Шаардлагатай тохиолдолд эрчим хүчний хэрэглээг 1-2 цаг хязгаарлах зургаан багц гаргажээ
Эрчим хүчний зохицуулалт, нөөц боломжийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулав.
-Нийслэлийн хэмжээнд сүүлийн үед оройн цагаар цахилгаан эрчим хүчийг хэсэгчлэн таслах болсон. Энэ нь зохицуулалттай холбоотой юу?
-Хоёр хоногийн өмнө оргил ачааллын цагаар төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 1,618 МВт болсон. Тэр үед хэрэглэгчдийн дунд тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн. Энэ нь манай хэрэглээ хэт өсөж байгаагаас шалтгаалж байгаа. Нөгөө талаас цаг агаар хэт хүйтэрч байгаагаас системд гэмтэл гарах тохиолдол байдаг.
-ОХУ нийлүүлэлтээ хасаж танасан уу, хэвээр үргэлжилж байгаа юу?
-ОХУ нийлүүлэх хэмжээгээрээ буюу 345 МВт-аа нийлүүлж байгаа. Гэхдээ тэгээд ч хүрэлцэхгүй байна. -30 градусаас дээш хүйтрэх үед салхин цахилгаан станцын нийлүүлэх хэмжээ нь багасдаг. Салхин цахилгаан станц оргил ачааллын үед хэр оролцоотой байхаас шалтгаалаад хязгаарлагдах эсэх нь яригдах тул урьдчилан таамаглах боломжгүй.
-Хэрэв цахилгаан хязгаарлах шаардлага тулгарвал хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Хэрэглэгчдийг ангилан зургаан багц гаргасан. Нэг эсвэл хоёр долоо хоногт нэг удаа хязгаарлана. Ингэхдээ тэнцвэртэй хуваарилж, аль болох хүндрэл, хөлдөлт үүсгэхгүй байхад анхаарна. Хязгаарлалт 1-2 цаг, ихдээ гурван цагаас хэтрүүлэхгүй байхаар тооцно.
-Цахилгаан эрчим хүчний үнийг нэмэх эсэх талаар ойрын үед ямар нэгэн шийдвэр гаргах уу?
-Үнийг 2022 оны төгсгөлд нэг удаа нэмсэн. 2023 онд нэмэх талаар ярьж байгаа боловч инфляц буурахгүй, иргэдийн орлого тогтворжихгүй байгаа тул эдийн засгийн нөхцөл байдал дээрдэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого өсвөл үнийг нэмэхээс өөр аргагүй. Энэ бүх хүндрэлийн том шалтгаан нь үнийг чөлөөлж чадаагүйтэй холбоотой. Бид нэг кВт цахилгааныг багадаа есөн центээр нийлүүлж байж тогтвортой байдал хангагдана.
М.ЗУЛ
Эх сурвалж: Өглөөний сонин