Францын засгийн газар огцорчээ

Францын засгийн газар огцорчээ

Францын засгийн газар огцорчээ

 

Франц улсад засгийн газартаа итгэл үл үзүүлэх санал хураалт парламентын гишүүдийн дунд боллоо. Үүний үр дүнд Ерөнхий сайд Мишел Барньегээр удирдуулсан Францын засгийн газар гурван сар болоод огцорчээ. Францын Ерөнхий сайд онцгой эрх мэдлээ ашиглаж төсвийн төслөө санал хураалтгүйгээр батлуулах гэж байсан нь засгийн газарт итгэл үл үзүүлэх талаар санал хураахад хүргэсэн байна. Ингээд 1962 оноос хойш анх удаа Франц улсад засгийн газар нь итгэл үл үзүүлэх санал дэмжигдсэнээр огцорч байгаа анхны тохиолдол болж байна.

Францын засгийн газар бүрэлдээд гурван сарын дараа ийнхүү огцорсноор энэ улсын улс төрийн тогтворгүй байдал улам хурцдаж байна. Европын хоёр дахь том эдийн засаг Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрөгч зун ЕХ-ны парламентын сонгуулийн дараа бүх нийтийн ээлжит бус сонгууль зарлан явуулсан боловч аль ч нам эвсэл олонх болж чадаагүй нь энэ улс төрийн тогтворгүй байдлын гол эхлэл нь байлаа.

Францын хууль тогтоох байгууллага 577 гишүүнтэйгээс засгийн газарт итгэл үл үзүүлэх саналыг 288 нь л дэмжсэн бол батлагдах байсан. Харин санал хураалтын дүнд парламентын 331 гишүүн энэ саналыг дэмжжээ. Ерөнхий сайд Мишел Барнье одоо засгийн газраа албан ёсоор тарааж, өөрөө огцорч байгаагаа мэдэгдэн, маргаан дагуулсан төсвийн төслөө цуцлах ёстой. Гэхдээ одоогоор ерөнхийлөгч Макрон дараагийн ерөнхий сайдыг сонгоогүй байгаа тул Мишел Барнье шинэ ерөнхий сайд тодортол ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч хэлбэрээр ажиллана. Францын улс төр дэр баруун зүүний намууд аль аль нь засгийн газарт итгэл үзүүлэхгүй гэдэг санал өгсөн байна. Ерөнхийлөгч Макроны тэргүүлдэг зүүн жигүүрийн эвсэл энэ зуны ээлжит бус сонгуулиар олонх болж чадаагүй ч хамгийн олон суудал авсан. Тэдний зүгээс ерөнхийлөгч Макрон Мишел Барньег ерөнхий сайдаар томилох үед ихээхэн шүүмжилж байсан юм. Зүүний эвсэл Францын хэт барууны Үндэсний сэргэлт намтай санал нэгтэйгээр Барньегийн өргөн барьсан төсвийн төслийг хүлээн зөвшөөрөхийн аргагүй гэж эсэргүүцэж байсан. Францын засгийн газар 2025 онд төсвийн зардлыг танах замаар төсвийн алдагдлыг 60 тэрбум еврогоор бууруулах төсөл өргөн барьж, эдийн засгаа тогтворжуулахын тулд бүсээ чангалах бодлого баримтална гэдгээ мэдэгдсэн нь эсрэгээрээ хууль тогтоогчдын эсэргүүцэлтэй нүүр тулсан юм. Сөрөг хүчний хэт барууны Үндэсний сэргэлт намын дарга Маринь Ле Пен гэхэд энэ төсвийн төсөл нь Францад маш их хохиролтой санал гэж эсэргүүцэж байсан. Харин францын хууль тогтоогчид засгийн газартаа итгэл үл үзүүлэх эсэх талаар санал хураахаас өмнө Ерөнхий сайд Мишел Барнье Үндэсний ассамблейдаа хандаж, түүнийг огцруулснаар Франц улсын эдийн засгийн асуудлыг шийдэж чадахгүй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Бид бодит байдлыг ухаарч, өрийн асуудлаа шийдэх хэрэгтэй гэж мөн дурдсан байна. Засгийн газар тарж байгаатай холбоотой Саудын Араб дахь айлчлалаасаа буцаж яваа ерөнхийлөгч Макрон өнөө орой улс даяар албан мэдэгдэл хийх төлөвтэй байна. Францын ерөнхийлөгч болоод засгийн газар тусдаа байдаг тул засгийн газар унаснаар ерөнхийлөгч Макронд төдийлөн том нөлөө үзүүлэхгүй. Үндэсний ассамблей ямар ч шийдвэр гаргасан бай огцрохгүй гэдгээ тэрээр мэдэгдсэн.

Гэвч тэрээр энэ долоо хоногтоо багтааж нэн даруй дараагийн ерөнхий сайдын нэрийг зарлах тулсан нөхцөл байдалд орж байна. Харин парламентын дараагийн бүх нийтийн сонгууль ирэх 7-р сард болох магадлалтай. Тэр хүртэл олонхын нам эвсэлгүй Үндэсний ассамблей энэ чигээрээ үйл ажиллагаагаа явуулсаар байх юм.

Сэтгүүлч М.Мөнхжин

Mnb.mn

скачать dle 12.0