Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

 

Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хугацаа өчигдөр дуусгавар болов.  Сонгуулийн тухай хуульд “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” хэмээн заасны дагуу тавдугаар сарын 14-20-ны өдөр нэр дэвшүүлэх ажиллагаа үргэлжилж, нам, эвслүүд шийдвэрээ гаргалаа.  МАН-ын бага хурал, АН-ын Үндэсний бодлогын хороо,  ХҮН-ын удирдах зөвлөл,  "Үндэсний Эвсэл"-ийн удирдлагуудын хуралдаанаас  тоймлон хүргэж байна.

МАН: Дугаар шилжих мөчид 20:00 цагт МАН-ын удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байв. 2024 оны УИХ-ын сонгуульд 13 тойрогт нэр дэвших 78 нэрс, намын жагсаалтын нэрсийг тодруулж, бага хурлын гишүүдийн олонхийн саналаар нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах намын дүрэмтэй.  Тэр дагуу нэр дэвшилтийн үйл ажиллагаа үргэлжиллээ. МАН-ын тухайд жагсаалтдаа “УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, “муу дүн”-тэй улстөрчдийг оруулахгүй” гэсэн зарчим танилцуулсан. Мөн тойрогт нэр дэвшүүлэхдээ ч “Өмнө нь намын дарга, Ерөнхий сайдаар ажилласан хүмүүс, “муу дүн”-тэй улстөрчид, дээрээс нь авлига албан тушаалын асуудалд холбогдсон гишүүдэд хаалттай” гэчихсэн байгаа.  Түүнчлэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тойрогт жагсаалтад орох биш тойрогт нэр дэвшихээ илэрхийлж байсан билээ.

 

АН: АН-ын Улс төрийн бодлогын зөвлөл хуралдлаа. Үүн дараа ҮБХ хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор батлан нэрсийг зарлав.   Хуралдааны өмнө АН-ын УИХ дахь бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээлэл өгөв. Тэрээр "АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь тойрогт нэр дэвших саналаа илэрхийлж байгаа. Орон зай гаргахын тулд өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс нь хариуцлагатай тойрогт явъя. Ардчилал эмзэг байдалд орлоо, сонгуульд ялахын тулд бид юу ч хамаагүй хийе гэсэн байр суурьтай байна" гэлээ. Харин ҮБХ-ны гишүүн Б.Пүрэвдорж “Манай Ховд аймаг гурван мандаттай.  Одоогийн байдлаар таван горилогч бий. Миний бие, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Үенч сумыг маш сайн хөгжүүлсэн Уртнасан, мөн бизнес эрхлэгч Мөнхцэцэг гэж эмэгтэй горилж байна. Манай намын нэр дээр сайд, дарга хийгээд Ерөнхийлөгч хүртлээ явсан хүн дахин УИХ-ын сонгуульд өрсөлдөж хэрэггүй дээ гэж үздэг хүний нэг би. Ер нь бол манай намын олон хүмүүс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд , сайд хийцгээсэн. Тэр хүмүүсийн төлөө манай намын гишүүд гутлынхаа улыг эргэтэл явцгааж амжилтад хүргэж байсан. Гэтэл тэр хүмүүс “Би гишүүн болно, том албан тушаалтан болно” гээд яваад байгаа. Энэ амбицаасаа татгалзах хэрэгтэй, залуучуудаа гаргах хэрэгтэй. Эрдэм мэдлэгтэй залуу үедээ зай тавьж өгөх хэрэгтэй” гэлээ.

 

ХҮН-ын дарга Т.Доржханд жагсаалтаар нэр дэвшив

 

ХҮН УИХ-ын сонгуульд өрсөлдөх 78 нэр дэвшигчдээ өчигдөр хамгийн түрүүнд зарлав.  Намын дарга Т.Доржхандын хувьд жагсаалтад нэр дэвшихээ мэдэгдлээ.  ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Намын гишүүдээс 220 хүн нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн. Манай нэр дэвшигчдийн дундаж нас 43. Хүйсийн харьцааны хувьд нийт нэр дэвшигчийн 46 хувь нь эмэгтэй, 54 хувь нь эрэгтэй. Мөн нэр дэвшигчдийн тал хувь нь баруунд боловсрол эзэмшсэн байна. Би Хан-Уул дүүргээс  УИХ-д сонгогдсон. Энэ удаа намын даргын хувьд жагсаалтаар нэр дэвшиж, орон нутгаар явж намын гишүүдээ танилцуулна. Намын дарга, цаашлаад Ерөнхий сайд аль нэг тойргийн төлөөлөл бус Монгол Улсын төлөөлөл байх ёстой. Тиймээс бусад намын дарга нар болох Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нар аль нэг тойргийг төлөөлж болохгүй. Яагаад гэвэл би Л.Оюун-Эрдэнэтэй Хэнтий аймгийн төсөв, хөгжлийн асуудлаар мэтгэлцмээргүй байна" гэлээ. 

 

Нэр дэвшигчдийн 30 гаруй хувь нь докторын зэрэгтэй байна

 

“Үндэсний эвсэл”-ийн удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр дэвшигчдээ тодрууллаа.   "Үндэсний эвсэл" нь Монголын улс төрийн улиг болсон намуудыг эрүүлжүүлэх, төрийг намчдаас салгах, улс орныхоо нийгэм, эдийн засагт нийцэх бодлогыг хөгжил, дэвшилд хүргэх зорилготой байгуулагдсан гэдэг.  Мөн С.Данзангийн анх санаачилж байсан “Иргэн баян бол улс баян” гэх үзэл дээр суурилж бодлогоо боловсруулжээ.  Түүнчлэн “Нэг улстөрч мянган мэргэжилтэн” зарчмыг баримтлан 70 орчим нэр дэвшигчийг тодрууллаа.  Нэр дэвшигчдийн 30 гаруй хувь нь докторын зэрэгтэй.  Мөн хууль, эрх зүйн  мэргэжилтэй нэр дэвшигчдийг тойрогт сойж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 101 (7345)

скачать dle 12.0