Путины “Аналогов НЕТ!” төөрөгдөл

Путины “Аналогов НЕТ!” төөрөгдөл

Путины “Аналогов НЕТ!” төөрөгдөл

 

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Энэ удаа Украинд бүтэлгүйтэж байгаа Оросын өөр шалтгаан юу вэ гэдэг дээр баримт сөхөн тайлбар хайя.

 

сонин mn

Оросын ТВ үзэж байгаад энэ ярилцлагыг үнэхээр гайхав. Ярилцлагыг нийгмийн цахим сүлжээнээс олж аваад татаж орууллаа. “Оросын цорын ганц боломж бол ялах биш, ядаж л олон дайсантайгаа хамт сүйрэх” гээд хэлчихлээ. Энэ бараг хамгийн өөдрөг төсөөлөл нь болж байх шиг байна. Ялна, буулгаж авна, Украины 4 муж, Крым үүрд Оросынх гэсэн төөрөгдөл нь хэвээрээ ч энэ дайн дайн биш боллоо, буруу замаар орлоо гэдгийг Оросын нэр хүндтэй төрийн төв ТВ нь хүлээн зөвшөөрчихлөө гэж ойлгоход буруутахгүй мэт.

Дайн гэж хүсэх зүйл биш, гэхдээ орос нь үхнэ үү, украин нь үхнэ үү бидэнд хамаагүй, Монгол авилгачдаа устгаад цаашаа хөгжихөө л бодох хэрэгтэй гэсэн үг яриатай хүмүүс тааралдаж л байна. Зөвлөлтөд цэргийн дунд, дээд сургууль, академи дүүргэсэн ахмад найз нар маань хэт туйлширсан бодолтой явах юм.

Хараал зүхэл их урсгаж байна. Орос, Украин хоёрыг бүх зэвсэг техник, цэргээ гаргаад хоёр талаас нь халз байлдуулбал Орос ялна, Оросыг Украин байтугай Фашист Герман ялаагүй сүйрсэн гэж ирээд л бид маргалдана. Хоёр талаасаа үхэх сэхэхээ үзэн тулалдаж буй Эх орны дайны түвшинд тэд сэтгээд байна. Энэ бол цэргийн тусгай ажиллагаа. Цэргийн онолоор бол уг нь дотоодыг хамгаалах, цагдаа, тусгай хүчний хийдэг операцыг тэгж нэрлэнэ. Гэтэл Орос нь гуравхан хоногт Киевийг авч, Украиныг буулгаж авна гэсэн буруу тооцоондоо мунхраад одоо гурав дахь жилдээ байнгын армиа оруулаад байлдуулж байна. Оросын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Дмитрий Медведев “Дэлхийн III дайн гаргуулахгүйн төлөө цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа” гэж өөрсдийгөө зөвтгөсөн байна лээ. Фронтын байдлыг харин олон улсын цэргийн шинжээчид өөрөөр дүгнэж байна. Оросын тактикийг “Массивная Мясорубка” гэж нэрлэсэн. Тэр нь “Чөлөөлөлт” хийхийн тулд асар их цэрэг хаяна, сонголтгүй, цаг наргүй галлана, оросын пуужин сум дуусч өгөхгүй тул галлах тоолондоо хот суурингуудыг эвдэн сүйтгэнэ, хохирооно, ална, уcтгана. Харин цэрэг нь хоногтоо хэдхэн метр урагшилна. Энэ бол XXI зуунд байлдааны ялалт биш гэж цэргийн шинжлэх ухаан зааж байна.

 

Хохирол мэдээж Украинд хүнд тусч байна. Олон улсын мэдээллээс үзэхэд Женевийн конвенцоор хамгаалалтад байх ёстой Украины 1000 гаруй байгууламжийг Орос устгасан байна. Үүнд 106 эмнэлэг, 109 сүм дугана, 708 сургууль руу бөмбөгдөж пуужиндсан гэж The New York Times-д бичжээ.

