ЖИЛИЙН ЗАСАЛ БОЛДОГ ГЭХ “АЛТАНГААНЖУУРЫН” ХУРАЛД ОРОХ ГЭСЭН СҮСЭГТЭН ОЛОН “АЛАЛЦАВ”

ЖИЛИЙН ЗАСАЛ БОЛДОГ ГЭХ “АЛТАНГААНЖУУРЫН” ХУРАЛД ОРОХ ГЭСЭН СҮСЭГТЭН ОЛОН “АЛАЛЦАВ”

Өчигдөр хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиож өнгөрөв. Эл өдөр Бурхан багш замбуу тивд бууж морилж ирсэн өдөр хэмээн бурхны номонд бичигдсэн байдаг.

Билгийн тооллын 08, 15, 25, 30-ны дүйчэн өдрүүдэд Монголчууд эрт дээр үеэсээ бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян номын үйлэнд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчиж, махан хоолыг хорьж, цагаан хоол иддэг уламжлалтай билээ.

Учир нь дүйчэн гэдэг нь "Их цаг" гэсэн утгатай бөгөөд энэхүү их цаг тохиох үед алив үйлдсэн буян бум түмээр арвижин дэлгэрч үрд нь амгалан жаргалан гардаг, харин эсрэгээрээ алив үйлдсэн нүгэл мөн ихээр арвижиж үрд нь зовлон зүдгүүр гардаг уг шалтгаантай хэмээн үздэг байна.

Мөн нөгөөтэйгүүр хаврын тэргүүн сарын шинийн 15 гэхээр сүсэгтэн олон жилийн ном заслаа энэ өдөртөө багтааж хийхээр Гандан хийдэд оочер дараалал үүсгэдэг.



Өчигдөр 11.00 цагийн үед Төв Гандан хийдэд очиход сүсэгтэн олны хөлд дарагдсан байв. Түм түжигнэж, бум бужигнаж байлаа.
 
Хурал ном бичдэг жижиг шар дацанг тойроод сүсэгтэн олон оочерлож, урт дараалал үүсгэсэн байв. Өлгийтэй нялх хүүхдээ тэвэрсэн ээжээс өгсүүлээд өтөл болсон эмээ өвөө нар ч хүйтнийг ажралгүй дугаарлаж зогсоно. Тэд жилийн засал болдог гэх “Алтангаанжуур” номын их хуралд орж даган баясахаар ийнхүү зогсч байгаа нь тэр.
 
Буяны газар бузартай хэрүүл хийж, ном бичүүлэх оочер булаацалдаж байгаа хүмүүс ч цөөнгүй харагдав. Ууртай уцаартай, хэрүүлтэй хилэнтэй хурал ном даган баясах нь буян болох уу даа.
 
Бас болоогүй олон хөлийн газар халаасны хулгайчид ид ажлаа хийдэг гэдэг. Төв гандангийн олон нийтийн байцаагч гэсэн бичигтэй цэнхэр хантааз өмссөн ахимаг насны эр “Халаасны хулгайчаас болгоомжлоорой, цүнх саваа сайн хямгадаарай” гэж байнга хэлж дацанг тойрч гороолно. Үймсэн иргэдийг төрийн цагдаа нар ч зохицуулж байв.

Жижиг шар дацангийн нэг талд цонхон дээр “рашаан, арц хүртээж” байна гэж бичжээ. Түүнд нь оочерлосон иргэдийн цуваа ч урт байв. Зарим дацангууд хүн цөөтэй байсан бол зарим нь хөл гишгэх зайгүй битүү. Орсон хүн болгон нар зөв тойрч бурхан номонд мөргөж гарч ирнэ.

