Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор зөвлөлдөж байна

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд “Инээмсэглэл-Эерэг  хандлага” уриан дор зөвлөлдөж байна
"Инээмсэглэл-Эерэг хандлага” 2019 эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнөөдөр "Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг,тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, ДЭМЯ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн  газар зэрэг 50 гаруй байгууллагаас төлөөлж 170 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож  өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлаа тайлагнан алдаа оноогоо хэлэлцэж байна.Тус салбарынхан өнгөрөгч онд "Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриа дэвшүүлж салбарын хэмжээнд 5 зорилт дэвшүүлэн ажилласан бөгөөд үүнд эрүүл мэндийн ажилтныг мэргэжлийн ур чадвар, хариуцлага, хөдөлмөрийн нөхцлийг харгалзан ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлэн, сувилагчийн цалингийн хэмжээг 127.0 мянгаас 183.0 мянган төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдүүлж, цалингийн ангилал зэрэглэлийг 1-2 шатлалаар ахиулан ажиллажээ. 
Мөн өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарынхан гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо бүрэн эмчилдэг болж, 25 хүнд бөөр, 31 хүнд элэг, 7 хүнд ясны чөмөг, 15 хүнд нүдний эвэрлэг, 100 гаруй хүнд арьс нөхөх, шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн ба мөн эрүүл мэндийн ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор улсын төсвийн санхүүжилтээр 163, бусад улсын засгийн газрын санхүүжилтээр 90, нийт 253 ажилтныг гадаад, дотоодод сургалтанд хамруулан ажиллаж бахдам амжилтыг үзүүлсэн байна.
Өнгөрсөн 2018 онд тус салбарынхан эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, "хөнгөлөх хэмжээг” шинэчлэн жор бичих эрх бүхий эмч, эмийн сан, даатгуулагч, даатгалын байгууллагын үйл ажиллагаанд цахим жорын тогтолцоог нэвтрүүлсэн нь дотооддоо шинэлэг үйл явдал болсон бөгөөд мөн үндэсний хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн нас ,эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн хүн амын дунд зонхилон тохиолдох зүрх судас, хавдар, сүрьеэ, БЗДХ-ыг эрт илрүүлэх, урьчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн зохион байгуулж, энэхүү арга хэмжээнд  нийтдээ 52363 хүнийг хамруулжээ.
Түүнчлэн ,”Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэн 13,9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулж, нийт 413 553 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулан, 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээнд хамруулж, нийт  3455 хүнийг вирусийн эсрэг эмчилгээнд оруулан ажилласан байна.
Улмаар 2019 онд эрүүл мэндийн салбарынхан "Инээмсэглэл –Эерэг хандлага” уриа дэвшүүлэн ажиллахаа зарлаад байгаа бөгөөд энэ нь ДЭМБ-аас зөвлөсөн "Хүн төвтэй тусламж үйлчилгээ”-г нэвтрүүлэх зорилготой бүрэн нийцэж байгааг өнөөдрийн зөвлөгөөнөөр онцлон тэмдэглэж байна.
Ингэснээр эрүүл мэндийн салбарынхан тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлэгийн ажилтны ёс зүйг чандлан сахиж "Эмнэлэгийн ажилтан-үйлчлүүлэгч- ар гэр” гэсэн 3 талт харилцааг дээдэлж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж ажиллахыг чухалчлах юм байна.
Мөн тус салбарынхан ирэх 2019-2020 онд хэрэгжүүлэх 8 зорилтыг хамарсан "Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлхээр тогтож байгаагаа зөвлөгөөний үеэр зарласан бөгөөд эдгээрт эмийн чанар, аюулгүй байдалыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх, элэгний Д вирусийн эрт илрүүлэлт, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, зүрх  судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг бууруулах зэрэг багтаж байгаа ажээ.       
     
скачать dle 12.0