“ТОРГОНЫ ЗАМ” АВТО РАЛЛИГИЙН УРАЛДААНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАХЫГ САНУУЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааныг зохион байгуулах ОХУ болон Монголын талын ажлын хэсгийн уулзалтад оролцлоо.
2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Торгоны зам” авто раллигийн уралдаан энэ жил Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд зохиогдохоор болсон юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга ажлын хэсгийн уулзалтын эхэнд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааны танилцуулга, зохион байгуулалтын талаар сонсож, дараа нь ажлын хэсгийнхэнтэй санал солилцсон юм.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга авто раллигийн уралдааны аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах ёстойг сануулж, “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаанд зохих хэмжээнд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ.
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааны зохион байгуулалт, төлөвлөгөөний талаар ОХУ-ын ажлын хэсгийнхэнтэй дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.
“Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд 10 шаттай, 5000 км зам туулах урттайгаар эхлэх бөгөөд Монголын газар нутгаар долдугаар сарын 7-13-ны хооронд өнгөрч, 3-7 шатны уралдаан нь болох юм.