 
Зул өргөх ханш 5000-27000 төгрөг байна


 Төв гандан дотроо байрладаг Мэгзэд Жанрайсаг бурхандаа мэхийн мөргөж нар зөв тойрч 108 хүрдийг нь эргүүлэх хүмүүс олон. Багталцахгүй, нэгэнтэйгээ эв зүйгээ олж чадахгүй иргэд бас хэрүүл хийнэ. Хамаг амьтны сайн сайхан тусын тулд, бурхны орныг зорьсон аав ээж, ах дүү, амраг хань, үр хүүхдээ бодож хүн буян хийдэг.

Гэтэл хэл амтай, хэрүүл тэмцэлтэй хийхээр ямар олиг байх билээ дээ. Үймсэн олны дунд янз бүрийн араншин үйлдэлтэй хүмүүс бий. Өчигдөр 5000 төгрөгөөр зул худалдаж аваад Жанрайсагийн ард өргөх гээд шүдэнз хайгаад ирэх хооронд нэгийг нь өөр хүн хулгайлж авч яваад өөр газар аваачаад мандаачихсан байгаа юм. Зулаа алдсан эмэгтэй “Яаж байгаа юм бэ, өөрөө зулаа худалдаж авахгүй яасан юм бэ” гэж бухимдахад нөгөө нэг хүүхэн “За юун сүртэй юм бэ” гэж ундууцав. Ийм л үйл явдал болов.

Зул, хүж өргөхөд мөнгө төлдөг. 108 зул өргөхөд 27 мянган төгрөг. Харин цөгцний хэмжээнээсээ хамаараад 5000-10000 мянга хүртэл үнэтэй байв.



Өндөр настан Л.Рэнцэнханд “Гэр бүлээрээ засал номоо хийлгэхээр өглөө 05 цаг өнгөрч байхад энд ирсэн. Тэгэхэд хүмүүс ирсэн байлаа. Энэ жижиг гандан руу орох гээд хүмүүс оочерлосон байсан. Уг нь энэ “Алтангаанжуур” номын хуралд ороход оочер хурдан явж байсан. Харин лам нар нь цавлана гээд жаахан удааширчихлаа.

Манай өрхийн хувьд 13 ам бүл. Туурга тусдаа гарсан гурван хүүгийнх бий. Тэднийхээ жил ус, нэрсийг оруулаад бүх төрлийн ном заслаа хийхэд үнэ өртөг 130 мянга болж байна. Хүчтэй номнууд нь жаахан үнэтэй санагдаж байна. Гэхдээ буян ном хийлгэж байж тариф энэ тэр ярих зохимжгүй юмуу даа” гэв.

Залуу хосууд “Шороон гахай жилд уншуулах ёстой заслын номнуудаа бичүүлээд гараад ирлээ. Одоо хойд нэг дацан руу орж уншуулна даа. Хоёр хүний ном бичүүлэхэд нийлээд 58 мянган төгрөг боллоо” гэлээ.
 Заавал шинийн 15-нд заслаа хийлгэнэ гэсэн ойлголт байхгүй
 
 
Иргэд тухайн жилийн засал номоо жил гарангуут буюу шинийн 15-ндаа багтааж хийвэл буян тогтож, хишиг арвижна гэж ярьж ойлгодог. Өөрөөр хэлбэл, их дүйцэн өдрөө багтаах ёстой гэдэг.

Тэгвэл гандангийн лам нарын хэлснээр “Заавал сарын 15-ндаа багтаана гэсэн ёс жаяг байхгүй ээ. Тухайн хүний сүсэг бишрэлийн асуудал. Өөрийнхөө ивээл сүлд өдрөө ч заслаа хийлгэж болно. Түүнээс шинийн 15-ндаа багтаж номоо хийлгэвэл буян тогтоно, ажил бүтнэ, их сайн гэж ойлгох нь өрөөсгөл юмаа. Хүмүүс тэгж ойлгоод гандан хийдэд ачаалал үүсгэж, өөрсдөө бухимдаж байна” гэлээ.









О.Гэрэл
Оллоо.mn скачать dle 12.0