Францад цагаачлалын тухай хуулийг эсэргүүцсэн жагсаалууд болжээ
Францад цагаачлалын тухай шинэ хуулийг эсэргүүцсэн жагсаалд хэдэн арван мянган хүн оролцсон тухай Le Monde сонин ням гарагт мэдээлжээ. Тус улсын Дотоод хэргийн яам жагсаалд 75 000 хүн оролцсон гэж мэдээлсэн бол зохион байгуулагчдынх нь мэдэгдсэнээр 150 000 хүн жагсжээ. Franceinfo сувгаар мэдээлснээр, Парис, Лилль, Канн, Лион болон бусад хотод эсэргүүцлийн ажиллагаанууд болсон байна. Францын нийслэлд Эйфелийн цамхгийн ойролцоо 16 мянган хүн цугласан бол Лилль, Канн, Лион, Бордо, Мец хотуудад болсон жагсаалд 2000 орчим хүн оролцжээ. Тулуз хотод 3-4 мянган хүн жагссан байна.
Уг хуулийн төслийг Францын парламент хоёр дахь хэлэлцүүлгээр баталжээ. Маргаан дагуулсаар буй цагаачлалын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч Эммануэл Макрон өргөн барьсан бөгөөд Францын Үндэсний ассамблей (парламентын доод танхим) өнгөрсөн 12 дугаар сард баталсан юм. Уг хуулийн төсөлд хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагааг хялбарчлах, цагаачлалын квот тогтоох заалтуудыг тусгасан байна. Мөн цагаачдад нийгмийн зарим тэтгэмжийг олгох нөхцөлийг чангатгажээ. Тодруулбал, Европын Холбооны гишүүн бус улс орнуудаас ирсэн ажилгүй цагаачдын хувьд Францад 5 жил оршин суусны дараа тэтгэмж авах эрх үүснэ. Түүнчлэн Францын хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудын эсрэг гэмт хэрэг үйлдсэн давхар иргэншилтэй хүмүүсийг Францын иргэншлээс хасах аж.
Энэ нь хэт барууны үзэл, түүнчлэн арьсны өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхах явдал газар авахад хүргэнэ гэж хуулийг эсэргүүцэгчид үзэж байна. Хэд хоногийн өмнө парламент уг төслийг буцаажээ. Төслийн анхны хувилбар нь цагаачдыг нийгэмд дасан зохицоход туслах, мөн Францад хууль бусаар ирсэн хүмүүсийг албадан гаргах ажлыг хялбарчлах зорилготой байв. Гэвч Сенатад цөөнх болдог Макроныг дэмжигчид ихэнх заалтыг нь чангатгажээ. Уг хууль Үндсэн хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлтээ Францын Үндсэн хуулийн цэц нэгдүгээр сарын 25-нд танилцуулах төлөвтэй байна.