УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга зарим дүүргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга зарим дүүргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

 
       УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2023.10.18) Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүн Д.Зүмбэрэллхам, Л.Энхбилэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү нар шүүхийн нөхцөл байдлыг танилцуулсан юм.
 

 
       Монгол Улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны 116 шүүх (41 шүүхийн тамгын газар) 43 барилгад үйл ажиллагаа явуулж байгаагаас 5 нь түрээсийн байранд 2 нь орон нутгийн өмчийн байранд 4 нь прокурорын байгууллагатай хамт нэг байранд, 4 нь бусад шүүхийн байранд нэг дор үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 28 нь өөрийн боловч стандартын шаардлага хангахгүй байранд үйл ажиллагаа явуулж байгаа юм.
 

 
       Хууль зүйн байнгын хорооны даргын танилцсан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь нийт 3 байранд үйл ажиллагаа явуулж байгаагаас 2 нь түрээсийн байр. Улсын төсөвт хөрөнгө оруулалтын зардал батлагддаггүйгээс шүүхийн онцлогт тохирохгүй, хэргийн оролцогчийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байранд өндөр түрээс төлж үйл ажиллагаа явуулдаг талаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү танилцуулгадаа дурдсан. Тухайлбал 320 м.кв талбай бүхий 7 өрөөг 2017 оноос түрээсэлж байгаа бөгөөд түрээсийн зардалд 2024 онд 153,6  сая төгрөг төлөх юм байна. Түүнчлэн зориулалтын байргүйгээс шүүх хуралдааны танхим шаардлага хангадаггүй зэрэг олон асуудал байдаг талаар танилцуулсан. Тиймээс  шүүхийн зориулалтын байр барих хөрөнгө оруулалтын зардлыг төсөвт тусган батлах,  шүүгч, шүүхийн захиргааны ажилтны цалин хөлс, орон тоо, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай зардлыг шийдвэрлэх, шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийг бүрдүүлэхэд хуулиудын уялдааг хангах зэрэг саналуудыг дэвшүүлж байлаа.  Шүүхийн байрны асуудлыг хуульд тусгахдаа, Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана“, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт “Шүүх өөрийн байртай байх бөгөөд шүүх, шүүхийн захиргааны байгууллагын байр төрийн хамгаалалтад байна” 5.10 дахь хэсэгт “Шүүхийн байранд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээс өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг ч хэрэгжиж чадахгүй байгаа нөхцөл байдалтай Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ийнхүү танилцав.
 
  
 
       Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд нь нийт 300 орчим мянган хүн амтай. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд нийт 22 шүүгч, 27 туслах, 17 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажиллаж, 300 мянган хүнд шүүхийн үйлчилгээг үзүүлж байгаа юм. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч 2022 онд 727 нэхэмжлэл, Чингэлтэйн нэг шүүгчид 747 нэхэмжлэл тус тус ногдож байгаа бөгөөд шүүгчийн зохист ачааллын дундаж хэмжээнээс 65-77 хувиар хэтэрсэн ачаалалтай ажилладаг.
       Тус шүүхүүд нь нийт 12 шүүх хуралдааны танхимтай. Зоорийн давхарт, нарны гэрэлгүй харанхуй өрөөнд шүүх хурал явуулж байгаагаас хэргийн оролцогчид шүүх хуралдааны дундуур ухаан алдаж унах, агааргүйдэх, хэргийн оролцогчид багталцахгүйгээс заримыг нь шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй болдог зэрэг хүний эрхийн зөрчил ч үүсдэг талаар шүүгчид хэлж байлаа.
 

 
       Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэлэхдээ, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тухайд 20 гаруй шүүгч 280-гаруй мянган иргэнд үйлчилгээ үзүүлж байна. Нэг шүүгч өдөрт 1-2 хэрэг шийдэж, 3-4 нэхэмжлэл хүлээн авч байна гэдэг нь тухайн шүүгчийг хэрэгтэйгээ танилцах  бодит боломжийг олгож чадахгүй байна. Ажиллах нөхцөлийг төр хангаж өгөх ёстой гэв. Мөн тэрээр хүмүүсийн хувь заяа зооринд шийдэгдэж байна. Зай талбайгүй учраас коридорт шүүхийн хуралдааны танхимыг байгуулсан байна.Тиймээс шүүхийн төсөв дээр онцгой анхаарах шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
 
 
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0