Ломбардууд хулгайг өөгшүүлж, хуулиас гадуур хаанчилсаар байна
Барьцаалан зээлдүүлэгчид бараг л талхны дэлгүүр шиг болчихлоо. Тэндээс өдөр тутмынхаа “талх”-ны мөнгөө авах гэсэн хүмүүсийн хэрэгцээ, шаардлага ч их. Тэр дундаа эдийн засгийн хямрал барьцаалан зээлдүүлэгчдэд улам том “хаалга” нээж, нэг ёсондоо хямралаар далимдуулсан хаанчлалыг нь өөгшүүлсээр байгаа нь өнөөгийн амьдралын бодит үнэн. Угаас богино хугацаанд, явдал чирэгдэлгүй гэсэн онцлог дээрээ дөрөөлсөн барьцаалан зээлдүүлэгчид хуулиас гадуур дургисаар ирсэн. Тэдний үйл ажиллагааг зохицуулж, луйврын аргыг нь цэгцэлдэг дорвитой хууль журам, загвар гэрээ ч манайд алга. Энэ асуудлыг ёс юм шиг жил бүр хөнддөг. Зарим нэг Их хурлын гишүүд хууль санаачилж харагддаг ч одоогоор үр дүнд хүрсэн, дэмжигдэж батлагдахгүйгээр өнөөг хүрч байгаа юм.
Гэтэл улс орон, улс төртэй дүйхүйц “том” асуудал гэж тоохгүй дураар нь дургиулснаас болж монголчууд хэдэн зуун мянгаараа ломбарданд зөвхөн эд зүйлсээ биш эрх зөрчүүлж, хөдөлмөрөө мөлжүүлсээр байна. Сая төгрөгийн үнэтэй алт, мөнгөө тал хувиар нь ч үнэлүүлж чадахгүй аманд нь багтаад зогсохгүй “амьдрал”-аа бүхлээр нь барьцаалж, хөдөлмөрөө мөлжүүлж байна. Мөн үйлчилгээний газрын булан,тохой, хонгил, баар цэнгээний газарт үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдэгчдэд эд хөрөнгөө итгээд даатгахад бэрх.
Хүний эрхийн үндэсний комисс, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 53 мянган барьцаалан зээлдүүлэх газрын 33-т нь хяналт тавихад ноцтой зөрчлүүд илэрчээ. Нийслэлд үйлчилгээ эрхэлж буй 532 аж ахуйн нэгжийн 50 нь зөвшөөрөлгүй, 61 нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй байжээ.
Монгол Улсын MNS:5274-2003 стандартад зааснаар “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэдэг нь харилцагчид хоорондоо тохиролцсон тодорхой хугацааны гэрээний үндсэн дээр зээлдэгч нь хөдлөх хөрөнгөө үнэлэн барьцаанд тавьж, зээлдүүлэгч нь бэлэн мөнгө зээлдүүлэх үйлчилгээг хэлнэ” гэжээ. Гэтэл шалгалтад хамрагдсан ихэнх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газар гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хуульд зааснаас илүү хувиар алданги, торгууль тооцдог учир үндсэн зээлээс гадна өндөр хүү, алданги, торгуулийг буцаан төлж чадахгүйгээс иргэд эд зүйлээ барьцаалан зээлдэх газарт алдаж хохирч байгаа нь илэрсэн байна.
Иргэний хуульд “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно” гэж заасан боловч бодит байдалд зээлийн хүүг харилцан тохиролцдоггүй.Зөвхөн барьцаалан зээлдүүлэх газрын үзэмжээр тогтоосон нь шударга бусаар ашиг олох боломж олгодог гэж үзсэн байна.
Түүнчлэн барьцаалан зээлдүүлэх газрын олон ажилтан санхүү, зээлийн мэдлэг ойлголтгүй, үнэлгээ хийх сургалтад хамруулаагүйгээс барьцааны эд зүйлийг үнэн зөв, бодитой үнэлж чаддаггүй.
Барьцаалан зээлдүүлэгчид хулгайн эд барааг голдуу авдаг нь цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдсэн байдаг. Цагдаагийн байгууллагаас хийсэн хулгайлах гэмт хэргийн талаарх судалгаагаар хулгайд алдагдсан эд зүйлсийн 29 хувь нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газраар дамжин худалдан борлуулагдсаныг тогтоосон байдаг. Өчигдөрхан НЦГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 24 удаагийн үйлдэлтэй хулгайн бүлэглэлийг илрүүлэхэд эд зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газруудад тавьдаг нь тогтоогдсон байдаг. Энэ мэтээр ломбардууд хулгайг өөгшүүлж, хууль журмыг давж хүний эд хөрөнгийг дур зоргоороо захиран зарцуулсаар байна.
