Сонгуулийн шоу: Дүүжин тээврийн "шав тавих" ёслолыг хийчихлээ

Сонгуулийн шоу: Дүүжин тээврийн "шав тавих" ёслолыг хийчихлээ

Сонгуулийн шоу: Дүүжин тээврийн "шав тавих" ёслолыг хийчихлээ

 

Нийслэлчүүд 4 жилийн өмнө метротой болж, 3 дахь жилдээ агаарын дүүжин тээврээр зорчих байсан. Эннхүү боломжийг олгоно хэмээн хэдэнтээ л улс төрчид ам гарч дээшээ заларсан гэхэд хилсдэхгүй ээ. Тэгвэл энэ удаад ч дүүжин тээврийг сонгуулийн өмнө амь оруулж сүүлийн саруудад эрчимжтэй ярьсаар шав тавих ёслол хүртэл хийгээд авлаа.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” /UBCABLECAR/-ын бүтээн байгуулалтыг өчигдөр эхлүүллээ.

Дүүжин тээврийн маршрут нь Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбох буюу Яармагийн Арцатаас Нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулах юм. “Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчино.

Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна.

Тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл гэж албаныхан ярив. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэх гэнэ.

Хотын дарга Х.Нямбаатар “Наадамчдын зам буюу Яармагийн замын түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн авто зам, замын байгууламж хийж байгаа. Нийтийн тээвэр хоорондын холбоосыг бий болгохын тулд Яармаг-Хархорин чиглэлд “Улаанбаатар кабель кар”-ын эхний шугамыг байгуулахаар төлөвлөсөн. Хоёр дахь шугамын маршрутыг энэ долоо хоногт эцэслэнэ. Иргэн, аж ахуйн нэгжүүд “Улаанбаатар кабель кар”-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, хамтран ажиллаж, газраа чөлөөлсөн” хэмээн ярилаа.

Ийнхүү 9 жил яригдаж нэлээдгүй төсөв мөнгийг салхинд хийсгэсэн дүүжин тээвэр ямартай ч амьдрал дээр хэрэгжихээр эхлэл нь тавигдав бололтой. Сонгуулийн дараа л битгий л бас мартчихаасай билээ. Улс төрчдөд нэг гэм биш зан бий. Улс төрд гарахаар улайрахдаа юу ч хамаагүй амлачихдаг. Тэгээд дараа нь түүнийгээ эсэргүүцсэн нэгэн рүүгээ бурууг чихэж нэр цэвэр гарчихдаг талтай гэдгийг өдгөө хэн хүнгүй мэдэх болсон.

скачать dle 12.0