яагаад болоогүй юм бол. Эндээс харахад тус яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар боловсон хүчний дутагдалд орсон нь илт. Бодлого боловсруулдаг 10 хүний зургаа нь зүгээр л гэрээт ажилтан байх жишээтэй. Аялал жуулчлал хэмээх маш олон дэд салбараас хамаарсан дундын салбарын асуудалд ийм хайнга хандаж болохгүй.
БОАЖ-ын сайдын баталсан аялал жуулчлалын хөтөлбөрийн зардлын хуваарийг лавшруулж дахин ухвал энэ мэт үргүй зардлыг захаас аван дурдаж болно. Цаашлаад их мөнгөний сургаар баахан багц ажил суурь судалгаагүйгээр төлөвлөн батлуулсан тус газрынхан өнөөдөр Сангийн яаманд задаргаагаа хэрхэн танилцуулахаа мэдэхгүй будилж суугаа сурагтай. Энэ эмгэнэл биш гэж үү. Чухам иймээс аялал жуулчлалын бодлогынхоо төлөвлөлтийг эргэж хараач хэмээн учирласан нь энэ. Хэрвээ төлөвлөлтөө дахин нягтлах, дутуугаа гүйцээх гээд олон алдаагаа даруй засахгүй бол 2025 онд хөтөлбөрт дуусахад ч мөнөөх нэг сая жуулчин айлчлах хөг өнгөрөх биз ээ.
Бэлтгэсэн: Ц.Цэвээнхэрлэн /unuudur.mn/