309-р цэцэрлэг: Хүүхэд зодсон багшийг ажлаас чөлөөлсөн, камерынхаа тоог нэмнэ
Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн багш хүүхдүүдээ зодож байгаа дүрс бичлэг олон нийтэд ил болсон. Тухайн багш одоогоор ажлаасаа чөлөөлөгдөж, шат шатны байгууллагуудаар шалгуулж байгаа аж.
Бид энэ талаар 309 дүгээр цэцэрлэгийн холбогдогдох хүнээс тодруулахад "Бид одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Одоогоор тус багшид ёс зүй зөрчсөн үйлдэл гаргасан тул шат шатны байгууллагад шалгаад явж байгаа. Багшийг ажлаас чөлөөлж, дахин боловсролын байгууллагад ажиллуулахгүй хатуу арга хэмжээ авна. Нийслэлийн боловсролын газар болон цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Манай цэцэрлэг цаашид камерынхаа тоог нэмэхээр хэлэлцсэн" гэлээ.
Харин БШУЯ-ы сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2024.04.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ, "Сургууль, цэцэрлэгт бид Ёс зүйн зөвлөлийг байгуулсан. Өмнө нь энэ зөвлөл байдаггүй байсан. Энэ Ёс зүйн зөвлөлөөр ганцхан энэ багшийн асуудал биш тогтолцооны хувьд өөрчлөх ёстой. Төрийн өмчийн бүх сургуульд сэтгэлзүйч ажиллуулж байна. Цэцэрлэгт ч гэсэн сэтгэлзүйч ажиллуулах шаардлагатай. Ёс зүйн зөвлөл маш сайн ажиллах ёстой. Саяхан хүүхэд зодсон багшийн тухайд гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг. Одоо хуулийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Ер нь манай салбарт ийм ёс зүйгүй багш байж болохгүй" гэсэн юм.