Чингэлтэй дүүргийн 5-р сургууль гурван ээлжээр хичээллэж байна
Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон ажлын албаны бүрэлдэхүүний хамтаар Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашдын төлөвлөлтөө танилцуулж, тэдний санал хүсэлт, гол тулгамдаж буй асуудлуудыг ярилцжээ.
- Багануур дүүрэгт төрийн өмчийн 3, төрийн бус өмчийн 1 ерөнхий боловсролын сургуульд 7352 хүүхэд;
- Багахангай дүүрэгт төрийн өмчийн 1 ерөнхий боловсролын сургуульд 833 хүүхэд;
- Налайх дүүрэгт төрийн өмчийн 6, төрийн бус өмчийн 3 ерөнхий боловсролын сургуульд 12,300 хүүхэд;
- Чингэлтэй дүүрэгт төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн 7 ерөнхий боловсролын сургуульд 30,000 гаруй хүүхэд суралцаж байна.
Багануур, Багахангай дүүргийн хувьд хүн ам цөөтэй тул сургуулиудын ачаалал хэвийн байгаа ч барилгууд нь хуучирч, шаардлага хангахгүй болж байгааг захирлууд хэлэв. Налайх дүүрэгт зүүн бүсийн аймгуудаас түр оршин суухаар ирж буй хүн амын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн сурагчдын тоо нэмэгдэж буйг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Энх-Учрал онцоллоо.
Чингэлтэй дүүрэгт 5-р сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг барьж байсан гүйцэтгэгч компани 5 жилийн хугацаанд барилгыг бүрэн ашиглалтад оруулаагүй тул өнгөрсөн наймдугаар сард гэрээг цуцалж, есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар бусад арга хэмжээг авсан.
Барилгын ажил 99 хувьтай байгаа ба төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орж, сурагчдаа хүлээн авах боломжтой болсон юм.
Эх сурвалж: Боловсролын яам