Иргэний хуульд “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлагаар худалдаж, үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно. Өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй” гэж заасан ч эзэнд нь мэдэгдэхгүйгээр борлуулаад зогсохгүй, зөрүү мөнгийг олгодоггүй нь тогтоогдсон байна.
Бас нэг ноцтой зөрчил нь автомашин барьцаалж зээл олгохдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа зээл олгож байгаа нь иргэдийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Үүнээс гадна барьцаалан зээлдүүлэх газрын нэр дээр тухайн автомашиныг шилжүүлэхэд гарах бүх зардлыг зээлдэгч төлдөг нь хууль зөрчиж байгаа аж.
Баримт, жишээ
ШӨХТГ-т 2014 онд барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын 64 хувийг барьцааны эд зүйлийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлдэг, зээлийн хүү, алданги өндөр, зээлдэгчид мэдэгдэлгүйгээр барьцааны эд зүйлийг худалдан борлуулсан гомдол эзэлжээ.
-Иргэн Г нь нэр бүхий автомашин барьцаалан зээлдүүлэх газарт автомашинаа барьцаалж зээл авсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр шилжүүлж, зээлсэн мөнгөө төлж дуусгаад буцаан нэр дээрээ шилжүүлэн авах гэтэл “Эгч чинь манайд машинаа барьцаалж авсан зээлээ хугацаандаа төлөөгүй учраас машиныг эгчийн чинь зээлийн барьцаанд авсан” гэсэн.
(ШӨХТГ-т ирсэн гомдол)
-13 сая төгрөгийн үнэ бүхий ачааны портер машинаа барьцаалан таван сая төгрөгийг нэг сарын хугацаатай зээлж авсан. Хөдөө ажиллаж байх үед гэрээний хугацаа дууссан тул утсаар холбогдож, зээлийн хүү, алдангийг дансны дугаараар шилжүүлье гэхэд “Манайх дансаар гүйлгээ хийдэггүй” гээд хугацааг сунгаагүй. Тэгээд Улаанбаатарт ирсэн даруй машинаа авахаар очиход зарчихсан байсан. Машин зарсан мөнгөнөөс төлөх ёстой үндсэн зээл, хүү, алданги суутган үлдэгдэл мөнгийг надад өгөөгүй.
(ШӨХТГ-т өгсөн гомдол)
– “Миний өмчлөлийн автомашины гэрчилгээг танил маань барьцаалан зээлдүүлэх газарт тавьж, 1.5 сая төгрөгийг сарын хугацаатай зээлж авсан байсан. Үүнийг би барьцаалан зээлдүүлэх газраас “Зээлийн хугацаа чинь дууссан тул төлбөрөө төл” гэж над руу утсаар ярих үед мэдсэн. Тухайн барьцаалан зээлдүүлэх газар автомашины эзэмшигч нь мөн эсэхийг шалгахгүйгээр ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг барьцаалж хууль бусаар зээл олгосон байх тул шалгаж өгнө үү.
ШӨХТГ-т ирсэн гомдол
-Барьцаат зээлийн гэрээний хугацаа дуусч хэтэрсэн тохиолдолд энэ талаар зээлдэгчид заавал мэдэгдэх шаардлагагүй. Тухайн барьцааны эд зүйлийг зах зээлийн үнэлгээгээр жингээс нь хамааруулж алт, мөнгөний ченжүүдэд худалдан борлуулдаг. Алт, мөнгөний ченжүүд өөрсдөө ирж авдаг. Зарим тохиолдолд барьцаалан зээлдүүлэх газартаа зар тавьж худалдан борлуулдаг. Худалдан борлуулсан үнээс зээлдэгчийн зээлсэн мөнгө, хүү, алдангийг тооцож хохирлоо барагдуулсны дараа үлдсэн мөнгийг зээлдэгчид буцааж өгдөггүй түүнийг өөрсдийн ашиг болгодог.
(Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрын захирал Ц, Б нартай хийсэн ярилцлагаас)
С.УЯНГА, Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин