“...Авлигын бүх том хэргийн “чих”-ийг шүүхэд атгуулсан” гэж АТГ мэдэгдлээ

Уг мэдээллийг өгсөн АТГ-ын ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгийн хэлснээс “...Нүүрсний гэх тодотголтой хэргийн 85 хувьтай шүүх рүү шилжсэн” гэдэг нь анхаарал татав. Тэрбээр “...Олон нийтэд ил болсон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэрэг шүүх рүү шилжсэн. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан. Хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явагдаж байна. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэрэг одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд байна” гэсэн юм. Мөн л нүүрсний хэрэг, бусад том хэргүүдтэй холбоотойгоор оргон зайлсан “шувуу”-нуудын талаар “...Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд гадаад улс руу оргон зайлсан сэжигтэн, яллагчдагч 34 иргэн байсан. “Шувуу” ажиллагааны хүрээнд Унгар, Серби, Польш, Австрали, Филиппин, Турк улсаас тус бүр нэг нэг, Хятадаас хоёр, нийт 12 “шувуу”-г Монголд авчирсан. Үлдсэн 19 этгээдийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох, эрх зүйн харилцан туслалцаа хүсэн ажиллаж байна" гэлээ. Бас дуулиант “ногоон автбоус”-ны тухайд “...УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналыг мөрдөгчөөс прокурорт хүргүүлсэн. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн үндэслэлээр буруутгаж байна. Хотын дарга асан Д.Сумъяабазарыг яллагдагчаар татах санал гаргаагүй” гэлээ. АТГ-ын хувьд лав л өнгөрсөн оны сүүлчээс эхлээд “үйлчлүүлэгч” олонтой л өнжих шиг боллоо. Үнэхээр ч зарим хүний хэлдгээр авлигачдыг “хяргасан” гэхэд болно доо. Учир нь нүүрсний хулгай, “ногоон автобус” гээд нийгмийн анхаарал, нийтийн шахалттай олон том хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Дийлэнхийг нь, ер нь бараг бүгдийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт “өгсөн” байна. Тиймээс АТГ энэхүү мэдээллээрээ “...Авлигын бүх том хэргийн “чих”-ийг шүүхэд атгуулсан” гэсэн “мэдэгдэл”-ийг хийлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин