БАЙГАЛ НУУР ДАЛАЙ БОЛЖ, МОНГОЛ УЛСЫН ЗҮҮН ХЭСЭГ САЛНА
Байгал нуурын эрэг тал тал тийшээ жилд хоёр сантиметрээр тэлдэг. Энэ үзэгдэл эцэст нь ямар үр дүнд хүргэх вэ?
Манай гараг дээрх бүх нуур 20 мянга хүрэхгүй жилийн настай. Учир нь нуурууд Мөстлөгийн үеийн дараах мөснөөс үүссэн юм. Харин Байгал нуур бол өөр төрлийн нуур. Үүнийг тайлбарлая.
Нэгдүгээрт, энэ нуур бусад нууруудаас хэдэн мянга дахин “хөгшин”. Өөрөөр хэлбэл 30 сая орчим жилийн настай.
Хоёрдугаарт, бусад нуурууд жил ирэх тусам багасч байхад Байгал нуур эсрэгээрээ нэмэгддэг.
Учир нь Байгал нуур Евразийн болон Амурын гэсэн хоёр литосфер тавцангийн заагт үүссэн. Гэтэл Амурын тавцан Евразийн тавцангаас Японы зүг алгуурхан “хөвж байгаа” аж. Өөрөөр хэлбэл зүүн урагш нүүдэг гэсэн үг.
Үүний улмаас Байгал нуур улам өргөн болдог байна. Эрдэмтэд уг Байгал нуурыг нуур биш, харин залуу тэнгис гэсэн таамаглал ч дэвшүүлдэг.
Үүний дээр тавцангийн нүүдэл удаашрах нь битгий хэл эсрэгээрээ нэмэгдэх болжээ. Өмнө нь Байгал нуур жилд 1,6 мм-ээр л нэмэгддэг байсан бол өдгөө түүний хурд 12 дахин өсөж, жилд 20 мм нэмэгдэх болсон байна.
Энэ хурдаар явбал нэг сая жилийн дараа Амурын тавцан Евразийн тавцангаас 20 км-ээр, харин 30 сая жилийн дараа 600 км-ээр холдох юм.
Үүнтэй зэрэгцээд Байгал нуур тэнгис болон хувирч, нарийн яривал Агнуурын болон Шар тэнгисийг холбосон хоолой болно. Ингээд 5 сая орчим км2 талбайтай шинэ арал үүснэ.
Энэ бол Гренландаас хоёр дахин том арал гэсэн үг. Өөрөөр хэлбэл шинэ арал дэлхийн хамгийн том арал болно.
Хэрвээ хэдэн сая жилийн дараа хүн төрөлхтөн яг энэ байдлаараа буюу онцгой өөрчлөгдөхгүй гэж сэтгэвэл Эрхүү Байгалын хоолойн томоохон боомт болно. Мөн далайд гарцгүй Монгол Улс ч өөрийн гэсэн флот, Улаанбаатар боомттой болно гэсэн үг.
Энэ бол нэг талаар амжилт. Гэхдээ шинэ арал Орос, Хятад, Монгол болон хоёр Солонгосын газар нутгийг хуваана.
Уг арлыг эх газартай холбосон гүүр барина гэвэл ямар ч ашиггүй. Учир нь тавцан цаашид ч үргэлжлэн нүүсээр байх аж. Гэхдээ магадгүй тэр үед сунадаг гүүр барих арга олдох ч юм бил үү.
Үүний зэрэгцээ дэлхийн дулаарал энэ хэвээр үргэлжилбэл Амурын арал /шинэ арал/ тропикийн уур амьсгалтай байна гэсэн үг. Энэ нь Магаданы эрэгт далайн амттан зарагдаж, Якутад серфингийн хэдэн зуун сургууль нээгдэж, наранд борлосон монгол аврагчид эргийн дагуу морьтой эргүүлд гарна гэсэн үг юм.
Япон яах вэ?
Япон улс Амурын тавцангийн зүүн эрэгтэй мөргөлдөж, энэхүү цохилтын улмаас үүссэн шавар хоёр арлыг нэгтгэнэ. Япон улс шинэ арлын нэг хэсэг болох бөгөөд илүү уулархаг, илүү газар хөдлөлтөд өртөмтгий болно. Сахалин, Курил ч мөн арал байхаа болино.
Мэдээж энэ бол уран зөгнөл. 30 сая жилийн дараа хүн төрөлхтөн хаа нэгтээ, хөрш галатик руугаа нүүж ч мэднэ, эсвэл үүнээс өмнө өөрөө өөрсдийгөө устгачих биз ээ.
Эх сурвалж: esoreiter.ru