 

Хариуд нь мэдээж Украин өөрийгөө хамгаална. Украины хил даваад ороод ирсэн Оросын цэргийн эсрэг байлдаж байсан бол одоо Баруунаас ирсэн хүнд зэвсгүүдээр Оросын хил дотор Оросын цэргийн байрлал, дэд бүтэц, цуваа руу пуужин харваж, нисэх онгоцноос бөмбөгдөж, алсын тусгалт гаубиц их буугаар буудах зөвшөөрлөө зэвсэг нийлүүлэгчдээсээ аваад байна. Одоогийн байдлаар АНУ, Франц, Британи, Герман гэхчлэн НАТО-гийн 13 улс ОХУ-ын нутаг дахь цэргийн бай руу цохилт хийхийг зөвшөөрчихлөө. Барууны хүчирхэг зэвсэг Оросын цэргийг зомгол болтол сүйтгэж байна. Белгород, Курск, Крымээс Орос зэвсэг техникээ нутгийн гүн рүү ухрааж татаж байна. Хэдхэн хоногт болсон үйл явдал ингэж харагдаж байна. АНУ-ын ТБНД Энтони Блинкен дээхнэ ингэж хэлсэн:–Украинд өгсөн бидний зэвсэг байг нэг удаагийн цохилтоор онох боломжтой. Харин оросууд нэг байг 15-20 удаа буудаж байж онодог. Тэгэхлээр Барууны зэвсэг ямар ч тохиолдолд оросынхоос дээрдэнэ үү гэхээс дордохгүй. Технологиор хол түрүүлчихсэн явна.

 

сонин mn

Оросын арми Дэлхийн II дайнаас хойшхи 80 жилдээ үзээгүй их хохирлоо амсаж, ялахгүй дайнд шигдэн ороод байгаагийн гол буруу нь Украины талд байгаа юм биш. Энэ бол цэвэр оросуудын өөрийнх нь буруу тооцоолол, буруу төлөвлөлт, хэтрүүлж дэгсдүүлсэн буруу мэдээлэл, нэг үгээр аугаа ихийн дэмийрлийнх нь үр дүн гэж цэргийн хүний хувьд би үздэг. Тэр нь юуг хэлэв гэвэл, ФСБ, Тагнуулын буруу мэдээлэл 8 жилийн турш Путины тархийг эргүүлсэн, дагалдаад Оросын албан ёсны суртал нэвтрүүлгийн дэмий хийрхэл нь дэндсэн, одоо ч тэр дэмийрэлдээ төөрч явна, Оросын армийг дэлхийгээрээ хэт үнэлсэн элдэв рейтингийн судалгаанд Путин хэт итгэсэн, Америк-НАТО-гийн цэрэг 2021 онд Афганистаныг орхисныг ялагдал боллоо хэмээн Орост дээд түвшинд гүнээ итгэсэн, Оросын цэрэг-аж үйлдвэрийн хамслынхны “Аналогов НЕТ!”-ээр Орос хахаж ирсэн, түүнд нь хэт итгэсэн, “Орос аугаа”, “Путин аугаа”, “Барууныханд дээрэлхүүлж ханасан, цаг нь болсон, одоо хангалттай” гэж нийгмээ шавдуулсан, хамгийн эмгэнэлтэй нь Оросын ард түмнийг одоо хүртэл хуурсаар байгаа сэдэв болох “Киевт нацистууд, хар тамхичид засгийн эрхэнд байна.

 

Тэдэнд украинчууд дургүй, арай ядан тэвчиж байна. Эхний цохилтоор л тэд унана”, “Унах байсныг Барууныхан зэвсгээр туслаад аргацаав” гэсэн сурталд Оросын нийгэм тэр чигтээ согтчихоод байх шиг харагддаг.

 

Оросын түрэмгийллийг магтдаг монгол троллуудад! Хараал зүхэл их урсгаад байвал Орос ялчихдаг юм биш! Оросын террорист дайныг ялна гэдэгт итгэсэн хүн хэрэв нүдтэй чихтэй бол харж сонсож байгаа. Түүхэн үнэнд гүйцэгдэх цаг ирнэ. Хүнлэг ёсны төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө, газар нутгийнхаа төлөө Украины ард түмний тэмцэл нэгэн цагт ялна. Тэр үед Оросын армийн олон генерал дайны гэмт хэрэгтний ширээнд гавтай сууж байх болно. Одоо Украинд цэрэг командлан байлдаж буй орос офицер болгон бүгд дайны гэмт хэрэгт татагдана. Хэдэн зуу, хэдэн мянгаараа шүү!

 

 

Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)  

скачать dle 12.0