Монгол Улс Гэр бүл, хүүхдийн шүүхтэй болно

Монгол Улс Гэр бүл, хүүхдийн шүүхтэй болно

Монгол Улс Гэр бүл, хүүхдийн шүүхтэй болно

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.22/ боллоо. Хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нар мэдээлэл хийв.  Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Монгол Улсын шүүхийг тойргийн журмаар байгуулж болно гэж Үндсэн хуульд заасан. Шүүх байгуулах тухай хуулийг 2021 онд батлагдсан Шүүхийн тухай хуульд зааснаар ШЕЗ, Дээд шүүхтэй зөвшилцсөн саналыг үндэслэж, Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлнэ гэдэг заалт орсон. Өөрөөр хэлбэл, шүүх байгуулах асуудлыг Засгийн газар өөрийн таалал, дураар шийдэхгүй. Шүүх эрх мэдэл бол бие даасан, хараат бус гуравдахь засаглал. Тэр утгаараа ШЕЗ-ийн санал, гэхдээ Дээд шүүхтэй зөвшилцсөн тэрхүү саналын хүрээнд хэлэлцэнэ. Өнөөдрийн байдлаар 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа шүүх тогтолцоонд өөрчлөлт орно. Хөдөө орон нутагт байгаа анхан шатны эрүү, иргэний шүүхийг нэгтгэж, нэг шүүх болгоно. Тэр шүүх нь дотроо эрүүгийн хэргийн танхимтай, иргэний хэргийн танхимтай байна. Ингэснээр анхан шатны шүүхэд байгаа хоёр Ерөнхий шүүгчийн орон тоо нэг болно. Нэг байранд үйл ажиллагаа явуулж байгаа хоёр тамгын даргатай шүүх нэг тамгын даргатай болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, орон нутагт ажиллаж байгаа дарга шүүгч, тамгын дарга нарын орон тоог багасгаж байна. Хоёрт, тойргийн Давж заалдах шатны шүүхүүдийн хүрээнд Дархан-Уул аймаг, Орхон аймагт байгаа шүүхүүдийг энэ зарчмаар нэгтгэж, нэг шүүх болгоно. Олон удаа яригдаж байсан Давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулах асуудлыг хөндөхгүй" гэлээ. 

Түүнчлэн "Гэр бүл, хүүхдийн шүүхийг Монгол Улсад анх удаа байгуулна. Улаанбаатар хотод гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан анхан болон давж заалдах шатны шүүхийг шинээр байгуулна. Энэ шүүхийг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа явуулах саналыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд хоёр жилийн хугацаанд байр, шүүгч нар, шүүгчийн туслах гэсэн нарийн мэргэшсэн бэлтгэж ажилд нь оруулах болно" гэх мэдээллийг өглөө. 

скачать dle 12.0