“Шүүр” ажиллагаа “шүүрэн шанага” болсны нэгэн жишээ Б.Гасрандорж
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 5Ш ажиллагааны нэгээр зарлагдсан "шүүр” ажиллагаа хангалтгүй хэрэгжиж байгаа асуудлыг хэвлэлүүд олон баримтаар дурдаж гаргасаар байна. Үүний нэг жишээ бол Засаг даргаар анх томилогдсон цагаасаа "чих халууцуулсан” Б.Гасрандорж. Түүнийг "шүүр”-дэх үндэслэл нь шүүхийн шийдвэр. Тэрээр 2019 оны долдугаар сарын 18-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн хооронд Б.Ц-аас 2 өрөө байрны төлбөр гэж 40 сая төгрөгийг залилсан хэрэгт холбогдсон байдаг. Ингэхдээ бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлж, хүний итгэл дээр дөрөөлөн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилжээ.
Уг хэргийг анхан шатны шүүхээр 2023 оны гуравдугаар сарын 07-ны өдөр хэлэлцээд Б.Гасрандоржид 1 сая төгрөгийн торгох ял оноож, хэрэв оноосон хугацаанд торгуулиа төлөхгүй бол хорих ялаар солихоор шийдвэрлэсэн. Үүний дараа давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин үүнд прокуророос эсэргүүцэл бичсэнийг хяналтын шатны шүүх 2023 оны наймдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн юм. Товчхондоо, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасныг тэмдэглэн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзжээ. Тэгэхээр Б.Гасрандорж залилангийн гэмт хэргээр ял авсан нь үүгээр нотлогдож байгаа юм.
Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйл заалт Б.Гасрандоржид үйлчлэхгүй байгаа нь Л.Оюун-Эрдэнэ сайдын 5Ш ажиллагааны нэг нь "шүүрэн шанага” болсныг харуулж байна.
Уг нь шүүр ажиллагааны зорилго нь төрийн албанд хууль хэрэгжиж байна уу, үгүй юу, сайд, дарга нарын ашиг сонирхлын зөрчил бүхий авлигын томилгоонуудыг илрүүлэн цэгцлэх явдал гэж тодорхойлсон. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сараас албан тушаалтнуудыг сүр дуулиантайгаар шүүрдэж эхэлсэн боловч аажимдаа төдийлөн зорилгодоо бүрэн нийцэж ажиллаж байгаа эсэх нь эргэлзээ дагуулах болов. Ерөнхий сайдын "шүүр”-ийг Д.Амарбаясгалан тэргүүтэй ажлын хэсгийнхэн шүүрэн шанагаар сольчихов уу гэж хар авах цөөнгүй жишээ бий.
Түүний нэг болох Б.Гасрандорж нь тэр шанаганы цоорхойгоор л үлдээд байх шиг. Тэрээр 2020 оны сонгуулиар аймгийн ИТХ-д нэр дэвшээд сонгогдож чадаагүй ч намын дэмжлэгээр Засаг ноён болсон гэдэг.
Түүнчлэн төрийн албанд гурван жил ажиллаагүй нь хуулийн шаардлага хангаагүй ч аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хууль зөрчин байж Б.Гасрандоржийг Засаг даргаар томилсон нь тэднийг ашиг сонирхол нэг, эсвэл арыг нь даах том "гар”-тай гэсэн хардлагыг төрүүлдэг байна.
Тэгвэл Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандоржид хууль үйлчлэхгүй, шүүхээс ял сонссон ч өнөөдрийг хүртэл зөөлөн сэнтийдээ сандайлах боломжийг олгож тэр өндрөөс крандсан эрхэм хэн бэ? "Шүүр”-чид шударгаар тэднийг илчлэн хариуцлага тооцож чадах уу? Чадахгүй бол энэ засагт иргэд ямар дүн тавих нь эргэлзээгүй.
Эх сурвалж: scandal.mn