Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах ногоон байгууламжийн ажил 40 хувьтай байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хурлаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд, гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах ажлын хүрээнд усалгааны системийг суурилуулж. Мөн авто угаалгын газар болон бетонон хашааг “Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-той зөвшилцөн буулгасан бол нэг давхар зоогийн газрыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж байгаа юм.
Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан цахилгааны дэд станцууд, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, ил гарсан цахилгааны утсыг засварлаж дууссан байна. Мөн гэрэлтүүлгийг гоёлын бус орчны гэрлээр сайжруулах, ногоон байгууламж нэмэх, орох, гарах хаалганы шатыг стандартад нийцүүлэх, хаягжилтыг тодорхой болгох үүднээс хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын систем нэвтрүүлж байна. Тэрчлэн есөн шинэ ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан хэллээ.
Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрийн 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажлын судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө гаргахаар “Populous Holdings” компанийн төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод ажилласан юм. Тиймээс олон улсын тендерийн бичиг баримт боловсруулах судалгааны ажлыг эхлүүлэхийг хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд үүрэг болгов.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